Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эмэгтэй дүү Ким Ён Жон энэ сарын 10-нд болсон парламентын сонгуулиар БНАСАУ-ын Ардын дээд хурлын төлөөлөгчөөр сонгогджээ. Сонгуулийн эцсийн дүнг өнөөдөр өглөө Солонгосын төв цахилгаан мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ардын дээд хурлын төлөөлөгчдийн 14 дэх удаагийн энэ сонгууль 99,99% хувийн ирцтэй байж нэр дэвшигчдийг 100% хувиар дэмжжээ. БНАСАУ-ын сонгуулийн төв комисс тойргийн сонгуулийн хороодын илтгэлийг хянаж үзээд Ардын дээд хурлын 687 депутатын нэрсийг хэвлэсэн байна. Умард Солонгосын парламентын гишүүд таван жилийн хугацаатай сонгогддог бөгөөд жилд нэг удаа Пхеньянд цугларч нэг өдрийн дотор тус улсын ирэх жилийн төсөв болон зарим чухал хуулийг баталдаг аж. Ким Ён Жон нь Ким Жон Уны төрсөн дүү төдийгүй түүний хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг мөн тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй аж. Тэрээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч даргын албыг хашдаг аж.