Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд АТГ болон ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан хариуцсан чиглэлээрээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ. Тэгвэл ЭЦА-ныхны шалгасан хэргийн мөрдөн байцаалт дуусаж, шүүхэд шилжүүлэх санал гарган НПГ-ын хяналтын прокурорт хүргүүлсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Н.Золжаргалыг 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2- т заасан Төрийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцон шалгасан гэнэ. Тэрбээр дээрх албан тушаалыг хашиж байхдаа Монголбанкны гадаад валютын нөөцийг нэмэх, зээлийн хүүгийн өсөлтийг бууруулах, ханшийн эрсдэлээс хамгаалах нэрээр 2014-2016 онд арилжааны банкуудтай урт хугацаат своп хэлцэл хийсэн аж. Ингэхдээ урт хугацаат своп хэлцэл хийх журмаа зөрчиж, арилжааны банкуудад ашигтай гэрээ байгуулан Төв банкийг 156.5 тэрбум төгрөгийн алдагдалд оруулсан гэнэ. Мөрдөн байцаалтын явцад нийт 554.7 сая ам.долларын 20 гаруй ийм хэлцэл байгуулан хэрэгжүүлсэн нь тогтоогдсон байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа