Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хийсэн мэдэгдлийн эсрэг Шүүхийн ерөнхий зөвлөлд гомдол гаргаж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол улсын үндсэн хуулийн 16-ын 14 дэхь хэсэгт зааснаар "Иргэн шүүх шударга шүүхээр шүүлгэх эрхтэй", 16-ын 49 дэхь хэсэгт "Монгол Улсын эрх бүхий албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга тэргүүтэй хүмүүс шүүхийн үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар оролцохгүй байх үүрэг хүлээдэг юм билээ. Үүний хүрээнд бид дараах гомдлыг хүргэж байна. Тухайлбал, хэдхэн цагийн өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөө маргаашгүй болох гэж байгаа шүүх хурал дээр шүүгч нар хэрхэн шийдвэр гаргахыг харъя, бид анхааралтай ажиглаж байгаа, хэвлэл мэдээллийнхэн хараарай хэмээн мэдэгдсэн нь шүүгчийн хараат бусаар шийдвэр гаргахад нөлөөлж байгаа нь ажиглагдсан. Монгол Улсад аливаа иргэн, байгууллага буруутай эсэх нь шүүхээр шийдэгддэг. Үүнээс өмнө манай байгууллагыг мөнгө угаасан гэх гэмт хэрэгт буруутгасан. Энэ нь Үндсэн хуульд заасан хувь хүний эрхийг зөрчиж байгаа юм. Иймд эрхээ хамгаалуулах, Шүүхийн ерөнхий зөвлөл хараат бусаар ажиллаач гэсэн гомдол хүсэлтийг хүргүүлж байна.
Манай компанитай холбоотой үүсээд буй үйл явдалд Эрдэнэт үйлдвэрийн 51 хувьтай холбоотой “Жаст”-ийн Ш.Батхүүгийн хэрэг дарагдаад өнгөрлөө. Шүүхийн процесс, хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь тодорхой хугацаатай байдаг юм байна. Таван жилийн хугацаатай явдаг юмыг хойшлуулсаар байгаад тэр нөхөр ямар нэгэн ялгүй өнгөрөх вий гэсэн хардлага байна. Миний бие өчигдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө өмгөөлөгчтэй явж байгаагаа хэлсэн. Гэтэл өнөөдөр би өмгөөлөгчгүй болсон. Яагаад гэвэл өмгөөлөгчийг маань нэр бүхий хүмүүс дарамталснаас болоод өмгөөлөгчгүй болсон. Өөрийнхөө эрхийг хэрхэн хамгаалуулахаа ч мэдэхгүй байна.
Тодорхойгүй машинууд байнга араас дагадаг. Энэ гомдлоо Тагнуул, Прокурорт өгсөн ч өнөөдөр ямар нэг арга хэмжээ аваагүй. Хяналтын камер 14 хоногийн хугацаатай бичдэг. Таны хэлж ярьж байгаа зүйлийг нотлох боломжгүй гээд л хэргийг хаачихдаг.
Хэдхэн цагийн өмнө Л.Оюун-Эрдэнэ сайд Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой байдал тогтоох болсноо хэлж байна. Улсын үйлдвэрт онц байдал зарладаг тохиолдол дэлхийд хаана ч байхгүй. Хүмүүсийн амь нас эрсдэх нөхцөл үүсвэл л онц байдал зарлаж байсан ганц нэг тохиолдол олон улсад гарч байсан.
Яаж онц байдал зарлах гэж байгааг үнэндээ би ойлгохгүй байна. Үйл ажиллагаанд нь доголдол бүү үүсгээсэй. Бараа бүтээгдэхүүнээ худалддаг, олон улсын компанитай хамтран ажилладаг процесс нь зогсчих вий дээ гэж болгоомжилж байна" гэлээ.