УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр 10.07 цагт 73.3 хувийн ирцтэйгээр нээлтээ хийлээ.
Ээлжит бус чуулганаар эдийн засгийн өсөлтийг хангах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ажилгүйдлийг бууруулах зорилго бүхий Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх юм. Татварын багц хуулийн төслийг баталснаар аж ахуйн нэгж, иргэнд учир буй чирэгдлийг арилгаж, татвар төлхөөс зайлсхийх боломжийг хааж, татварын суурь өсөх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Тиймээс гишүүд дээрх хуулийн төслийг хэлэлцэхдээ ард түмний эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад анхаарах хэрэгтэй гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм.
Ээлжит бус чуулганаар доорх найман асуудлыг хэлэлцэх юм.
Үүнд:
- Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
- Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал
- Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал
- Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал