"Хэвтүүл" хөдөлгөөнийхөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ЖДҮХС-ийн хэрэгтэй холбогдуулан АТГ-т шалгуулахаар өргөдөл өгсөн талаар "Хэвтүүл" хөдөлгөөний гишүүн Л.Алтансүх мэдэгдлээ.
Тэрбээр "Ерөнхий сайд У.Хүрэлсүх амласан амлалтаа биелүүлэхгүйгээс гадна ЖДҮХС болон бусад сангуудаас иргэдийн боломжийг хулгайлсан үйлдлүүд удаа дараа гарч байгааг бид жигшиж байна.
Нийтдээ 155,060 аж ахуй нэгжүүд Монгол Улсад бүртгэлтэй байдаг. Эдгээрийн 78,815 аж ахуй нэгжүүд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 86 хувь нь буюу 62,812 аж ахуй нэгж нь ЖДҮ-ийн салбарт багтдаг. Энэ салбарт нийтдээ 800 гаруй мянган иргэд ажиллаж байгаа.
Үүний ард хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хөдөлмөр эрхлэгч нар олон байгаа. Түүнчлэн үүний цаана 1-5 хүн ажилладаг гэж тооцвол нийт нэг сая гаруй хүн ЖДҮ сангаас зээл авч өөрсдийн бизнесийг эрхлэх боломж бололцоог УИХ-ын болон Засгийн газрын гишүүд хулгайлжээ гэсэн баримт байна.
Мөн иргэдийн амьдрал өдөр ирэх тусам дордож байна. Худалдан авах чадвар суларч байна. Валютын ханш тэнгэрт хадлаа. Жишээ нь 2016 он хүртэл 500 төгрөгний үнэтэй байсан бохь 900 төгрөг болтлоо хоёр дахин нэмэгдлээ. Түүнчлэн өргөн хэрэглээний барааны үнэ ямар хэмжээнд хүртлээ нэмэгдсэн билээ? Иргэдийн алин тэтгэвэр нэмэгдэж байгаа бил үү? Дээрээс нь иргэд хэдэн хувийн хүүтэй зээл авч байгаа билээ. Үүнийг манай "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн тэвчиж чадахгүй байна. Бид олон удаагийн жагсаал хийсэн. Засгийн газрын гишүүд болон бусад эрх баригч нар таг дүлий юм шиг байна. Энэ намыг, Засгийн газрыг тэргүүлж байгаа У.Хүрэлсүх хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлүүдийг бид АТГ-т энэ бичгээр мэдэгдэж байна" гэлээ.