"Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Мөнхбаатар болон тус компаний гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийн асуудлаар хэлцэл хийх хүсэлт хүргүүллээ. Энэ үеэр Ц.Мөнхбаатар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоолд "Эрдэнэт үйлдвэр" ХХК, "Монголросцветмет" ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг хэлцэл хийж төрийн өмчид авах арга хэмжээг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. Үүний хүрээнд бид дахин хүсэлт хүргүүлж байна.
УИХ-ын тогтоолоор хэлцэл хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Өнгөрсөн 2 удаагийн шүүхийн шийдвэрээр хэлцэл хийгээгүй гэх шийдвэр гарч манай 49 хувийн хувьцааг сэргээсэн. Иймд сүүлийн үед болж байгаа үйл явдалтай холбогдуулан энэ хэлцлийг дахин хийх хүсэлтээ хүргүүлж байна. Өмнө нь хэд хэдэн удаа манай компаний зүгээс Ерөнхий сайд болон бусад холбогдох хүмүүст уг хүсэлтийг хүргүүлж байсан" гэлээ.