Монгол Улс татварын багц хуулиа багцаар нь шинэчлэхээр дуншиж байна. Ганц нэг заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах бус, агуулгаар нь шинэчилнэ. Сангийн яамныхан өнгөрсөн жилийн эхээр татварын багц хуулийг шинэчлэх төсөл боловсруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдээс санал авч, хэлэлцүүлэг өрнүүлж эхэлсэн. Угтаа тэд өнгөрсөн онд багтаан татварын багц хуулийг батлуулах зорилт тавьсан байлаа. Гэвч улс төрийн нөхцөл энэ хуулийг хэлэлцэх таатай боломж олгоогүй юм. Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг удахгүй эхлэх УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр Сангийн яамныхан бэлтгэж байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрт хамаатай учраас татварын хуулийн шинэчлэлийг сайтар хэлэлцэж байж батлах нь дамжиггүй.
Манай улс өнгөрсөн жил Европын холбооны татварын “Хар жагсаалт”-д багтсан. Ингээд татварын хуулиа шинэчилнэ. Дэлхийн нийтэд нэвтрүүлсэн дэвшилт стандартад хүргэнэ гэж амлаж, “хар жагсаалт”-аас хасуулсан юм. Бид энэ онд багтаан татварын багц хуулиа шинэчилж чадахгүй бол “Хар жагсаалт”-д дахин “морилж”, аж ахуйн нэгжүүд гараа хүлүүлнэ. Тиймээс татварын хуулийн шинэчлэлийг батлах нь улс оронд тулгамдсан асуудал юм. Манай улс 2006 оноос хойш татварын багц хуулиа шинэчлээгүй. Тиймээс олон улс татвараас нуугдах нөхцөл бүрдүүлж болзошгүй онгорхой цоорхойтой хоцрогдсон хуулиа шинэчил гэж “шахсан” хэрэг.
Монгол Улсын эдийн засаг 13 жилийн өмнөхөөс тэс ондоо болж, өргөжин тэлсэн, уул уурхайн салбар асар хурдтай хөгжсөн. Тиймээс шинэ орчиндоо нийцүүлсэн хууль батлах нь зайлшгүй юм. Дэлхийн нийтийн татварын систем ч нарийн зохицуулалттай болоод буй. Сангийн яамныхан татварын багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар манай татварын систем нэг биш, нэлээд олон алхмаар дэвшинэ гэж дүгнэж буй. Хуулийн шинэчлэлтэй уялдуулан Татварын алба аж ахуйн нэгжүүдийн банкан дахь дансны мэдээллийг авдаг болно. Гаалийн хяналтын системээ сайжруулна. Ингэх нь татвараа шударгаар хураах хөшүүрэг болох нь гарцаагүй. “Хоёр тайлан” хэмээх шударга бус зүйлийг халж, татвараа шударгаар хураадаг болбол дэлэм дэвших нь тэр.
Татварын хуулийг шинэчлэхдээ хураах хувь хэмжээг нь нэмсэнгүй. Харин ч жижиг, дунд аж ахуйн нэгжийн татварын ачааллыг багасгаж, хөгжиж дэвших боломж нээжээ. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, зээлийн хүүг бууруулах хөшүүргийг татварын бодлогоороо дамжуулан хэрэгжүүлэх зүйл, заалт ч тусгасан байв. Татварын маргаан дагуулдаг онгорхой цоорхойг нь “нөхөх”-өө мартаагүйг дурдъя.
Бэлтгэсэн: Т.Энхбат
ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА
Орлого нь тодорхойгүй “олдог”-уудаас татвар хураах хэрэгтэй
“Үхэл, татвар хоёроос зайлахгүй” гэсэн сүрдмээр хэлц бий. Хэн, хэдэн төгрөгийн орлоготойгоос үл хамааран ширхэг өндөг, хайрцаг чүдэнз авсан ч татвар төлдөг. Харин иргэдийн оруулж буй орлого бүрээс бизнес эрхлэгчид маань шударгаар татвар төлж чаддаг болов уу. Тухайбал, Баянгол дүүргийн олны нэрлэдгээр “Хороолол”-д маш олон дэлгүүр, үйлчилгээний төв, гудамжинд бараа борлуулагч бий. 1000 ам метр талбайтай үйлчилгээний төвийн 2-3 ам метр тутамд нэг хүн лангуу түрээслэн, наймаа хийдэг гэвэл нийт бизнес эрхлэгчийн тоо чамгүй олон болно. Түрээслэгчид олж буй орлогоо өөрсдөө тодорхойлон, сар бүр татвар төлөх үүрэгтэй. Мөн жилийн эцсээр тайлангаа гарган татварын албатайгаа “данс нийлэх” учиртай. Лангуу эрхлэгчийн өдрийн орлого 400 мянган төгрөг гэж тооцвол, жилд 100 саяыг олдог гэсэн дүн гарна. Чамгүй ашигтай ажилладаг нь ч дамжиггүй. Тэднээс гадна гудамжинд худалдаа эрхлэгч, улирлын чанартайгаар бараа борлуулагчид, сүлжээний бизнесийнхнийг хамруулан татвар, шимтгэл авбал төсөвт төвлөрүүлэх хөрөнгө өснө. Бид дүүргийнхээ нутаг дэвсгэрт орлого олж буй иргэн, аж ахуйн нэгж бүрээс татвар авах, иргэдэд и-баримт олгуулах ажил хэр явж буйг сонирхохоор Баянгол дүүргийн татварын хэлтсээр “зочиллоо”.
Татварын албаны нэг цэгийн үйлчилгээ буюу үйлчлүүлэгч, татвар төлөгчидтэй байцаагчид нь шууд харилцдаг хэсэгт хүн бага байв. Тэнд цөөвтөр иргэн ихэвчлэн автомашины татвар, торгууль болон тэмдэгтийн хураамж төлөх аж. Зайлшгүй шаардлагатай татвараа төлөхдөө иргэд хойш суудаггүй, харин өөрөө орлогоо тодорхойлон татвар төлөх, үйлчилгээ бүртээ и-баримт өгөх журмыг хэлүүлж, шалгуулж байж мөрддөг тухай Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн дарга Н.Болормаа ярьсан. Тэрбээр “Манай хэлтсийн ажил хэвийн явж байна. Бид 17 мянга гаруй татвар төлөгчтэй харилцан, ажилладаг. Өнгөрсөн жил төсөвт төвлөрүүлсэн татварын орлогоо 101.2 хувиар давуулсан буюу 191 гаруй тэрбум төгрөг тушаасан.
Сүүлийн 2-3 жилд татварын орлого давж биелсэнд НӨАТ-ын систем нэвтрүүлсэн нь түлхэц боллоо. Цаашид ч бид үйлчилгээ эрхлэгч олон иргэн, аж ахуйн нэгжийг уг системд холбох, түүнийг үндэслэн орлогын албан татвар төлүүлэхийг зорьж байна. Лангуу түрээслүүлэгчдийн үйлчүүлэгчтэйгээ байгуулсан түрээсийн гэрээг үндэслэн татварын хэмжээг тогтоодог. Ер нь өөрөө ашгаа мэдүүлдэг татвар төлөгчдөөс олох төсвийн орлого бага багаар өсөж байна. Үүнээс гадна дүүргийн хэмжээнд хэд хэдэн том үзвэр үйлчилгээний газар бий. Тэдний үйл ажиллгаанд хяналт тавих, тасалбар бүрт и-баримт олгуулах, улмаар баримтад үндэслэн, уран бүтээлчдээс татвар авч хэвших тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Сүүлийн үед татварын систем илүү “ухаалаг” болж, иргэд заавал байцаагчтай харилцах шаардлагагүй болсоор байгаа. Үүнийг олон нийт төдийлөн ойлгоогүй, мэдээлэл муутайгаас шалтгаалан ачаалал үүсгэсэн хэвээр байна. Тухайлбал, гуравдугаар сарын 1-нээс Татварын албаны цахим хуудаснаас иргэд татвар төлөх маягтаа татан авч, бөглөн татвараа төлөх боломж бүрдсэнийг мэдээгүй нь биеэр ирж маягт нэхэн хүндрэл учруулж байна” гэлээ.
Харин Татварын хуулийн шинэчилсэн найруулгын талаар Н.Болормаа “Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зарим аж ахуйн нэгж, иргэдээс манай хэлтсийнхэн санал авч, хэлэлцүүлэг зохион, ирүүлсэн хүсэлтийг багцлан хуулийн шинэчлэлд оруулахаар Сангийн яам руу илгээсэн. Шинэ хуульд татварын систем илүү ухаалаг болохын зэрэгцээ аж ахуйн нэгж бүрийг татвараа зөв мэдүүлж, шударгаар төлөх, түүнийхээ үр дүнг татварын буцаалт, хөнгөлөлтөөр эдлэх заалт орж байгаа. Аж ахуйн нэгж, иргэний татварын тайлан мэдүүлэх тоог цөөлнө гэсэн нь иргэд болон төрийн албаны аль аль талд ачаалал үүсэхээс сэргийлэх болов уу” гэлээ.
