Австрали, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu mines” компани зэс, алтны “Хармагтай” төслийн талбайд өрөмдлөг хийж буй. Тэндээс борнитын эрдэсжилтийн бүс илрүүлсэн талаар тус компани цахим хуудсандаа мэдээлэв. “Xanadu mines”-ын гүйцэтгэх захирал Эндрью Стюарт “Борнитын эрдэсжилт илэрсэн нь “Хармагтай” төслийн хүдэр өндөр агуулгатай гэж үзэхэд түлхэц болж байна” хэмээн тодотгожээ.
Уг төсөл нь Өмнөговь аймгийн нутагт, Улаанбаатараас 420 орчим км зайтай оршдог бөгөөд “Xanadu mines” ашиглалтын тусгай зөвшөөрлийг нь 30 жилийн хугацаатай эзэмшиж буй. Тус компани уг ордын нөөцийн төлөвийг өмнө нь шинэчлэн танилцуулахдаа 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алтны нөөц тогтоосон гэж байсан юм.
Тус компани Дорноговь аймагт зэс, алтны “Улаан уул”, Булган аймагт зэсийн порфирын “Шар уул” төслийг мөн хэрэгжүүлдэг билээ. Дээрх мэдээлэл цацагдсаны дараа хувьцааных нь ханш 16.7 хувиар дээшилж 0.11 австрали долларт хүрчээ.