Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Ерөнхийлөгчийн зөвлөх ажлаа хүлээлгэж өглөө
Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөх Н.Алтанхуяг зөвлөхийн албанаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өнгөрсөн баасан гарагт өгч, энэ тухайгаа олон нийтэд мэдээллээ. Тэрбээр "Х.Баттулга ерөнхийлөгч болсноос хойш Монголын нийгэмд олон зүйл болохгүй байгаа нь илчлэгдлээ. Монголчуудын хувьд нийгэм зөв чиглэл рүүгээ орох горьдлого бий болж байна.
Х.Баттулгатай би нэг жил найман сарын хугацаанд хамтарч ажиллалаа. Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын ажлыг хийж байсан хүний хувьд цааш ярих, хийх олон ажил байна. Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлыг өгснөөрөө энэ улс орондоо шударга ёсыг сэргээн тогтоох чиглэлээр газрын доорх баялагийг цөөнх нь аваад идчихдэг, цөөнх нь баяжиж, олонх нь ядуураад байгаа энэ байдлыг зогсооход би хувь хүнийхээ үүднээс бодсон зүйлээ чөлөөтэй хийх боломжийг олж авъя гэж Ерөнхийлөгчид хэлж, зөвлөхөөс чөлөөлөгдлөө.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөд Суданд айлчиллаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэлхийн хамгийн цэг буюу омог хоорондын мөргөлдөөнтэй Бүгд Найрамдах Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүдээ эргэлээ.
Хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж байгаад нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэн талархал илэрхийлж, төрийн одон, медаль гардуулж өгөв. Мөн цэргийн алба хаагчдын ахуй амьдралыг дээшлүүлэх, мэргэшүүлж, чадавхижуулах талаар ярилцлаа.
Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд НҮБ-аас БНӨСУ-ын Бентю хотыг зохицуулж байгаа хатагтай Хироко Хирахира бараалхсан байна. Ерөнхий сайд өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганд оролцон үг хэлэхдээ дайн дажингүй, амар амгалан, эх дэлхийн төлөө нэгдэн ажиллахыг уриалж байсан. Монгол Улс гадаад бодлогын нэг чухал хүчин зүйл болох энхийг дэмжих ажиллагаанд оролцон НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд анхаарч байдгаа хэлэв.
УИХ дахь АН-ын дарга Д.Эрдэнэбат "Эрдэнэт" үйлдвэртэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийхдээ "Засгийн газрын тэмдэглэлийг ил болгосон нь их зөв шийдвэр гэж үзэж байна. Тус материал дунд ОХУ-ын Ростех компанийн захирлаас ирсэн бичгийг орос хэлнээс орчуулалгүй шууд нийтэд тараасан байсан. Бичигт төр яагаад 49 хувийг худалдаж авах мөнгийг гаргах боломжгүй болсон бэ гэдгийг нотолсон. 49 хувийг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй хугацаагаар тогтоосныг гэрчилж байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-аас Засгийн газарт ирсэн албан бичигт ажлын 12 хоногийн хугацаа заасан байсан. Энэ хугацаанд төр 400 сая америк долларын асуудлыг шийдвэрлэх боломж байгаагүй. Тиймээс тухайн нөхцөлд хамгийн боломжит байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Би сайдын хувьд зарчим, бодлого хоёрын шийдвэр дээр бат зогссон. Учир нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын өмч болох нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл энэ байр сууриндаа хэвээрээ байна. Засгийн газрын хамтын шийдвэр зөв байсан. Улс төрийн биш эдийн засгийн хэлээр ярьж сураасай гэж хүсэж байна. 2016 онд Эрдэнэт үйлдвэр улсад 70 орчим тэрбум төгрөгийн татвар төлсөн бол 2018 онд ес дахин нэмэгдсэн.
49 хувийн хулгай гэдэг бол өөр асуудал. ОХУ-ын гаргасан саналыг Монголын төр хэлэлцээд, өөрсдөө авсан нь хулгайн үйлдэл биш. Энэ бол улс төрийн шийдвэр байсан. Түүнээс гадна тухайн үед 49 хувьтай холбоотой хэргийг Төрийн гурван өндөрлөг мэдээгүй байсан гэдэг бол худал мэдээлэл гэж бодож байна. Ерөнхий сайд нь л мэдээд, Ерөнхийлөгч, УИХ-ын дарга мэдээгүй байсан байж таарахгүй" гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгууллаа
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ Орон тооны бус зөвлөхүүдийн зөвлөл байгуулж ажиллахаар боллоо. Тус зөвлөлд дотоод, гадаадын нэр хүндтэй, томоохон их, дээд сургуулиудыг төгссөн, салбар салбартаа мэргэжлээрээ амжилттай ажиллаж, сурч байгаа чадварлаг, залуу мэргэжилтэн, судлаачид ажиллах юм.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “1990-ээд оноос хойш өнөөг хүртэл нийт 567, үүнээс өнөөдөр хүчинтэй байгаа 203 урт, богино хугацааны хөгжлийн хөтөлбөр, төсөл, бодлогын баримт бичиг нэртэй маш их цаасыг “үйлдвэрлэсэн” байдаг. Гол нь хэрэгжилт хангалтгүй, хоорондоо уялдаа холбоогүй, тооцоо судалгаа муутай, эсвэл засгийн эрх авсан улстөрийн хүчин нь өмнөх бодлогоо үгүйсгэдэг гажуудал өнгөрсөн 25 жил үргэлжилсэнтэй холбоотой. Одоо бид энэ алдааг засах ёстой, давтах ёсгүй. Засгийн газар цаашдын 25 жилийн хөгжлийн хөтөлбөрөө шинэ үеийн шилдэг төлөөллүүдтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Бидний боловсруулах хөтөлбөр бол одоо байгаа шиг хүслийн жагсаалт биш, харин хэвтээ загвараар хаана, хэн, хэзээ, юуг, яаж хийх нь маш тодорхой тооцоо судалгаан дээр суурилсан байх ёстойг онцолмоор байна” хэмээн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн юм.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагааг зогсооно гэв
“Архигүй орчин амьдралын зөв хэвшил” уриалгыг гаргах тухай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Тэрбээр үүрэг чиглэл өгөх үеэрээ “Цэнгээний газруудын зэрэглэл болон ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй. Өглөөний 04.00 цаг хүртэл архидан согтуурдаг явдал байж болохгүй” гэж тодотгон хэлсэн юм. “Гэрэлт гудамж”-ны үйл ажиллагааг зогсоох талаар мэдээлээд буй.