Бэлтгэсэн: С.Цэрэндулам
АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ
Б.ТЭЛМҮҮН: Эдийн засгаа дэмжих, татвараа бүрэн хураах зорилгоор татварын багц хуулийг шинэчлэн найруулсан Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүнтэй ярилцлаа.
-Татварын багц хуулийн шинэч лэлд ямар өөрчлөлт тусгаж байгаа вэ?
-Монгол Улсын Засгийн газраас Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай болон бусад дагалдах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байна. Эдгээр нь багцаар нь боловсруулсан, хоорондоо нягт уялдаатай төслүүд учир зорилго, үндэслэлийг тайлбарлах нь зүйтэй байх. Нэгдүгээрт, эдийн засгийг дэмжих зорилго агуулж байгаа.
Энэ зорилгын хүрээнд бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын өрсөлдөхүйц байдал, эскпорт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, зээлийг хүүг бууруулах гэх мэт эдийн засгийн зохицуулалт тусгасан. Ерөнхийдөө эдийн засаг, бизнесийн суурь орчныг сайжруулах зорилготой юм. Хоёрдугаарт, хуулийн дагуу ногдуулсан татвараа бүрэн хураах, тэгш шударга байдлыг бий болгох зорилт тавьсан. Гуравдугаарт, татвар төлөгчийн эрх ашгийг хамгаалах, татвар төлөгчдийг дэмжих зорилго тавилаа.
Энэ хүрээнд татварын үйлчилгээг цахимжуулах, хялбарчлан сайжруулах, татвар төлөгчдийн тайлан бүртгэлийн зардлыг бууруулахыг зорьсон. Түүнчлэн өнөөгийн мөрдөгдөж буй татварын орчин 2006 онд шинэчлэгдсэнээс хойш 13 жилийн хугацаанд хэрэгжүүлэхэд маргаантай, хийдэлтэй, эсвэл зохицуулаагүй асуудал олон гарсан. Иймд урьд өмнө үүсэж байсан маргааны жишээ, практикийг нарийвчилж судлаад, хуулийн заалтуудыг маргаангүй, энгийн ойлгомжтой, тодорхой болгож, цэглэхийг зорилоо.
Эдийн засгийг дэмжих хүрээнд аль нэг салбарт тусгайлан хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлэхээс илүү татварын ачааллыг бууруулах, татвар төлөгчдөд хөгжих, томрох орон зай олгох, бизнесийн орчныг сайжруулах бодлого баримталж байгаа. Тухайлбал, жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын тайлан гаргах, бүртгэл хөтлөх, нягтлан бодогч хөлсөлж авах гэх мэтээр хүндрэл тулгардаг. Өөрөөр хэлбэл, татварын хууль, тогтоомжийг мөрдөх зардал нь өндөр гэсэн үг. Иймд жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгт хүрдэггүй, нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгч биш хувь хүн, аж ахуйн нэгж өөрөө хүсвэл нийт орлогынхоо нэг хувиар татварт төлж, жилд нэг удаа тайлан гаргах боломж олгохоор тусгасан.
Дунд буюу 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгох зохицуулалт оруулсан. Манай улсад бүртгэлтэй нийт аж ахуйн нэгжийн 97 орчим хувь нь жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага орлоготой. Гэвч орлогын албан татварын дөнгөж дөрвөн хувийг л бүрдүүлдэг. Тиймээс жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын орлогоос илүүтэй, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлагналын чанарыг дээшлүүлэх, хөгжих томрох орон зайг нь олгох нь чухал ач холбогдолтой юм.
