Гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг багасгаж, хөрөнгө оруулагчдад тулгардаг хүндрэлийг арилгаж, илүү таатай орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой үйл ажиллагааг эрхэлдэг УБЕГ, ТЕГ, ГИХГ, НД болон бусад салбарын яам, агентлагуудын төрийн үйлчилгээг танхимын болон цахим нэг цонхоор үзүүлэх үндсэн зорилгоор "Invest in Mongolia center" нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулагн ажиллуулж эхэллээ.
Нээлтийн арга хэмжээг УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Штефан Дуппел нээж үг хэлсэн бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан "Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалт" илтгэл мэдээлэл хийлээ. Мөн олон улсын байгууллага, гадаад улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ууд, бизнес, хөрөнгө оруулалтын чиглэлийн төрийн бус байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирж оролцлоо.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: "Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулснаар хөрөнгө оруулагчдад үзүүлж буй төрийн үйлчилгээг нэр дороос, хурдан шуурхай хүргэж, цаг хугацааг хэмнэж, цаашилбал, хөрөнгө оруулагчдын сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлж, итгэлийг сэргээн шинэ болон дахин хөрөнгө оруулалт нэмэгдэх боломжийг бүрдүүлж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд төрийн үйлчилгээгээ хөнгөвчилж, шуурхай болгох асуудлыг олон жил тавьж байсан. Үүнийх нь дагуу бид уг ажлыг хийж гүйцэтгэлээ. Түүнчлэн бид Германы техник хамтын ажиллагааны байгууллагатай хамтран "Big Data" төвийг байгуулж байгаа. Энэ нь Монголын бизнесүүдийн талаарх бүх мэдээллийг нэгтгэсэн байх бөгөөд ингэснээрээ гадны хөрөнгө оруулагчид Монголд ирээд бизнесийн хамтрагчаа олоход илүү дөхөм болно гэж үзэж байна" гэв.
ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел "Германы хөгжлийн туслалцааны хүрээнд бид хэд хэдэн чиглэлээр Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Үүний нэг нь эдийн засгийг солонгоруулах төсөлтэй холбогдуулан хэрхэн Монголын хөрөнгө оруулалтын зах зээлийг нэмэгдүүлж, гадныханд илүү нээлттэй болгох тал дээр төвлөрч ажиллана. Мөн мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлж байна. Түүнчлэн "Дата бааз" бий болгох тал дээр ажиллаж байна.
Түүнчлэн гадаад зах зээл дээр Монголыг таниулах нь чухал ахлам юм. Энэ үүднээс Германы хөгжлийн туслалцааны хүрээнд гуравдугаар сард зохион байгуулагдах томоохон арга хэмжээний хүрээнд Монголын эдийн засгийн боломж нөхцлүүдийг манай Элчин сайдын яам болон Хөгжлийн туслалцааны зүгээс Монголыг сурталчилан таниулах тал дээр анхаарах болно" гэлээ.
Нэг цэгийн үйлчилгээний төвөөс дараах төрийн үйлчилгээ, зөвлөгөө, мэдээллийг гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлж байна. Үүнд:
- Хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчны зөвлөгөө, мэдээлэл;
- Хөрөнгө оруулалтын татварын болон татварын бус дэмжлэг, баталгааны зөвлөгөө, мэдээлэл;
- Төрийн үйл ажиллагаатай холбоотой хөрөнгө оруулагчдад тулгарсан гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх цахим системийг ажиллуулах;
- Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэл, оноосон нэрийн баталгаажуулалт, нэмэлт, өөрчлөлт, лавлагаа, тодорхойлолт, хөрөнгө оруулагчийн карт, бусад түүнтэй холбоотой дагалдах үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл;
- Татварын зөвлөгөө мэдээлэл, татвар төлөгчийн бүртгэл, тоон гарын үсэг олгох, лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, тайлан хүлээж авах, гадаад хөрөнгө оруулалттай компаниуд, хөрөнгө оруулагчдын авто тээврийн хэрэгслийн татвар хураах;
- Монгол Улсын виз, визийн зөвшөөрөл олгох, түр ирэгчийн бүртгэл, хасалт хийх болон оршин суух зөвшөөрөл олгох, сунгалт хийх, түүнтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл;
- Нийгмийн даатгалын бүртгэл тайлан хүлээж авах, лавлагаа, тодорхойлолт гаргах, зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг үйлчилгээнүүд багтаж байна.