П.Галиндэв тэргүүтэй Ардчилсан намын залуу гишүүд өнөөдөр тус намд үүсээд буй цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийлээ.
АН-ын гишүүн П.Галиндэв "...Ардчилсан намын удирдлага болох С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нар нь өнгөрсөн хугацаанд хэлсэн үг, хийсэн үйлдэл бүрээр өөрсдийгөө МАНАН мафийн хамсаатнууд гэдгээ бүрэн нотоллоо. Тухайлбал 60 тэрбумын гэх схемээр төрийн эрхэнд гарсан бүлэглэлийг өмөөрөн хамгаалж, 60 тэрбумын гэх хэргээр УИХ дээр нээлттэй сонсгол хийж хэлэлцэе гэхэд дэмждэггүй, дээрх хэргийн гол холбогдогч болох М.Энхболдыг огцруулах асуудлыг удаа дараа хойшлуулах санал гаргаж, завсарлага хүртэл авсан. Улмаар санал хураалтад огцруулахгүй гэж санал өгсөн зэрэг үйлдлээрээ нотолсон.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг луйврын замаар авах үйл явцад оролцож, энэ бусармаг үйлдлээ өнөөдрийг хүртэл улайран хамгаалсаар байна. МАНАН мафийн хамсаатан С.Эрдэнэт, Д.Эрдэнэбат нар нь бүлэглэлийнхээ эрх ашигт нийцсэн шийдвэрээ тулгаж, намын бүлгээ бодлогоор зангидаж чадаагүйн улмаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг тархад хүрч, парламент дахь хяналтын тогтолцоо үгүй болж, намын рейтинг урьд хожид байгаагүй доод түвшиндээ хүрлээ" гэлээ.
Түүнчлэн тэрбээр намын өндөр албан тушаалд нэр дэвшихийн тулд хэдий хэмжээний мөнгө төлөх ёстойг танилцуулав.
- Намын даргад нэр дэвшхийн тулд 250 сая төгрөг,
- Нийслэлийн намын даргад дэвшихийн тулд 90 сая төгрөг,
- Дүүрэг-аймгийн намын даргад нэр дэвшхийн тулд 20 сая төгрөг,
- Үндэсний бодлогын хороонд нэр дэвшхийн тулд 6 сая төгрөг гэв
Мөн "С.Эрдэнэ гэдэг хүн намын дарга болоод Ардчилсан намын шинчлэлийг завхаруулсан. Эхлээд сонгууль яриахгүй ээ, эхлээд нам дотор байгаа шударга ёсны тухай асуудлыг яръя. Намынхаа толгойд хэсэг олигархи, дээрэмчдийг цэвэрлэчихээд дараа сонгууль ярих нь зүйтэй. Монгол орноо дээрэмддэг хүмүүст АН-ын залуус ёслохгүй.
Ардчилсан нам дотор зөвхөн мөнгөний схем үйлчилдэг болсон. Өөрөөр хэлбэл зөвхөн мөнгөтэй хүн дээшээ гардаг болж хувирсан. Сонгуулийн өмнө МАН дээр хэрэгжиж байсан 60 тэрбумын схемтэй яг ижил схем АН-д хэрэгжиж байна" гэлээ.