Товчхондоо, тайлангаа л ёс журмын дагуу гаргачих, таны татварын ачааллыг нэг хувь болгон хөнгөлье гэж байгаа хэрэг. Дунд, том аж ахуйн нэгжүүдийн хувьд татвар ногдуулах орлого нь гурван тэрбум төгрөгөөс давсан тохиолдолд, давсан орлогоос нь 25 хувиар тооцож татвар хураадаг. Аль 2006 онд тогтоосон гурван тэрбум төгрөгийн босго бага байна гэсэн санал хэлэлцүүлгийн үед маш их гарсан. Тиймээс босгыг хоёр дахин нэмэгдүүлж, зургаан тэрбум төгрөгт хүргэхээр тусгалаа. Татвар төлөгчийг дэмжих зорилгын хүрээнд татварын тайлангийн тоог бууруулж байгаа. Жилийн орлого нь 50 сая төгрөг хүрдэггүй компаниуд жилд нэг, 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгж хоёр, томууд нь улирал бүр тайлан гаргана.
Эдийн засгийн хямрал тохиолдсон үед компаниудын борлуулалт муудаж, санхүүгийн хүндрэлд ороод татварын өртэй болдог. Энэ үед компанийн дансыг хаах гэх мэтээр захиргааны арга хэмжээ авахаас илүүтэй хамтарч ажиллах боломжийг нээж байгаа. Ийм байдалд хүрсэн компаниудад хоёр хүртэл жилийн хугацаатай график гаргаад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн татварын өрөө төлөх боломж олгоно. Хугацаанд нь татвараа төлөхгүй, тайлангаа тушаахгүй бол торгуультай гэх мэт татварын тайланг залруулахтай холбоотой хүндрэл байдаг. Иймд татвар төлөгч дараагийн татварын жилдээ багтаагаад тайлангаа залруулах боломж олгох болно. Мөн аж ахуйн нэгж, иргэд татвараа илүү төлөх тохиолдол гардаг. Илүү төлсөн татвараа буцааж авах гэхээр өнөөгийн эрх зүйн зохицуулалтын дагуу дараа жилийн татвараас суутган тооцно гэх зэргээр хүндрэлтэй байдал үүсдэг. Иймээс хуулийн төсөлд татвараа илүү төлсөн бол нэн тэргүүнд буцаан олгох зохицуулалт тусгасан.
-Эдгээр өөрчлөлтийн талаар олон нийт мэдээлэл авсан байх. Хуулийн төсөлд өөр ямар өөрчлөлт оруулж байгаа вэ?
-Экспортод чиглэсэн, хөрөнгө оруулалт ихээр шаардагддаг төслүүдийн хувьд үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлыг байгуулах хугацаа чухал байдаг. Иймд барилга байгууламжийн элэгдэл хорогдлыг тооцох 40 жилийн хугацааг 25 болгож бууруулахаар тусгасан. Тэгэхээр барилгад оруулсан хөрөнгийн зардлаа илүү хурдан хугацаанд нөхнө гэсэн үг. Манайх 26 улстай давхар татварын гэрээтэй. Давхар татварын гэрээгүй Австрали, АНУ, Япон гэх мэт манай худалдааны түнш улс руу бараа, түүхий эд экспортолж, орлого олсон бол тухайн орон болон Монгол Улсад давхар татвар төлөх нөхцөл бүрддэг юм. Хуулийн төсөлд татварын ийм давхардал байхгүйгээр тусгасан. Сангийн яамны зүгээс зээлийн хүүг бууруулахаар олон арга хэмжээ авч буйн нэг нь татварын бодлого. Энэ хүрээнд арилжааны банкны дотоод, гадаадаас татсан зээлийн эх үүсвэрийн нийт дүнд ногдуулдаг суутган татварын хэмжээг таван хувь болгон, эх үүсвэрийн зардлыг бууруулахаар хуулийн төсөлд тусгалаа. Түүнчлэн хөрөнгийн зах зээлийг дэмжих зорилгоор нээлттэй арилжаалах хувьцааны ногдол ашгийн татварыг таван хувь болгон бууруулж байна. Ийнхүү татварын бодлогоор компаниудыг нээлттэй болгохыг дэмжиж, санхүүгийн сахилга бат, засаглал нь сайжрахад түлхэц үзүүлэх юм.
-Татвараа бүрэн хураахын тулд ямар зохицуулалт хийж байгаа вэ?
