ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Эрдэнэт" үйлдвэрт онц байдал зарлаж, дэглэм тогтоох Засгийн газрын шийдвэрийг үйлдвэрийнхэнд танилцууллаа.
Тэрбээр "Засгийн газрын ээлжит хуралдаанаас 91 дүгээр тогтоол гаргасантай холбогдуулан Ерөнхий сайд яаралтай ажлын хэсэг байгуулж, Эрдэнэт үйлдвэр дээр ажиллах үүрэг өгсөн. Тус тогтоолд Эрдэнэт үйлдвэр дээр үүсээд буй маргаантай нөхцөл байдлыг шийдвэрлэх, үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг цаашид хангуулах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан тус үйлдвэрийг Засгийн газрын хяналтад авч, зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоосугай хэмээн заасан. Энэ хугацаанд ажлын хэсэг “Эрдэнэт үйлдвэр”-т нийт 11 ажил зохион байгуулах юм.
Ажлын хэсгээс Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу онцгой дэглэм тогтоох тогтоолын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (ТӨБЗГ)-ын удирдлагуудтай ярилцсаны үндсэнд холбогдох бүтцийн өөрчлөлт хийж, зарим албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зайлшгүй шаардлага үүссэн. Учир нь мөнгө угаалт байж болзошгүй хэмээн ЦЕГ, АТГ дээр шалгагдаж байгаа юм.
Тухайлбал, тус үйлдвэрийн 49 хувийг эзэмшигчдийн төлөөлөгч болох найман хүнийг ажлаас нь чөлөөлж, тэр дор нь есөн өрөөг нь битүүмжилж байна. Энэ хүрээнд тус өрөөнд ажиллаж байгаа хүмүүс ямар нэгэн бичиг цаас авч гарахыг хориглоно. Засгийн газрын комисс ч мөн аливаа нэгэн бичиг баримтад гар хүрэхгүй. Үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Бүтцийн өөрчлөлт хийж, дарга нарыг цомхотгосон. Нэг ч хүн нэмж томилохгүй" гэлээ.
Чөлөөлөгдөж буй албан тушаалтнуудын хувьд:
- Тэргүүн дэд захирал
- Эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
- Хөгжлийн бодлогийн газрын дарга
- Хууль эрх зүйн газрын дарга
- Хууль эрх зүйн газрын даргын орлогч
- Хангамжийн хэлтсийн дарга
- Ерөнхий нягтлан буюу санхүүгийн хэлтсийн дарга
- Захиргаа, хүний нөөцийн албаны дарга нар юм байна.
Онц дэглэм гэдэг нь үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол учруулахгүй бөгөөд шаардлагатай шалгалт хийх, санхүүгийн бичиг баримтыг авах байдлаар онцгой дэглэмийг тогтоох юм байна.