Д.Эрдэнэбилэг нарыг зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотойгоор шалгаж байгаа гэдэг нь ташаа гэж бидэнд эх сурвалж мэдээллээ.
Энэ хэргээс гадна тусдаа хэргүүд үүсгэн ЭЦГ мөрдөн байцаалт явуулж байгаа гэнэ. Энэ нь төмөрлөгийн орд газарт тавьсан төмөр замын хэрэгтэй холбоотой бололтой.
Должингийн Эрдэнэбилэг тэргүүтэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-г 230 сая тоннын нөөцтэй орд газартай нь эзэмшилдээ оруулаад буй гэж үзэж байгаа талаар эх сурвалжууд ийн өгүүлж байна.
“2010 онд тус үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх гэрээг “Кью Эс Си” ХХК-тай байгуулахдаа мөн оны хоёрдугаар сарын 4-нд УИХ-аар баталсан “Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах, үндсэн чиглэл”-д үндэслэсэн байдаг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн хөгжлийн яам байгуулж, 2012 онд концессийн жагсаалт шинэчлэхдээ “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг багтааж, улмаар “Кью Эс Си” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ажээ.
Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий уг компанитай шууд гэрээ байгуулах болсон шалтгаан нь “Кью Эс Си” ХХК “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т 81.3тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэх үндэслэлтэй нь холбоотой. Уг концессийн гэрээнд шинэчлэн сайжруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр гэрээгээ байгуулж, “Кью Эс Си” ХХК 30 жил төмөрлөгийн үйлдвэрийг эзэмшээд ямар нэг хохирол, төлбөргүйгээр улсад буцаан өгөхөөр гэрээ байгуулсан юм.
Мөн тус үйлдвэрийн өрийг ч төлөхөөр болсон байна. Төмөрлөгийн үйлдвэрт 700 сая ам.долларын хөрөнгө оруулж, төмрийн хүдэр баяжуулах болон ангижруулсан төмрийн үйлдвэр барих, төмөр зам тавих, техник технологийг нь шинэчлэхээр гэрээндээ тусгасан байдаг. Гэтэл 30 жилийн хугацаанд өөрийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийж, ашигтай ажиллуулахаар байсан боловч гэрээгээ зөрчиж буй нь илэрхий байгаа юм. Тиймдээ ч хууль сахиулах байгууллагынхан Должингийн Эрдэнэбилэгийг яллагдагчаар татах болсон өөр нэг шалтгаан нь энэ.
Түүний эзэмшлийн “Кью Эс Си” ХХК бүтээн байгуулалтын төсөвт өртгийг их хэмжээгээр нэмж, улсад буцаан өндөр үнээр өгч, зөвхөн төмрийн хүдрийг нь л их хэмжээгээр тээвэрлэж, борлуулах ажил хийж байгаа нь гэрээнд заасан металлургийн цогцолбор байгуулж, боловсруулах үйлдвэр явуулалгүй, Хуст уул, Төмөр толгой, Төмөртэйн ордын төмрийн хүдрийн нөөцийг нь дуусгаж болзошгүй байгаагаас илэрхий болж буй.
ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Д.Эрдэнэбилэгийг албадан аваачиж, байцаалт авсан нэг үндэслэл нь төмөр замын “Хандгайт” өртөөнөөс Төмөртэйн орд газар хүртэл тавьсан 33.4 км төмөр зам барих ажилтай нь холбоотой юм билээ. “Кью Эс Си” ХХК нь өөрийн хамаарал бүхий “Монголиан рейлвэй корпорэйшн” компаниар дээрх чиглэлийн төмөр замыг бариулахаар гэрээ байгуулж, 106 880 000 ам.долларын үнэ бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг байна. Ингэхдээ мөн л Хөгжлийн банкнаас 71.3 сая ам.доллар авчээ.”
Ийнхүү дээрх чиглэлийн замыг “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид шилжүүлэхээр болж Засгийн газрын тогтоол 2016 оны хоёрдугаар сарын 1-нд гарсан ажээ. Гэвч бичиг баримт нь дутуу, “Кью Эс Си” ХХК-ийнхнаас ТӨБЗГ, Монголын төмөр зам, Сангийн болон Зам тээврийн яам зэрэг байгууллагынхан санхүүгийн анхан шатны бичиг баримтыг нь нэхэхэд гаргаж өгдөггүй байж.
Харин Концессийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг өгч, Засгийн газрын хуралдаанд тухайн үеийн Аж үйлдвэрийн сайд, өдгөөгийн УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат танилцуулж байжээ. Ийнхүү байгуулсан гэрээ нь Монгол Улсад огт ашиггүй, “Кью Эс Си” ХХК-д ашигтай байсан гэдэг. Энэ талаар зарим хүн одоо болтол ярьдаг юм билээ.
Тэр ч байтугай “Эрдэнэт үйлдвэр”-ийг тодорхой хувийг эзэмшихээр болсон “Монголын зэс”-ийг удирдаж буй (49 хувийн хувьцааг худалдан авсан) Пүрэвтүвшин, Мөнхбаатар болон “Кью Эс Си” ХХК-ийн захирал гэх Энхбаярын Шижир зэрэг хүн Үндэсний хөгжлийн газрын албан тушаалтнуудад “Бид дээгүүр чинь ярьчихсан, хурдан гэрээ хий” гэх мэтээр шахамдуулдаг байсан талаар ч ярьж байсан гэдэг.
Төмөр зам концессийн энэ хэргийг хууль сахиулах байгууллагынхан шалгаад мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулахад “Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийнхнээр далангаа тавиулж, Мардайн орчимд байсан төмөр замын зам (рейлс) төмрийг авчирч, Хятадаас бетон дэр оруулж ирэн тавиулсан гэсэн дүгнэлт гаргасан байх юм.
Ингэж төрд төмөр зам шахаж, “Кью Эс Си” ХХК-ийнхан охин компани болох “Монголиан рейлвэй корпорэйшн” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа төсөвлөсөн 106 880 000 ам.доллар дээр Хөгжлийн банкнаас зээлсэн 71.3 сая, хүү нь болох 5.8 сая шахам ам.долларыг нэмж тооцон, Засгийн газарт хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу Сангийн яамнаас 80 хувийнх нь төлбөрийг вексел гарган төлсөн байдаг. Энэ векселийг Сангийн яам 364 хоногийн хугацаатай, 14.941 хувийн хүүтэйгээр 18 ширхгийг гаргасан юм билээ.
Вексель гэж юу болохыг уншигчид тэр бүр мэдэхгүй байх. Векселийн тухай хуульд “төлбөр хариуцагчаас тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг тогтоосон хугацаанд ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр үл маргалдах журмаар вексель эзэмшигчид төлөхийг харилцан тохиролцож баталсан төлбөрийн баримтыг хэлнэ. Вексель нь төлбөр тооцооны үнэт цаас мөн” гэж заасан байгаа юм.
Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэрэг дээр прокуророос “яллагдагчаар татах хангалттай үндэслэлгүй” гэж үзэн буцаасан бол төмөр замтай холбоотой уг хэрэг дээр ЭЦГ-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Д.Эрдэнэбилэг, Э.Шижир нарыг нэгэнт яллагдагчаар татчихсан гэх мэдээлэл ч байна.
Одоогийн байдлаар уг хэрэгтэй холбогдуулан хэвлэл мэдээлэлд албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.