-Үндэстэн дамнасан компаниудын татвараас зайсхийх боломжийг бууруулах, хаах зорилгоор олон улсын стандарт, жишиг дүрмийг нэвтрүүлж байна. Монгол Улс жил гаруйн өмнө татвараас зайлхийх гүүр улс болох боломжтой байна, ил тод биш, татварын мэдээллээ солилцдоггүй, банкуудаас мэдээлэл авч чаддаггүй гэсэн үндэслэлээр Европын Холбооны “Татварын зорилгоор хамтарч ажилладаггүй улс орнуудын хар жагсаалт”-д орсон. Улмаар 2019 ондоо багтаан татварын хууль эрх зүйн орчноо шинэчилнэ гэсэн амлалт өгч энэ жагсаалтаас гарсан. Иймд үнэ шилжилт, зээлийн хүү, төлөөний газар, мэдээлэл солилцоотой холбоотой дэлхийн хамгийн сүүлийн үеийн стандарт, дүрмийг хуулийн төсөлдөө тусгаад байна. Цаашид гадаадын 190 гаруй улстай татварын зорилгоор мэдээлэл солилцдог болчихвол Монгол Улс авах ёстой татвараа бүрэн хураах боломж бүрдэх юм.
-X тайлан гаргадаг компаниудаас улиралд 60 мянган төгрөгийн татвар хураах зохицуулалт тусгаж байгаа гэл үү?
-Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр Монгол компанижсан улс боллоо, Х тайлантай боловч үйл ажиллагаа явуулдаг, татвараас зайлсхийх гүүр болдог гэх мэт олон шүүмжлэл ирж байсан. Компани байгуулах хялбар, татан буулгах хэцүү учраас Х тайлан гаргадаг маш олон аж ахуйн нэгжтэй болсон. Татварын албанд Х тайлан тушааж буй 40 гаруй мянган аж ахуйн нэгж байна. Эдгээрийг бүртгэх, хянан шалгах гэх мэтээр татварын албанд маш их хэмжээний зардал гардаг нь татварын систем тодорхой хэмжээнд үр ашиггүй байдлыг үүсгэдэг. Иймд эдийн засгийн хөшүүргийн аргаар энэ явдлыг цэгцэлье гэсэн бодлого юм. Нөгөөтээгүүр, компани татан буулгахад татварын хяналт шалгалт талаас хялбарчлах зохицуулалт тусгасан. Одоо олон жил үйл ажиллагаа явуулаагүй компанийг хүртэл татан буулгахад бүрэн хэмжээний хяналт шалгалт хийх шаардлагатай байдаг. Тэгвэл шинэ хуулиар эрсдэлгүй байвал хялбаршуулсан хяналт шалгалтаар татан буулгах боломжийг олгох юм.
-Хувь хүний орлогын алба татварт хувь хэмжээний өөрчлөлт оруулахаар тусгасан уу?
-Хувь хэмжээг бууруулахгүй, 10 хувь хэвээр байлгана. Цалин, хөдөлмөрийн хөлсний хувьд нэлээд жигдэрсэн, хэрэгжилт ойлгомжтой байдаг. Харин хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн хувьд татварын процесс зарим тохиолдолд маргаан дагуулдаг. Иймд маргаан гаргахгүй, хувь хүний орлогын албан татварыг нэгдмэл утгаар нь ойлгох талаас нь зохицуулалт хийсэн. Түүнчлэн үсчин, тээврийн жолооч гэх мэт орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй хөдөлмөр эрхлэгчдээс тогтмол татвар хураах эрхийг орон нутагт нь олгож байгаа. Мөн хувиараа бизнес эрхлэгчийг жилд нэг удаа тайлан гаргах эрхийг нь нээсэн. Мөн оршин суугч бус, гадаад иргэдийн орлогоос авах татварын харилцааг ихээхэн ойлгомжтой болгох, цэгцлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан.
-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулах вэ?
-Хэд хэдэн онцлох өөрчлөлт оруулахаар тусгасан. НӨАТ-ын урамшууллыг улирал тутамд олгодог болгохоор тусгалаа. Үндсэн хөрөнгө худалдаж авсан тохиолдолд одоогийн хуулиар НӨАТ-ын хасалт хийх боломжгүй байдаг. Иймээс үндсэн хөрөнгө ихээр шаарддаг татвар төлөгчдөд хүндрэлтэй байна гэсэн саналууд их ирсэн. Үндсэн хөрөнгө худалдаж авсан тохиолдолд тодорхой хугацаанд НӨАТ-ын хасалт хийх боломж нээж өгнө. Мөн зээлийн хүүд НӨАТ ногдуулах, эсэх талаар маргаан ихээр гарч байгаа тул олон улсын жишигт нийцүүлэн ногдуулахгүй байхаар зохицууллаа. Үүнээс гадна хуулийн зохицуулалтыг сайжруулж, ойлгомжтой болгож буй заалт нэлээд бий.
Бэлтгэсэн: Т.Энхбат
БАЙР СУУРЬ
Татварын багц хуулийн шинэчлэлийн талаар судлаачид, бизнес эрхлэгчдийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.
Яаравчлан батлах нь зөв
Б.ЛХАГВАЖАВ (Эдийн засгийн ухааны докторант):
-Татварын хуулийн шинэчлэлийн талаар удаан ярилаа. Хуулийн шинэчлэлд оруулах зүйл заалт, журамд мэргэжилтнүүд, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг тусган, нэлээд цаг хугацаа зарцуулж “базсан” тул амьдралд ойр, хэрэгжүүлэхэд хялбар, эдийн засагт өгөөжтэй хууль төрнө гэж найдаж байна. Хамгийн чухал нь орлого олж байгаа бол татвар төлнө. Татвар төлсөн нь зах зээлээ эзэл, өргөж, боломжоо эдэл гэсэн зарчим нийгэмд үйлчлэх ёстой. Үүнийг бүрдүүлэх, татварын баазыг тэлэх онолын суурь ойлголтуудыг шинэ хуульд сайн тусгасан гэж бодож байна. Манай улсын эдийн засаг ойрын 10 жилд тогтмол өсөх төлөвтэй байгаа учраас макро түвшинд харж, татварын бодлогоо уялдуулах шаардлага үүссэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж, орлогын бүртгэлийг нэгтгэж байгаагийн хэрээр Хүн амын болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг шинэчлэх цаг нь зайлшгүй ирсэн. Хууль санаачлагч, боловсруулалтад нь хамтран оролцогчид зах зээл дэх орлогыг хянаж эхэлсэн бүртгэлдээ суурилан, татварын хуулийн дахин шинэчлэлийг эхлүүлнэ хэмээн харж байгаа. Хуулийн шинэчлэлийг яаравчлан батлах л хэрэгтэй.
Зээлийн хүүг бууруулахад нөлөөлнө
Б.СОЛОНГОО (“Авинекс партнерс” компанийн гүйцэтгэх захирал):
-Улс орны эдийн засгийн өсөлт, татварын орчин дахь олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж буй байдал, бусад хүчин зүйлийн улмаас Татварын тухай хуулийг шинэчлэх шаардлага үүссэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталж, хэрэгжүүлснээр эдийн засгийн ил тод байдлыг дэмжих, зах зээлийн өсөлтийг нэмэгдүүлэхэд түлхэц болно гэж харж байна. Мөн хөрөнгийн зах зээлийг тэлэх, гадаадаас татах санхүүгийн эх үүсвэрт тавих татварын хэмжээг бууруулах зохицуулалт нь зээлийн хүүг бууруулах, санхүүжилтийн зардлыг хэмнэхэд чухал нөлөөтэй.
Харин анхаарвал зохих зүйлд татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа ногдуулсан татварынх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний дэнчин төлөхөөр тусгасан нь татвар төлөгчийн эрхийг зөрчих шалтгаан болох юм. Мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших эрх болон үнэт цаас худалдан борлуулахад ногдуулах татварыг багасгасны сөрөг үр дагавар эерэгээсээ их гарах болов уу. Энэ мэт хэлэлцүүлгийн үеэр эргэж харах, нэмж засварлах шаардлагатай зүйл байгаа. Гэхдээ ерөнхийдөө татварын суурийг өргөжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эерэг үр дүнтэй хууль “төрнө” гэж хүлээж байна.
