Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн нутаг Нам хүзүүвч нэртэй газарт “Нью орем” компанийнхан өнгөрсөн жил ашигт малтмалын хайгуул хийжээ. Гэвч нутгийн иргэд эсэргүүцэн тус компанийнхныг хөөсөн байна.
Хурим найранд оролцсон халамцуу иргэд хайгуул хийж байсан хүмүүсийг элдвээр гоочлон, нутгаасаа явахыг “тушаажээ”. Хэд хоногийн дараа нөгөөдүүл нь хайгуул хийхээр суурилуулсан тоног төхөөрөмжөө хураагаад явж одсон гэнэ. Ашигт малтмалын хайгуул хийж буй газраас Чандмань багийн иргэдийн ундаалдаг харз 500 метр зайтай. Олон үе дамжин ундаалсан чандмань эрдэнэ нь уул уурхайн нөлөөгөөр ширгэх вий хэмээн нутгийн иргэд болгоомжлон тэднийг хөөсөн хэрэг. Хэрэг явдал ингээд дууссангүй. “Нью орем” компанийнхан Нам хүзүүвч хавиар мөнхийн харзаа бараадан нутагладаг залуу малчин Т.Батболдыг хөрөнгө зардлаа төлүүлэхээр шүүхэд өгнө гэж сүрдүүлсэн гэх. Мөн Иргэдийн нийтийн хурлаа хийж, дээрх газраас ашигт малтмал олборлуулахгүй гэсэн шийдвэр гаргуулсан Чандмань багийн даргад хөөгдсөн компанийнхан “Хөрөнгө зардлыг маань төлөөрэй” гэж хэлсэн байна. Тус компанийнхан нутгийн иргэдээс тэрбум гаруй төгрөг гаргуулна гэж ярьж яваа сурагтай.
Хангай сумын Засаг дарга Д.Өрнөхбаяртай холбогдоход “Манай нутгийн иргэд тэнд ашигт малтмалын хайгуул хийхийг эсэргүүцэж байгаа. Бид Нам хүзүүвчид олгосон “Өлзийт уул” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар ажиллаж байна” гэлээ. Тэд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт ханджээ. Тус газраас “Лицензтэй талбайн тодорхой хэсэг нь “Урт нэртэй” хуулийн хязгаарлалтын бүсэд багтсан байна. Гэхдээ тусгай зөвшөөрөл цуцлах 10 үндэслэлийг хангаагүй учраас боломжгүй” гэсэн хариу ирүүлжээ. Авлигатай тэмцэх газраас Д.Өрнөхбаяр дарга руу утасдаж, “Засгийн газар зөвшөөрөл олгосон газарт ашигт малтмалын хайгуул хийж байгааг та эсэргүүцэх үндэслэлгүй. Тиймээс лиценз эзэмшиж буй компанийг ажлаа хийх боломжоор ханга” гэсэн заавар өгчээ. Д.Өрнөхбаяр “Иргэд маань газар нутгаа ухуулахгүй гэж тэмцэж байхад би дэмжих ёстой. Ямар төрлийн ашигт малтмал хайж байгааг нь “Нью орем” компанийнхнаас асуухаар гянтболд гэж хэлдэг. Үүнээс өөр тодорхой мэдээлэл өгдөггүй. Бид энэ лицензийг цуцлуулах байр сууриндаа бат зогсоно” гэсэн юм. “Нью орем” компани тэнд ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрлийг 2008 онд авчээ. Лицензийн хугацаа нь хуулийн дагуу 2020 онд дуусна.
Уул уурхайн компани, нутгийн иргэдийн дунд үл ойлголцол үүсдэгийн тодорхой жишээ энэ. Ийм жишээ Монголд олон тохиолдох болсон. Анзаарвал Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Хэнтий зэрэг уулархаг, нуур гол, булаг шанд ихтэй нутгийн иргэд уул уурхайн хайгуул, ашиглалтыг илтэд эсэргүүцэж буй. Уулархаг учраас дээрх нутгийн хүн зон гол усаа даган төвлөрөн суудаг онцлогтой. Тиймээс ч тэд малын бэлчээр, ус ундаа хамгаалахын тулд уурхайг эсэргүүцэх хандлагатай байдаг.
Монголчууд усыг эртнээс чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн. Тиймээс уул уурхайгаас олох ашиг орлогоос илүү газар дэлхийгээ хайрлах, ялангуяа ундны усаа харамлах зөн мэдрэмж хөдөөгийн иргэдэд хамгийн түрүүнд буудаг.
Ингээд тэд газар нутгаа сэндийчүүлэн, хүнд машин механизмын хөлөөр боссон тоос шороонд онгон дагшин байгаль, малын бэлчээрээ даруулахгүй гэсэн тэмцэлд мордож байна. Нутгийн иргэдийн тэмцэл хурцдан уул уурхайн компанийн техник хэрэгсэл рүү сум тавьсан тохиолдол гарсныг монголчууд мэднэ. Засгийн газрын зөвшөөрлийн дагуу хайгуул хийхээр тухайн нутагт очиж буй компанийг буруутгах аргагүй. Тэд ажлын байр бий болгож, газрын хэвлийн нөөцийг олборлон, баялаг бүтээн, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах гэж буй аж ахуйн нэгжийнхэн. Мэдээж аливаа бизнес ашгийн төлөө байдаг учраас тэд олзны төлөө явж байгаа нь тодорхой.
