Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-15-ны өдрүүдэд Ром хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Удирдах зөвлөлийн 42 дугаар хуралдаанд оролцов.
Сайд Ч.Улаан Ром хотноо ажиллах үеэрээ Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын Монголын хэсгийн даргын хувиар тус комиссын Италийн хэсгийн дарга, Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Микелэ Жерачитай уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Италийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон төдийгүй бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Италийн дэвшилтэт технологийг Монголын түүхий эдтэй хослуулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар олон жил яригдсан асуудлыг ажил хэрэг болгоход онцгойлон анхаарахаар тохирлоо. Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын 3 дугаар хуралдааныг ээлжийн дагуу энэ оны эхний хагаст Ром хотноо зохион байгуулахаар тохиров.