Монголоос “Монголиан эйрлайнс” гэсэн ижил нэртэй хоёр компанийн онгоц Хонконг руу нисэж байсныг мартаагүй болов уу. Хонконгийн олон улсын нисэх буудлынхан ижил нэрэнд нь төөрөлдсөн гэх дэл сул яриа ч бий. Байгуулагдаад нэг жил болсон, хувийн хэвшлийн “Монголиан эйрлайнс” компанийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2013 онд үйлчлүүлэгчдийг төөрөгдүүлсэн гэсэн үндэслэлээр нэрээ солихыг шаардсан юм. Монголын томоохон холдингуудын хөрөнгө оруулалттай “Монголиан эйрлайнс” компани ийн “Хүннү эйр” болж хувирсан түүхтэй. Тэр жил Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогыг УИХ баталсан. Уг бодлогод МИАТ компанид үндэсний агаарын тээвэрлэгч статус олгосон юм. Ингэж МИАТ дэлхийд “Mongolian airlines” гэсэн нэрийг дангаар эзэмших дархан эрхтэй болсон. Үндэсний агаарын тээвэрлэгч статусын гол онцлог нь татвар, хөрөнгө оруулалт, үйл ажиллагаа гээд бүхий л талаар төрөөс дэмжлэг авах боломжтой байдагт оршдог. Товчхондоо, МИАТ компанийг төр бусдаас илүүд үзэж, хайрлан халамжилна гэсэн үг.
Гэхдээ ингэж чадаж байна уу гэсэн асуултад хариулт хайх учиртай. АНУ-ын “Боинг” компаниас 2011 онд МИАТ гурван онгоц худалдаж авах гэрээ хийсэн. Ингээд эхний “Боинг 767 300” онгоцыг 2013 онд 121 сая ам.доллароор худалдан авсан. Эл онгоцыг төр хөрөнгө оруулж авч өгөөгүй, зээлийн төлбөрийг МИАТ нуруундаа үүрдэг. Салбарын мэргэжилтнүүд зах зээлээс 60-70 сая ам.доллароор “олох” боломжтой онгоцыг өндөр үнээр худалдан авсан гэж шүүмжилдэг. Улс төрийн шийдлээр өндөр үнэтэй онгоц худалдан авахыг үүрэгдээд, нуруунд нь томдсон тах шиг ачаа үүрүүлэхийг дэмжлэг гэх үү, хорлол гэх үү. “Онгоц худалдаж авсан нь МИАТ компанид санхүүгийн маш том дарамт болж байна” гэж удирдлага нь тоть мэт давтан ярьсаар байгаа. Дараагийн хоёр онгоцны төлбөрийг хийх санхүүгийн боломж МИАТ-т байхгүй. Ингээд “Боинг”-оос онгоц худалдаж авахаа больж, түрээслэхээр болсон. Худалдан авах гэрээгээ цуцалсны “зэмлэл” болгож, чамгүй өндөр үнээр түрээслэх гэрээ хийснийг эх сурвалжууд дуулгав. Ирээдүйн төсөөлөл, тооцоо судалгаагүй улс төрийн шийдвэр МИАТ-ийг хорлочихсон юм биш үү.
Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогод Монгол Улс агаарын тээврийн салбарт бүс нутагтаа тэргүүлэх хэмжээнд хүрэх зорилт тавьсан. Уг нь цаад санаа нь МИАТ-ийг бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх боломжтой том компани болгох байв. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаа ирэх жил дуусна. МИАТ бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх компани болж чадаагүй. Харин ч эвгүйтвэл нураад уначихаж мэдэхээр хэврэг хэвээр байна. Ганц жишээ дурдахад, МИАТ компани зургаан онгоцтой. Тэгвэл Өмнөд Солонгосын, бидний сайн мэдэх “Кореан эйр” компани 200 онгоцтой. Бяр нь тэгширсэн аваргатай, хүүхэд барилдахтай адил хүч тэнцвэргүй өрсөлдөөнд МИАТ “амьдарч” буй юм. Төрөөс баримтлах бодлогод агаарын тээврийн зах зээлийг үе шаттай чөлөөлөх бэлтгэлийг хангах зорилт тавьсан. Бэлтгэл хангах гэдэг нь МИАТ-ийг хэнд ч дээрэлхүүлэхгүй том компани болсны дараа чөлөөт өрсөлдөөнд оруулна гэсэн санаа байв. Хэрэв одоо МИАТ-ийг чөлөөт өрсөлдөөний талбарт гаргавал хэцүүднэ.
Төр бүс нутгийн хэмжээний том компани болгох дэмжлэг үзүүлээгүй байж чөлөөт өрсөлдөөнд оруулахаар ханцуй шамласан. Тэгээд чөлөөт өрсөлдөөний талбар луу МИАТ-ийг нэг алхам түлхчихлээ. Мөнөөх бодлогод “нэг тээвэрлэгч-нэг шугам” зарчим баримтлахаар тусгасан юм. Тэгвэл Өмнөд Солонгосын талаас МИАТ-ийн эсрэг “Кореан эйр”-ээс гадна “Асиана эйрлайнс” компаниа нисгэхээр боллоо. Тэд МИАТ-ийн зорчигчдоос хувааж таарна. “Туркиш эйрлайнс” компани Улаанбаатар-Истанбул чиглэлд шууд нислэг хийх, долоо хоногт тээвэрлэх зорчигчийнхоо тоог хоёр дахин нэмж, 1000-д хүргэх санал тавьж буй. Элчин сайд нь энэ ажлыг амжуулахаар хүчин чармайлт гаргаж буйг байсхийгээд Зам, тээврийн хөгжлийн сайдад бараалхаж байгаагаас харж болно. Хэрэв туркчүүдийн саналыг дэмжвэл МИАТ-ээр нисэж, Сөүл, Бээжин ороод, цааш бусад хот руу дамждаг зорчигчид “Туркиш эйрлайнс”-ыг сонгох магадлалтай. Ингэвэл МИАТ-ийн зорчигчид багасна. Ийм шийдвэр гаргавал МИАТ хүч тэнцвэргүй өрсөлдөөний талбар луу дахиад нэг алхам ойртоно гэсэн үг.
Төрөөс иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогод Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлд МИАТ-ээс өөр хоёрдогч тээвэрлэгч оруулахгүй байхаар тусгасан. Үүнийг чөлөөлбөл МИАТ чөлөөт өрсөлдөөний талбарт бүрэн гарах юм. Гэхдээ одоогийн нөөц боломж, хүчин чадлаараа “барилдвал” үндэсний агаарын тээвэрлэгч ганц тугтрахад нь унана. Үндэсний агаарын тээвэрлэгч маань Токиогийн чиглэлийн нислэгээс ашиг олдоггүй. Москва, Берлин чиглэлээс жилд 10 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг. Хонконгийн чиглэлээс сүүлийн жилүүдэд бага зэрэг ашиг олдог болсон. Гол ашгаа Сөүл, Бээжин рүү хийсэн нислэгээс олдог юм. Сөүл, Бээжин рүү хоёрдогч тээвэрлэгч нисгэвэл МИАТ-ийн орлогыг хуваагаад, дампуурал руу хөтөлнө.
Үндэсний хөрөнгө оруулагчид “Изинис эйрвэйз” компанийн үйл ажиллагааг сэргээж олон улсад нисгэхээр төлөвлөж буй. Энэ компанийг МИАТ-ийн өмнөх гүйцэтгэх захирал Т.Тамир удирдаж эхэлжээ. Тэднийх одоогоор Өмнөд Солонгосын Бусан, Хонконг руу нисэх томилгоо аваад байна. Дотоодын өрсөлдөгч МИАТ-ийн бага зэрэг ашиг олдог чиглэлийн зорчигчдыг тун удахгүй булаацалдах нь. “Чингис эйрвэйз”, “Монголиан эйрвэйз карго” компани олон улсад нисэхээр төлөвлөсөн. “Изинис эйрвэйз” компанийг алсдаа МИАТ-ийг зах зээлээс шахаж, орон зайг нь эзлэх бодлоготой ажиллана гэж нисэхийн салбарынхан хардаж байна. МИАТ-ийн дотоодын тээвэрлэгчидтэй хийх өрсөлдөөн ч ширүүсэх нь тодорхой боллоо.