Тэгвэл нөгөө талд оршин суугаа нутаг усаа онгон дагшнаар нь хадгалж, амьдрах орчныхоо төлөө тэмцэж буй иргэдийг буруутгах аргагүй. Гэтэл тухайн компани олон жил лицензийн төлбөр төлж, тусгай зөвшөөрөл авсан газартаа өрөм тавьж, чамгүй зардал гаргачихдаг. Нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарахаар ажил нь гацна. Эцсийн бүлэгт хэрэг явдал нутгийн иргэдийн ялалтаар төгсөх нь бий. Иргэд ч нутгаа хамгаалаад хоцорно. Харин компани хохирно. Уул уурхайн компани, нутгийн иргэдийн хооронд төрийн зохицуулалт яах аргагүй дутдаг. Төр аль нэг талд нь орохгүй, эсвэл зохицуулалт хийж ая эвийг нь олохгүй хараад суудаг нь бүр хоржоонтой.
Хангай сумынхантай адил тэмцэл хийж буй өөр нэгэн жишээг дурдъя. Баянхонгор аймгийн Заг сумын иргэд Загийн голын эх Их булаг хэмээх газарт алт ухуулахгүй гэж тэмцэж буй. Нутгийн иргэд Улаанбаатарт ирж, хоёр ч удаа хэвлэлийн бага хурал хийн, “Централ Азиа майнинг” компанийн алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар тэмцэж байгаагаа зарласан. Тус сумынхан “Их булаг бол олон булаг ундарч, Загийн голын эх ундарга болдог нутаг. Уул уурхайн компанийн хөлд талхигдан булаг шанд ширгэвэл, Загийн гол урсахгүй. Тиймээс усаа хамгаалж байна” гэдэг. Заг сумын Засаг дарга Д.Мөнхнасан “Хэдийгээр би орон нутагтаа Засгийн газрыг төлөөлөн ажиллаж байгаа ч иргэдийнхээ талд орно. Яам, тамгын газраас Их булагт алтны уурхай байгуулахыг дэмжиж ажилла гэсэн үүрэг өгвөл албан тушаалаасаа татгалзахад бэлэн” гэж байр сууриа шулуухан илэрхийлсэн удаатай.
Ерөнхийдөө ой хөвч, гол ус, булаг шанд ихтэй нутгийнхан уул, уурхайгаас ихээр жийрхдэг. Үүнээс гадна түүх, соёлын дурсгал агуулдаг нутагт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг иргэд нь эсэргүүцэж байгаа. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Төмөртэйн амаас “Блэк рок” компани өнгөрсөн жил нүүрс олборлохоор зэхсэн. Нутгийн иргэд эсэргүүцсэн, удирдлагууд нь ч дэмжсэн. Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд “Төмөртэйн аманд түүх, археологийн дурсгал олон. Тиймээс аймгийн удирдлага тэндээс нүүрс олборлохыг эсэргүүцэх бодлого баримтална” гэж хэлсэн юм. Дээрээс нь эсэргүүцэж буй иргэд Дэлгэр мөрөнд нөлөөлнө гэсэн хачир дайсан. Мөн л гол ус бохирдуулна гэж болгоомжилсон байна.
Одоо хэрхэх вэ. Уул уурхай бол Монголын эдийн засгийн гол тулгуур болсон салбар. Манай улсын зах зээлд эргэлдэж буй гурван төгрөг бүрийн нэг нь уул уурхайн салбараас хамааралтай гэхээр ямаршуухан орон зайг эзлэх хэмжээнд хүрсэн нь илэрхий. Цаашдаа уул уурхайн салбар Монголын эдийн засгийн гол тулгуур хэвээр байх нь дамжиггүй. Тиймээс ч уул уурхайн салбарыг хөгжүүлэхийн тулд Засгийн газар геологи хайгуулын бодлогоо улам сайжруулж байгаа. Гэхдээ л алдаа, оноо бий. Алдаа, оноо байгаа нь уул уурхайн компани, ард иргэдийн хооронд “зодоон” үүсэж буйгаас бэлхнээ харагддаг. Хүн ам төвлөрөн суурьшдаг, нуур ус, гол горхи, ой хөвчид ойр газарт ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олгох нь зөв үү. Энэ асуултад Засгийн газраас хариу өгөх шаардлагатай байгаа юм.
Уг нь ой хөвч, гол усаа хамгаалах зорилгоор “Урт нэртэй” хууль баталсан. Эл хуулиар ой мод, усны эх бүрэлдэх газар, голын голдирлоос 200 метрийн зайтай газарт хөрс хуулах, уул уурхайн олборлолт явуулахыг зөвшөөрсөн юм. Гэвч ой мод, гол ус, булаг шанд, түүх археологийн дурсгалтай нутагт амьдардаг иргэд газраа хөндүүлэхийг тэвчихгүй байна. Тиймээс “Урт нэртэй” хуулийн хязгаарлалтын хэмжээг нэмэх, бүр цаашлаад хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох саналыг УИХ-ын зарим гишүүн гаргаж байгаа. Эс бөгөөс ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохдоо иргэдийн саналыг авдаг зохицуулалт хийх шаардлагатай юм. Иргэд тухайн газарт ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгохгүй гэвэл шийдвэртээ тэдний саналыг гол болгох нь зүйтэй. Ийм зохицуулалт байхгүйгээс иргэд, аж ахуйн нэгж хоёрын дунд үл ойлголцол үүссээр байна. Мөн тусгай хэрэгцээнд авсан газар нутагт зөвшөөрөл олгохыг бүрмөсөн хориглох хэрэгтэй. Ашигт малтмал, газрын тосны газрынхан “2000-аад оны үед олгосон тусгай зөвшөөрлүүдэд асуудал үүсээд байгаа” гэж тайлбарласан. Онгон дагшин байгалиа хамгаалах тэмцэл он цагаас үл хамаардаг билээ.