Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа. Сайд Б.Энх-Амгалан, Элчин сайд Ахмет Язалд Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хоорондын өнө эртний түүхэн нөхөрсөг хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэн хөгжүүлэхэд өөрийн зүгээс ихээхэн хүчин чармайлт гарган, хувь нэмрийг оруулж ажиллаж байгаад талархал илэрхийлэв. Хоёр улсын зам, тээврийн салбар дахь хамтын ажиллагаа амжилттай өрнөж, ялангуяа Монголын авто замуудыг шинэчлэн барьсан нь Монгол Улсын замын салбарт ихээхэн хувь нэмэр оруулсны зэрэгцээ, тухайн орон нутгийн иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэнд талархалтай байгааг дурдлаа.
Түүнчлэн Истамбулын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад ороход хуучин буудлын нүүлгэн шилжүүлэлтийг хэрхэн хийж байгаа дээр туршлага судлах, агаарын тээврийн салбарт боловсон хүчин бэлтгэх, зам тээврийн салбар дахь бүхий л талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах боломжтойг онцлов.
Монгол, Турк хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны эргэлт өсөн нэмэгдэхийн зэрэгцээ иргэд бизнес эрхлэх зорилгоор харилцан зорчих, мөн аялал жуулчлал хийхэд тээврийн хэрэгцээ их болж байгаа. Нэн ялангуяа агаарын тээврийн үүрэг оролцоо ихээхэн ач холбогдолтой болохыг сайд Б.Энх-Амгалан онцлон тэмдэглэж хоёр улсын хооронд хийгдэж байгаа нислэгийн хүртээмж, үйлчилгээний чанарыг сайжруулахад нислэг гүйцэтгэж буй тээвэрлэгч компаниуд анхаарах шаардлагатай байгаа гэдгийг тэмдэглэлээ.
Мөн Улаанбаатар-Истамбул хотын чиглэлд хийгдэж буй нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэхэд Туркиш Эйрлайнс компанийн зүгээс тавьж буй санал хүсэлтийг шийдвэрлэх гарц байгаа талаар санал бодлоо хуваалцан тухайн чиглэлд Монголын талаас томилогдсон тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-тай хамтран ажиллах боломжуудын талаар мөн өөрийн байр суурийг илэрхийлэв.
Элчин сайд Ахмет Язал, сайд Б.Энх-Амгаланд, Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдсонд нь баяр хүргэн ажлын амжилт хүсэхийн ялдамд сайд Б.Энх-Амгалангийн зүгээс хөндөж ярьсан агаарын харилцааны асуудалд анхаарч шийдвэрлэх гарц боломжуудын талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийллээ. Нислэгийн тоо болон багтаамжийг нэмэгдүүлэх талаар Туркийн талаас тавьж ирсэн санал хүсэлт нь хоёр улсын өсөн нэмэгдэж буй худалдаа бизнес, аялал жуулчлалын хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдэж байгаа ба Монгол Улсын аялал жуулчлалын чадавхыг бүрэн ашиглахад хувь нэмэр оруулах, зорчигчид Туркиш Эйрлайнсын нислэгийн өргөн сүлжээг ашиглан Европ болон Хойд Америкийн хотууд руу таатай хуваарийн дагуу нисэх зэрэг өргөн боломжуудыг санал болгож байгаагаа тайлбарлан энэ талаар Монголын талаас нааштай шийдвэрлэхийг хүсэв.
Сайд Б.Энх-Амгалан Элчин сайдын зүгээс санал болгосон нислэгийн асуудлаар МИАТ болон Туркиш Эйрлайнсын төлөөлөгчдийн хамтарсан уулзалт хийж, асуудлыг бодитой судалж шийдвэрлэх гарцуудыг хамтран эрэлхийлэхээр талууд тогтов.