Манай улсад ирж буй болон үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулагчдад нэг цэгээс үйлчлэх төв “Invest in Mongolia center” өнөөдөр үүдээ нээлээ.
Засгийн газрын II байр буюу ХНХЯ, УУХҮЯ-ны өөдөөс харсан Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн байранд байрлаж буй төвийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нар нээж, бусад олон улсын байгууллага, манай улсад суугаа ЭСЯ-ны төлөөлөл, бизнес, хөрөнгө оруулалтын байгууллагуудын төлөөлөл цугласан байлаа. Мөн нэг цэгийн үйлчилгээнд хамрагдаж буй Улсын бүртгэл, татвар, Гадаадын иргэн харьяат, нийгмийн даатгал зэрэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдлага, албан хаагчид оролцлоо.