Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь өөрийгөө АТГ-т шалгуулах өргөдлөө өгчээ. Тодруулбал, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр-ийн 49 хувийг авахад мөнгө угаасан, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан” гэж мэдээлсэн. Иймд шүүгч М.Батсуурь өөрийнх нь тухай гүтгэлгийн шинжтэй мэдээлэл тараасан гэж үзэн өөрийгөө Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл өгчээ.
Засгийн газраас Дээд шүүхийн шүүгч М.Батсуурийг мөнгө угаалтын хэрэгт оролцсон, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэн хуулийн байгууллагуудад хандахаар болсон тухай хэлж байсан.
Одоогоор Засгийн газраас уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргаж, хэрэгжүүлж буй. Энэ нь "Эрдэнэт" үйлдвэрт гарсан маргаантай холбогдуулан шаардлагатай санхүүгийн шалгалт хийж, хэвийн үйл ажиллагааг хангах зорилготой гэдгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн юм.
Тэрбээр өргөдөлдөө "Монголиан коппер корпорейшн" ХХК болон Худалдаа хөгжлийн банктай нэгдмэл сонирхолгүй, 70 сая ам.доллартай холбоогүй гэдгээд дурджээ.