Сүүлийн дөрвөн сарын турш амралтын өдрүүдээр Сербид ямар нэгэн үймээн самуунгүйгээр засгийн газрыг эсэргүүцсэн мянга гаруй хүний энхийн жагсаал болж байгаа аж. Харин энэ сарын 16 өдөр сөрөг хүчнийхэн Белградын телевизийн байшин руу дайрч орон байгууллагын удирдлагатай уулзахыг шаарджээ.Тэд сөрөг хүчнийхнийг гурван сарын турш улс төрийн нэг ч нэвтрүүлэгт оролцуулаагүй хэмээн тус телевизийг буруутгажээ. Шөнө дундын үед цагдаагийнхан эсэргүүцэгчдийг ямар нэгэн хүч хэрэглэлгүйгээр телевизийн байрнаас гаргасан байна.Мөн маргааш нь буюу 17-ны өдөр жагсагчид ерөнхийлөгчийн ордны бүслэлтийг сэтлэн Ерөнхийлөгч Александр Вучичийг огцрохыг шаарджээ. Жагсагчидтай цуг сөрөг хүчний удирдагч “Хаалга” намын дарга Бошо Обрадович болон Белград хотын захирагч асан Драган Жилас нар байжээ. “Бид эндээс явахгүй. Манай хүмүүс бүх орц гарцыг хаасан. Би ерөнхийлөгчийг огцрохыг л шаардаж байна” гэж сөрөг хүчний удирдагчдын нэг Бошко Обрадович хэлсэн байна. Гэсэн ч жагсагчид удаж төдөлгүй хуулийн байгууллагад саатуулагдсан нэгэн хамтрагчаа суллахыг шаардахаар ерөнхийлөгчийн ордноос цагдаагийн хэлтэс руу хөдөлсөн ажээ. Эрх баригч Сербийн радикал намын дарга Воислав Шешель “Тасс” агентлагт өгсөн ярилцлагадаа тус улсын ерөнхийлөгч Вучич ОХУ болон БНХАУ-тай ойр харилцах бодлого явуулж байгаагийнхаа төлөө маш хүнд дарамтад байгаа тухай ярьжээ. “Ерөнхийлөгчийн уг бодлого барууныханд маш их саад болж байгаа. Энд болж байгаа эсэргүүцлийн хөдөлгөөнийг Америкийн болон Британийн элчин сайдын яамнаас удирдаж байгаа нь илт байгаа.” Гэж тэрээр хэлжээ. өмнө нь эл асуудлыг Сербийн “Govori Serbija” мэдээллийн суваг хөндөж нотлох баримт болгож сөрөг хүчнийхний идэвхтнүүд Америкийн элчингийн ажилтнуудтай уулзаж байгаа фото зураг болон дүрс бичлэгийг нийтэлжээ. Сербийн засгийн газар уг эсэргүүцлийн хөдөлгөөнд маш тайван хандаж байгаа аж. Ерөнхийлөгч Вучич энэ тухай “Манай улсын иргэн болгон эсэргүүцлээ илэрхийлэх эрхтэй. Эсэргүүцэгчид ямар ч үйлдэл хийж болно. Гагцхүү хүчирхийлэл гарсан цагт төр засаг тэр даруй хариу арга хэмжээ авах болно” гэж мэдэгджээ.
Өчигдөр нийслэл Белградад Ерөнхийлөгч Александр Вучич “Югославыг бөмбөгдсөнөөс хойш 20 жилийн дараа – 21-р зууны европын аюулгүй байдлын сургамж” олон улсын бага хуралыг нээжээ. Тэрээр хурлыг нээж үг хэлэхдээ “Серб улс НАТО-ийн түрэмгийллийг уучилж чадна, гэхдээ мартаж чадахгүй. Бид НАТО-тай сайн харилцаатай байхыг хүсэж байна, гэхдээ НАТО-д элсэхийг хүсэхгүй байна” гэж мэдэгджээ. Тэрээр цааш нь “Статистикийн мэдээгээр сүүлийн арваад жил бууны сумнаас илүү сахар хүний аминд хүрч байгаа гэсэн. Харин Сербид нөхцөл байдал их өөр. Бид дээрх статистикийн үзүүлэлттэй орон болтол удана. Бидний хэчнээн олон бяцхан үрс нас барсныг санах тоолондоо сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж болохгүй. Гэхдээ энэ нь бид өнгөрсөн түүхээ дан хүйтэн толгойгоор дүгнэнэ гэсэн үг биш. Манай улсад серб,албанчуудын нэг ёсны гетто (зөвхөн ёврейчүүдэд зориулсан хороолол) байна. Серб, Албаничууд өөрсдийн ирээдүйг өөрсдөө шийдэх ёстой гэдгийг ойлгох хүртэл л энэ байдал хадгалагдана гэж айж байна” гэсэн байна. Төгсгөлд нь Сербийн удирдагч “хэрэв хэн нэгэн Сербийг дарамтлан ашиг сонирхлоос нь ухарахад хүргэнэ хэмээн бодож байгаа тийм дарамт ертөнц дээр байхгүй гэж та нарт хэлмээр байна” гэжээ.