...АНУ-ын “Боинг” компаниас 2011 онд МИАТ гурван онгоц худалдаж авах гэрээ хийсэн. Ингээд эхний “Боинг 767 300” онгоцыг 2013 онд 121 сая ам.доллароор худалдан авсан. Эл онгоцыг төр хөрөнгө оруулж авч өгөөгүй, зээлийн төлбөрийг МИАТ нуруундаа үүрдэг. Салбарын мэргэжилтнүүд зах зээлээс 60-70 сая ам.доллароор “олох” боломжтой онгоцыг өндөр үнээр худалдан авсан гэж шүүмжилдэг...
Тэгэхээр энэ цаг үед үндэсний агаарын тээвэрлэгчээ дахин өөр өнцгөөс харах шаардлага тулгарчээ. МИАТ компани сүүлийн хоёр жилд тус бүр 40 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Эдийн засаг өсөн, зорчигчийн тоо нэмэгдсэн, шатахууны үнэ тогтвортой байсан, ам.долларын ханш өссөн нь өндөр ашигтай ажиллахад нөлөөлжээ. Энэ бол чамлахааргүй амжилт. Гэхдээ МИАТ-ийг өрсөлдөөнд ялагч болгох хөшүүрэг биш. “Хамгаалалттай” чиглэлд нь хоёрдогч тээвэрлэгч оруулахад МИАТ-ийн энэ амжилт замхарна. Тиймээс дахиад хэсэг хугацаанд, МИАТ чинээндээ тултал дэвжтэл зах зээлийг нь хамгаалах шаардлага харагдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, агаарын тээврийг чөлөөт зах зээлд оруулах гэж яарах хэрэггүй гэсэн үг. Манай агаарын тээврийн зах зээл бол жижиг талх. Иймээс гадаадын байтугай, дотоодын олон аж ахуйн нэгж хувааж идэх боломжгүй. Хэрэв жижиг талхаа хувааж идэх гэж бүгд дайрвал өлсөж үхэцгээнэ. Тиймээс нэг л аж ахуйн нэгжид талхаа дангаар идэж, таргалах боломж бүрдүүлэх ёстой. Энэ бол монополыг дэмжих буй үйлдэл огт биш. Угаас агаарын тээврийн салбарт монополыг төрийн зохицуулалтаар дэмжихгүй бол хөгждөггүй зүй тогтолтой. Төр авсан үүргийнхээ дагуу үндэсний агаарын тээвэрлэгчээ дэмжиж, тэтгэхээс өөр замгүй.
МИАТ-ийг өөд нь татаж, дэвжүүлэхийн тулд хувьчлах шаардлагатай гэж үздэг хүмүүс бий. Гэхдээ 100 хувь хувьчлах санаачилга хэзээд эргэлзээ дагуулдаг. Ийм учраас хөрөнгийн зах зээлд хувьцааных нь тодорхой хэсгийг гаргаж, нээлттэй компани болгох нь зүйтэй гэсэн саналыг олон нийт дэмждэг. Төр уг компанийн хувьцааны 66 хувийг өөртөө үлдээж, 34 хувийг олон нийтэд борлуулж болно. Энэ тохиолдолд төр хяналтаа алдахгүй, компани ч санхүүгийн дарамтаа хөнгөлөх хөрөнгө босгочихно. Онгоц худалдаж авсан зээлээ төлөх мөнгө босгочихвол хүний өмнө барих олигтой өмчгүй гэгддэг энэ компани санхүүгийн дарамтаас ангижирч, тов хийсэн хөрөнгөтэй болчих юм. МИАТ-ийг мөнгө төгрөг шамшигдуулдаг, шахааны бизнес цэцэглүүлдэг, хэт олон хүн ажиллуулж, үр ашиггүй зардал гаргадаг гэсэн хэл ам тойрдоггүй. Хувьцаат компани болчихвол олон нийтийн хяналтад орж, үр ашиггүй зардлаа бууруулан, сахилга баттай ажиллана. Улстөрчид МИАТ-т шагналын шинжтэй элдэв томилгоо хийж чадахаа болино. Харин хувьцааных нь нэлээд хэсгийг иргэний агаарын тээврийн салбарт олон жил ажилласан туршлагатай гадаадын компанид зарах нь зүйтэй гэдэг. Энэ бол тэдний туршлагыг ашиглах гэсэн зөв санаачилга. Мэдээжийн хэрэг асуудлыг харах олон өнцөг бий. МИАТ-ийг ийм өнцгөөс харвал ямар вэ.