Өнгөрсөн гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын Засгийн газраас татварын багц хуулийнд нэмэлт өөрчлөлт хийх санаачлагыг УИХ-д өргөн барьж батлуулсан. Мөн тендрийн тухай хууль буюу төрийн болон орон нутгийн өмчийн компаниар бараа үйлчилгээг худалдан авах тухай хуулийг батлуулсан. Тус хоёр хуулийн шинэчлэлтэй холбогдуулан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Татварын хуулийг шинэчлэх ямар шаардлага байсан бэ гэхээр 2006 оноос хойш эдийн засаг, бизнесийн харилцаа өргөжсөн. Мөн даяарчлагдсан нарийн түвэгтэй харилцаанууд бий болсон. Үүнийгээ дагаар манай татварын тухай хууль мөн ялгаагүй улам нарийн, тодорхой болох ёстой. Тийм учраас бид тус өөрчлөлтийг хийсэн.
Хоёрдугаар үндэслэл нь сүүлийн жилүүдэд Монгол Улсад үндэстэн дамнасан корпорациуд үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үндэстэн дамнасан корпорациуд нь олон орныг дамжин компаниудтайгаа гэрээ хийдэг. Иймд тэдгээр нь Монгол Улсад бага татвар төлөх хандлага бүхий асуудлууд үүсдэг учраас бид энэ харилцааг зохицуулахаар тодорхой хэдэн заалтууд нэмсэн.
Энэ заалтуудад татварын суурийг багасгах, олон улсын байгууллагуудын үндсэн аргачлалуудыг оруулж өгсөн.
- Жилийн 50 сая хүртэлх төгрөгийн орлоготой иргэн, ААН жилд нэг удаа тайлан гаргаж, ашгийнхаа 1 хувьтай тэнцэх хэмжээний татвар төлөх боломжийг бий болгосон.
- Жилийн 300 сая хүртэлх төгрөгийн орлогтой бол жилд хоёр удаа орлогоо тайлагнаж, мөн 1 хувийн татвар төлнө.
- 300 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлаглаж, 10 хувийн татвар төлж, 90 хувийг нь буцааж авна" гэлээ.