Эрүүгийн цагдаагийн албаныхан гүйцэтгэх ажиллагаа явуулж Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон болон “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг өнөөдөр "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийн асуудалтай холбогдуулан баривчлан, мэдүүлэг авсан билээ.
Албан ёсны эх сурвалжаас мэдээлж буйгаар тэднийг яллагдагчаар тооцон, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулахаар болсон байна.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албанаас эдгээр сэжигтнүүдийг цагдан хорих хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлжээ. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу прокуророос уг хүсэлтийг хүлээн авч, шүүхэд хүргүүлэхээр болов. Гэтэл одоогоор ажлын цаг дууссан учир сэжигтнүүдийг Цагдан хорих 461 дүгээр ангид түр саатуулахаар боллоо.
Харин маргааш буюу гуравдугаар сарын 6-нд шүүх Д.Эрдэнэбилэг, О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нарыг цаашид цагдан хорьж шалгах эсэхийг шийдэх аж.