Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр “Эко-Алтан Заамар” ХХК-ийн уурхайн нурангид дарагдсан нэрвэгдэгсдийг эрэн хайх ажиллагаанд үүрэг гүйцэтгэн ажилласан Онцгой байдлын байгууллагын алба хаагчдыг хүлээн авч уулзлаа.
Шадар сайд Ө.Энхтүвшин энэ үеэр “Онцгойгийн алба хаагчид үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байсан. Хана нурах өндөр эрсдэл байсан ч түүнээс айлгүйгээр үүргээ гүйцэтгэж байсан нь миний бахархлыг төрүүлсэн. Зөвхөн энэ удаад ч биш, Отгонтэнгэр хайрханд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа болоод ган, зуд бүхий л үед албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэдэг алба хаагчдаараа бахархаж байна” гэлээ.
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Онцгой байдлын алба хаагчид тэр дундаа гамшгийн голомтод байнга ажилладаг аврагчид, гал сөнөөгчдийн хувьд Монгол Улсын төр шагналаа харамладаггүй. Байнга харж үздэг. Онцгой байдлын байгууллагын ажил эдгээр аврагч, гал сөнөөгчдийн нуруун дээр явдаг. Тэр хэрээр Монголын төр манай албаны алба хаагчдын нийгмийн хангамж, цалин урамшууллын тал дээр хууль эрх зүйн хувьд ч олон чухал зүйлийг тусгаж өгсөнд туйлын талархалтай байна” гэв. Тэрээр мөн энэ үеэр Шадар сайдын өгсөн үүргийн дагуу “Эко алтан Заамар” ХХК-ийн талбайд гарсан ослын талбайд ажилласан нийт 36 алба хаагчийн шагналын тодорхойлолтыг Шадар сайдад албан ёсоор гардуулж өглөө.
Шадар сайд Ө.Энхтүвшин, Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын гүний усны шумбалтын багаж хэрэгсэл, хувцас хэрэглэл тун хангалтгүй байгаад онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлээд “Монгол Улс гамшгаас хамгаалах ажилд гар татахгүй” гэдгийг онцлов.