Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2019.03.22) хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11, Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир нарын гурван гишүүнээс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.
Хуулийн төсөлтэй холбогдуулан санал гаргах гишүүн байгаагүй тул УИХ-ын чуулганы хуралдаанаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед өгсөн чиглэлийн дагуу боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т "нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн" гэсний дагуу санал хураалт явуулсан. Тухайлбал, Ажлын хэсгээс хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт “гэрээ байгуулах баталгаажуулах” гэснийг "гэрээ байгуулах, хариуцлагатай оролцоог баталгаажуулах” гэж өөрчлөх, хуулийн төслийн 20 дугаар зүйлийн 22.7 “тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн” гэж өөрчлөхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар тус тус дэмжив.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Дараа нь Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын зургаан гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон холбогдох албан тушаалтнууд оролцов. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс нэгдсэн хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.3-т заасныг үндэслэн хуулийн санал хураалт явуулсан.
Тухайлбал, нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт дэмжигдээгүй “төслийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийн “тэрхүү нөхцөл байдлаас бий болсон бодит зардал, хохирол, алдагдалтай тэнцэх хэмжээгээр хязгаарлан”, гэснийг хасаж, 52.9 дэх хэсгийн “татвар төлөгчид” гэсний дараа “ажлын 10 өдрийн дотор” гэж нэмж, үүнтэй уялдуулан 62 дугаар зүйлд “62.8.Өртэй татвар төлөгч татварын өрөө бүрэн барагдуулсан, эсхүл энэ хуулийн 52 дугаар зүйлд заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдэлсэн тохиолдолд татварын алба хөрөнгийг битүүмжлэх актыг хүчингүй болгоно” гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжсэн. Мөн “татварын тухай хууль тогтоомж хэрэгжүүлэх зөвлөмж”-ийн талаар 80 дугаар зүйл нэмсэнтэй холбогдуулан төслийн 40.13, 41.9 дэх хэсгийг хасч 80 дугаар зүйлтэй нийцүүлэх” саналыг гишүүдийн олонх дэмжив.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, “Ажлын хэсэг дээр ярилцаад төслийн 7 дугаар зүйлд татварын нэр төрлийг тусгасан нэгдсэн саналаас “7.2.15.малын тоо толгойн албан татвар” гэснийг хэвээр үлдээхээр болсон. Иймд Ажлын хэсгийн саналыг татсан” гэдгийг мэдэгдсэн.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу Ажлын хэсгээс өөрчлөн боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан. Тухайлбал, хуулийн төслийн 22 дугаар зүйлд 22.5.1“аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 500 км-ээс хол байршилтай тухайн аймаг, суманд байнгын үйл ажиллагаа явуулдаг, тухайн орон нутагт хуулийн этгээдийн ерөнхий захиргаа нь бүртгэлтэй, орон нутгийн төсөвтэй харьцдаг, гурваас доошгүй ажлын байр бий болгож (нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр баталгаажсан) байгаа энэ хуулийн 5.3.1-д заасан албан татвар төлөгчийн тухайн аймаг, сумын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас олсон энэ хуулийн 7.4.1-д заасан татвар ноогдох орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл (Улаанбаатар) хотоос 500 км-ээс хол байршилтай аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол байршилтай аймаг, суманд 90 хувиар” гэж өөрчлөх, хуулийн дотоод зүйл, заалтыг уялдааг хангах зорилгоор төслөөс 14 дүгээр зүйлийн 14.5 дахь саналыг хасах санал дэмжигдсэнтэй холбогдуулан төслийн 14.8 дахь хэсгийг хасахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.
Ингээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.
Хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 29, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг нарын гишүүдээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Х.Болорчулуун нараас төслийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсгийг “нийслэл (Улаанбаатар) хотоос 500 км-ээс хол байршилтай аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн энэ хуульд заасан эцсийн хугацаанд тайлагнаж төлсөн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Ингээд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтлоо