УИХ-ын ээлжит бус чуулган нээж байгаатай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.
Татварын багц хуулийн асуудлаар Сангийн яамны ажлын хэсгийг сонсоно
Ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаар хэлэлцсэн. Нэгдүгээрт, Татварын багц хууль орж байгаа. Энэхүү хуульд эерэг, сөрөг олон зүйл бий. Бид Татварын багц хуулийг дэмжээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ татварын орлогыг нэмэгдүүлэхэд ачааллын хүнд нь хаана байна вэ гэдэг асуудал чухал. Түүнчлэн олон төрлийн хөнгөлөлт нийгэмд хэр ач холбогдол өгөх, татварын бааз суурийн асуудал зэргээр ярилцах зүйл олон байгаа. Тиймээс УИХ дахь Ардчилсан намын бүлэг Сангийн яамны ажлын хэсгийг 11.30 цагт урьж Татварын хуулийн асуудлаар санал солилцохоор боллоо. Татварын хуулийг улстөржүүлэх гэхээсээ илүү нийгэмд ач холбогдол өгөх талаас нь хандах болно.
Эрх баригчид Ашигт малтмалын тухай хуулийг гацааснаас болж, алт тушаалт эрс буурсан
Ашигт малтмалын тухай хууль байгаа. Энэ хуулийг хэлэлцэх асуудлын тухайд эрэх баригчид өөрсдөө их бултсан. Хуулийн тодорхойгүй байдал үүссэнээс болж он гарсаар алт тушаалт эрс буурсан. Энэ нь эдийн засагт буюу валютын нөөцөд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлж байгаа. Тиймээс эрх баригчид уг хуулийг асуудлыг нэн даруй нэг тийш нь болгох хэрэгтэй. Энэ асуудал өнөөдөр хариуцсан эзэнгүй байгаад байж болохгүй. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх дараагийн багц асуудал нь хууль хяналтын байгууллагуудын зарим удирдлагуудыг томилох, чөлөөлөх асуудал байна. Томилгооны тухайд Ардчилсан намын зүгээс хуулийн дагуу л асуудлыг шийдэх ёстой гэж үзэж байгаа.
З.Нарантуяа: Татварын багц хуулиар аж ахуйн нэгжүүдэд дарамт болохгүй орчинг бүрдүүлэх хэрэгтэй
-Татварын багц хууль шинэчлэгдэж гарах шаардлага байгаа. Тэр утгаараа ч 2012-2016 онд Ардчилсан нам засаг барьж байхдаа Татварын багц хуулийн боловсруулалт, судалгаа шинжилгээний ажил эхэлсэн. Тухайн үеийн үндсэн концевц одоо хэлэлцэгдэх гэж байгаа Татварын багц хуульд шингэсэн байгаа учир Ардчилсан нам дэмжих болно гэдгийг сая бүлгийн дарга хэллээ.
Татварын багц хууль батлагдсанаар хоёр зүйлийг сайжруулах үр дагавар гарах ёстой гэж харж байгаа. Тодруулбал, Төсвийн орлогын тогтвортой байдал хангагдсан байх ёстой. Өнөөдөр манай улсын төсвийн орлогын 80 гаруй хувийг зөвхөн татварын орлогоор бүрдүүлж байгаа. Тиймээс одоо төсвийн орлогыг бүрдүүлж байгаа татвар төлөгчиддөө дарамт үзүүлэх биш орлогын бааз суурийг өргөтгөх илүү олон байгууллага татвар төлөлтөд хамрагдах систем рүү орох нь шударга болно. Энэ өнцгөөс нь татварын хуулийг харахаар сайжруулах хэд хэдэн санал байгаа. Улс орны эдийн засгийн ачааг үүрч явж байгаа аж ахуйн нэгжүүддээ дарамт болохгүй татварын орчинг бүрдүүлэхэд энэ хуулийн ач холбогдол орших болно гэж үзэж байгаа.
Үндсэн хуульд аж ахуй эрхэлж л байгаа бол татвар төлөх ёстой гэсэн үндсэн зарчим байгаа. Тэгвэл Татварын багц хуульд Үндсэн хуульд заасан зарчмыг гажуудуулсан зүйл байгаа. Үүнийг хэлэлцүүлгийн явц сайжруулахыг Ардчилсан намын зүгээс шаардах болно. Аж ахуйн нэгжүүдийг татварын өрийг хамаарал бүхий этгээдүүдээр нь төлүүлэх заалт орчихсон явж байгаа. Гэтэл Компанийн тухай хууль, Иргэний хуулиар өөрт ногдож байгаа татварынхаа өр төлбөрийг өөрөө л талж барагдуулах Үндсэн хуулийг зарчимтай. Мөн татварын байцаагчийг аргачлалын зөрүү болон тодорхой шалтгаанаас болж их хэмжээний татвар ногдуулсан зэрэг татварын маргаан гардаг. Энэ тохиолдолд татвар төлөгч өөрсдөө эрхээ хамгаалуулах эрхтэй. Татварын маргаан үүсгээд, үндэслэлгүйгээр татвар ногдуулсан байна гэвэл маргаанаа шийдвэрлүүлдэг эрхийг нь 10 хувийн дэнчин тавиад, дэнчингээ төлсөн тохиолдолд маргаанаа шийдвэрлүүлэх эрх үүсэх зэрэг хязгаарлалтуудыг хийж өгсөн байна. Энэ нь аж ахуйн нэгж өөрийнхөө эрхийг хамгаалуулах Үндсэн хуулийн зарчмаа хэрэгжүүлж чадахгүй байх байдалд хүргэж болзошгүй байгаа.