Өнгөрсөн амралтын өдрүүдэд Францад “шар хантаазтангуудын” 18 дахь эсэргүүцлийн хөдөлгөөн болж өнгөрсөн билээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр энэ удаагийн эсэргүүцлийн жагсаалд 32 мянган хүн оролцжээ. Үймээний үеэр Францын нийслэлд 17 цагдаагийн ажилтан, 42 жагсагчид шархдаж, 230 хүн дэг журмын зөрчил гаргасны улмаас саатуулагдсан байна. Бямба гаригийн эмх замбараагүй байдлын дараа Парис хотын нийтийн үйлчилгээнийхэн богино хугацаанд хотын гудамжнуудыг бүрхсэн уул овоо шиг их хагарсан шил, хог, шатсан дугуу, дэлгүүрийн цонхны шатсан модон фанерыг хурааж цэвэрлэж, түүхэн барилга байгууламжуудын хана туурган дээрх бичээснүүдийг арилгах ажилдаа ханцуй шамлан ороод байгаа аж. Энэ удаагийн үймээн 2018 оны арваннэгдүгээр сараас эхэлсэн “шар хантаазтангуудын” хадалгааний түүхэн дэх хамгийн том бослого байсан тухай Парис хотын захиргаа мэдэгджээ. “Бямба гарагийн үймээн хүчирхийлэл, сүйтгэлийн цар хүрээний хувьд орчин үеийн Парисын хар өдөр байлаа. Хотын төвд ирсэн хүмүүс зурагтаар гарахын тулд санаатаагаар цагдаа нар руу дайрч, хүч хэрэглэсэн нь ойлгомжтой байсан” гэж Парис хотын амбан захирагчийн орлогч Эмманюэль Грегуар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Үймээний үеэр Елисейн талбай хамгийн ихээр хохирчээ. 1899 онд нээгдэж Парис хотын түүхэн дурсгалт барилгын нэг алдарт “Le Fouquet's” зоогийн газрыг тонож дээрэмдээд зогсоохгүй шатаасан байна. “LCI” телевизийн сувгийн мэдээлж буйгаар “шар хантаазтангуудын” эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн цагаас Елисейн талбайн орчим бизнесээ явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн хохирол ойролцоогоор 25 мянган еврод хүрээд байгаа гэнэ. Өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “шар хантаазтангуудын” эсэргүүцлийн жагсаалыг Елисейн талбайд явуулахыг хориглох боломжийг эрж байгаа тухай “Reuters” агентлагт Елисейн ордны албан тушаалтан мэдэгджээ.