“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ажлын хэсгийг АТГ, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас томилон шалгуулж буй билээ. Үүнтэй холбоотойгоор “Монголын зэс” компанийнхан, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга тэргүүтэй хүмүүсийг цагдаагийнхан баривчлан шалгасан нь дуулиан тариад буй. Гэвч хэрэгт шалгуулж буй хүмүүсийг яллагдагчаар тооцох саналыг нийслэлийн Прокурорын газар (НПГ)-ынхан хүлээн авахаас татгалзаж буцаагаад байна. Энэ талаар НПГ-ын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Оросын компаниас 400 сая ам.доллароор худалдан авсан эх үүсвэр нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр ЭЦА, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэрэгт Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О,Орхон, “Монголын зэс”-ийн захирал Ц.Пүрэвтүвшин, “Канетик” компанийн захирал Г.Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуульд заасан залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллагдагдагчаар татах мөрдөгчийн санал ирсэн. Мөн О.Орхон, Б.Эрдэнэбилэг нарыг банкны чадварыг алдагдуулсан гэсэн үндэслэлээр яллагдагчаар татах санал ирүүлсэн. Прокурорын байгууллагаас тус хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан. Учир нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан 400 сая ам.доллар хэрэв төрийн мөнгөнөөс гарсан юм бол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа бас яригдана. Хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд дээрх хүмүүсийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр шалгаж байгаа учир тэднийг яллагдагчаар татах үндэслэлгүй гэж үзээд нарийвчлан шалгуулахаар буцаасан” гэсэн юм.
Тэгвэл Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан АТГ-ын ажлын хэсгийнхэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудлыг нарийвчлан шалгах хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс уржигдар дахин тайлбар, мэдүүлэг авсан байна. Уг хэрэгт холбогдуулан Ч.Сайханбилэгээс гадна Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарыг яллагдагчаар татах санал өнгөрсөн арванхоёрдугаар сард хүргүүлсэн ч НПГ-ынхан ямар нэг шийдвэр гаргаагүй юм. Тухайлбал, уг 49 хувийг “Монголын зэс” авахын тулд Монголбанкнаас үндсэн хөрөнгийг нь гаргахад ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал эрх мэдэл албан тушаалаа урвуулсан байж болзошгүй мэдээлэл, баримт байдгийг ажлын хэсгийнхэн нарийвчлан шалгаж буй юм билээ.