Буцаан олголтыг боломж гэж харлаа
Б.НАМУУНТУЯА (Бизнес эрхлэгч):
-Манайх ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг жижиг аж ахуйн нэгж. Байгуулагдаад гурван жил болж байна. 4-5 хүн цалинжуулж, борлуулалтдаа и-баримт олгон, холбогдох татвараа тогтмол төлдөг. Шинэчлэн батлах Татварын тухай хуулиар жилийн орлого нь 50 сая төгрөгөөс бага компаниуд улирал бүр татвараа тайлагнахгүй, жилд нэг л удаа тайлан гарган, орлогынхоо нэг хувиар татвар төлнө гэсэн заалт таалагдаж байгаа. Мөн банк, санхүүгийн үйлчилгээг НӨАТ-тай холбоно гэсэн нь зээл авч “хөдөлдөг” бизнес эрхлэгчид дэм болох болов уу. Хэрвээ манай үйл ажиллагаа өргөжин 50 сая төгрөгөөс дээш орлоготой НӨАТ төлөгч болбол татварынхаа 90 хувийг буцаан авна гэснийг боломж гэж ойлгож байна. Үүнээс гадна албан татвар ногдох орлогоос хасах зардалд тавих шаардлагыг тодорхой болгох, гадаадад төлсөн татварыг энд төлбөл зохих татвараас хасаж тооцно гэсэн нь үйл ажиллагаагаа өргөжүүлэн, экспортлогч болохыг зорьж буй бидэнд хэрэгтэй шийдвэр юм.
ДЭЛХИЙН ЖИШИГ
Бизнес эрхлэгчдээ дэмжихийн тулд татварын дарамтаа бууруулж байна
Улс орон бүрийн татварын хэмжээ харилцан адилгүй. Эдийн засгийн хувьд хөгжингүй орнуудад татварын орлого өндөр байдаг аж. Энэ нь иргэддээ нийгмийн халамж, үйлчилгээг сайн үзүүлдэгтэй холбоотой гэнэ. Гэхдээ Зүүн өмнөд Азийн хөгжингүй Япон, БНСУ-д татварын дарамт Өрнөдийн орнуудынхаас харьцангуй бага юм байна. Татварыг бодит болон хувийн шууд гэж ангилдаг. Бодит шууд татварыг, татвар ногдуулахаар тооцсон дундаж орлогод, хувийн шууд татварыг жинхэнэ олсон орлогод ногдуулж авдаг. Бодит шууд татвар нь өндөр байх тусам татвараас зайлсхийх явдал их гардаг гэнэ.
АНУ-д орлогоос 35 хувийн татвар авдаг нь хөгжингүй орнууд дундаа хамгийн өндөрт тооцогдож буй. Тус улсын Засгийн газар татварыг бүрэн төлүүлэхийн тулд байж болох бүх арга хэмжээг авдаг. Бүртгэлтэй аж ахуйн нэгж нь гадаадад олсон орлогоосоо ч татвар төлөх ёстой байдаг учир олон компани нь татвар багатай улс руу орлогоо шилжүүлдэг. Барагцаалсан тооцоогоор Америкийн компаниудын хоёр их наяд орчим доллар гадаадад бий гэнэ. Татвараас зайлсхийсэн асуудалд орсон “Apple”-ийн ерөнхий гүйцэтгэх захирал Тим Кук АНУ-ын Конгресст дуудагдаж, тайлбар хийхдээ тус компанийн бэлэн мөнгөний 90 орчим хувь нь хилийн чанадад байршдагийг мэдээлж байв. Үүнээс өмнө тэрбээр татварын хуульдаа өөрчлөлт оруулахыг хууль тогтоогчдодоо уриалж байжээ. Тэр үед сенатч Роб Портман “Америкийн компаниуд хилийн чанадад бүртгүүлж, гадаадын компаниудад худалдагдаж, ажлын байр, хөрөнгө оруулалтад хохирол учирч буй учир татварын хуульдаа өөрчлөлт оруулъя” гэсэн санал тавьсан байна. Гадаад эзэнтэй, Америкийн компаниуд татварын 10 хувийн хөнгөлөлт эдэлдэг бол улсдаа бүрэн татвар төлдөг нь илүү ачаа үүрч, өрсөлдөөнд ялагддаг гэнэ.
Харин манай өмнөд хөршийн эрх баригчид үйлдвэрлэл болон хувийн бизнесийг хөгжүүлэхийн тулд энэ онд 194 тэрбум долларын татварын хөнгөлөлт үзүүлж, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр их наяд юаниар бууруулахаар төлөвлөжээ. Түүгээр зогсохгүй нэмүү өртгийн татвараа ч бууруулах гэнэ. Энэ нь хувийн компаниудын орлогыг дунджаар хоёр хувиар нэмэх аж. Бизнес эрхлэгчдээ дэмжихэд чиглэсэн бодлогын хүрээнд өнгөрсөн оны татвар, хураамжийн хэмжээ 184 тэрбум ам.доллароор буурсан гэнэ.
Бэлтгэсэн: З.Гал