Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс /АНДЭЗНК/-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Т.Төгсбилгүүн тэргүүтэй төлөөлөгчид 2019 оны гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо болж буй НҮБ-ын АНДЭЗНК-ын Худалдаа, хөрөнгө оруулалтын хорооны 6 дугаар хуралдаанд оролцож байна.
Хоёр жил тутам зохион байгуулдаг тус хорооны хуралдаанаар Ази, Номхон далайн бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтын 2018, 2019 оны тайланг авч хэлэлцэв. Түүнчлэн, “Бүс нутгийн улс орнуудаас худалдаа, хөрөнгө оруулалтын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, тэдгээрийн үр нөлөө”, “Тогтвортой хөгжлийн хүрээн дэх тарифын бус арга хэмжээ”, “Хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх”, “Нэн буурай хөгжилтэй орнуудын цахим худалдааг дэмжих”, “Тогтвортой хөгжилд бизнесийн аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах”-тай холбоотой асуудлууд болон АНДЭЗНК-ын 75 дугаар чуулганд оруулах тогтоолын төслийг тус тус хэлэлцэж байна.
Энэ удаагийн хуралдааны даргаар Элчин сайд Т.Төгсбилгүүн, дэд даргаар Бангладеш Улсын Худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Бадрил Хассан Бабул, Фижи Улсын Аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын яамны Худалдааны ерөнхий эдийн засагч Каришма Нараян нар сонгогдон ажиллаж байна. Хуралдааны ерөнхий хэлэлцүүлгийн үеэр Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд Монгол Улсын Засгийн газраас худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр баримталж буй бодлого, цаашдын зорилтын талаар илтгэл тавив.