Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Боловсролын зээлийн сан” шинээр байгуулж, оюутан, суралцагчдад үндэсний тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж үзүүлэх тогтолцоог ил тод, нээлттэй болгож, хүртээмжийг нэмэгдүүлнэ гэж заасны дагуу 111 дүгээр тогтоолоор Оюутны хөгжлийн зээлийн анхны журмыг баталсан түүхтэй. 2016 оны намраас хойш жил болгон шахам журмаа шинэчлээд (сайд солигдох тоолонд гэсэн ч болно), янз бүрээр үзэж байгаа ч оюутан суралцагчдыг сургалтын төлбөрийн дарамтгүйгээр дээд боловсрол эзэмшүүлэх гэсэн төр, засгийн бодлого, төсөвлөсөн мөнгө нь зорилтот эздэдээ төдий л хүрэхгүй байна.
Үүний тод жишээ нь Оюутны хөгжлийн зээлд зориулан улсаас төсөвлөсөн төсөв мөнгөний гүйцэтгэл тун хангалтгүй байгаа тул жил ирэх тусам хувь хэмжээг нь бууруулсаар буй явдал юм. Тухайлбал,
2017 онд “Жилийн тавхан хувийн хүүтэй зээл шүү” гэсээр 90 тэрбумын ланжгар төсөв тавиулсан ч арилжааны банкууд үүнээс ердөө 4.8 тэрбум төгрөгийн зээл л гаргаж. Дээрх 90 тэрбум төгрөгөөс эхний ээлжинд 8.5 тэрбумыг нь зургаан арилжааны банканд байршуулсан бөгөөд жилийн эцэс гэхэд өнөөхөө ч бүрэн гүйцэд зарцуулаагүй
байсан гэсэн үг.
Харин цаана нь 80 гаруй тэрбум төгрөг бүтэн жилийн турш дэмий л түгжигдсэн хэрэг. Тиймээс 2018 онд төсвийг нь 75 тэрбум болгож бууруулснаас гадна Ц.Цогзолмаа сайдаар томилогдонгуутаа журмыг нь дахин шинэчилж, Оюутны хөгжлийн зээлийг банкаар бус, “Боловсролын зээлийн сан”-гаар дамжуулан, барьцаагүй, хүүгүй, хамтран зээлдэгч шаардахгүй олгодог болгосон. Ингэсэн тулдаа шинэ журам хэрэгжиж эхэлсэн тавдугаар сарын 1-нээс хойших хугацаанд 13 тэрбум төгрөгийн зээл олгосон байгаа юм. Түүнээс биш өнгөрсөн оны эхний дөрвөн сарын байдлаар банкууд ердөө 670 орчим сая төгрөгийн зээл олгосон байдаг.
Уг нь 75 тэрбум төгрөгийн санхүүжилтийг бүрэн дүүрэн ашиглаж чадсан бол 33 мянгаад оюутан, тэдний ар гэрийнхэн сургалтын төлбөрийн ямар нэг дарамтгүй байх байсныг мэргэжилтнүүд тооцоолоод байв. Гэвч гүйцэтгэл нь мөн л хангалтгүй байсан тул өнөө жилийн төсөвт дээрхээс 2.3 дахин бууруулж, 33 тэрбум төгрөг суулгажээ. Өөрөөр хэлбэл, ноднин хамрагдсан 7400-гаад оюутан үргэлжлүүлэн зээл авлаа гэхэд цаана нь 3000 гаруй хүнд л энэ боломж олдох нь. Төсөвлөсөн мөнгөнийх нь бодит боломж, тооцоолол ийм учраас яалтай. Одоо хамгийн гол нь дээрх 33 тэрбум төгрөгийг эхийг нь эцээж, тугалыг нь тураачихгүй яажшуухан их, дээд сургуулиудад хуваарилах вэ гэдэг маш чухал. “Өнгөрсөн жил квотоо сайн ашиглаад, олон оюутнаа зээлд хамруулсан томоохон их сургуулиуд энэ онд тэр хэмжээндээ байж чадахгүй, буурах магадлалтай. Нөгөөтээгүүр, зарим хувийн сургууль 2.8-аас дээш голч дүнтэй бакалавр, 3.2-оос дээш голч дүнтэй магистр, докторт сургалтын зээл олгоно гэдэг үндсэн шалгуурыг далимдуулаад суралцагчдынхаа дүнг зориуд өргөн, олон квот авахыг санаархах нь ч бий. Тиймээс сургуулиудад квот хуваахдаа олон талаас нь харгалзаж үзэхийг хичээж байна” хэмээн БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргалан ярьсан.
Монголын их, дээд сургуульд сурч буй 155 мянга гаруй оюутны олонх нь амьдралын боломжтой, сургалтын төлбөрөө толгой өвдөхгүй хийчихдэг хүмүүс биш. Намар хичээлийн шинэ жил дөхөхөөр “Энэ хүүхдийн төлбөрийг яаж хийх вэ” гэдэг асуулт олон айл өрхийн өмнө гарч ирдэг. Зарим нь малчны, тэтгэврийн, цалингийн зээл авч, нэг хэсэг нь мал, идээгээ зарж, сургалтын төлбөрийн мөнгө босгодог “уламжлалтай”. Чухам иймийн тулд л өнгөрсөн хавар Оюутны хөгжлийн зээлийг хүүгүй, барьцаагүй, урт хугацааны дараа эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох журам баталсан. Гэвч өнгөрсөн намар цөөнгүй их, дээд сургуулийн удирдлага оюутнуудыг “Эхлээд төлбөрөө төл. Тэгж байж хичээлээ сонгоно шүү” гэдэг шаардлага тавьсан нь давааны цаана даваа гэгчээр энэхүү зээлийн бодлогыг гацаах бас нэгэн сорилт байв.
Банкнаас зээл авахад шаарддаг учир тоймгүй олон бичиг баримт, шалгуур шаардлагаас арайхийн мулталж өглөө гэтэл сургуулиуд нь луу унжаад эхэлсэн тул “Сургалтын төрийн сангаас зээл авах боломжтой оюутнуудад битгий ийм шаардлага тавиач. Хичээл сонголтыг нь эхлээд хийлгэчих. Дараа нь зээлээ аваад, төлбөрөө төлөг” гэсэн албан бичиг хүртэл хүргүүлсэн гэдэг. Сүүлдээ аргаа бараад хамгийн олон оюутантай найман их сургуульд 6.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа өгч байж асуудлыг намжаажээ. Ингэлээ гээд манайх шиг их, дээд сургуулиудын үйл ажиллагааны зардал нь оюутан суралцагчдынхаа сургалтын төлбөрөөс шууд хамааралтай байдаг улс оронд тэднийг илт буруутгах арга бас үгүй. Анхнаасаа л сайтар бодож, тооцож, төлөвлөхгүй бол нэг ажил эхлүүлчихээд хэзээ жигдрэхийг нь хүлээн ингэж цаг алдаад байвал хэцүү.
Оюутны хөгжлийн зээл олгох ажил яагаад ийм удаашралтай явж ирснийг зөвхөн банкны шалгуур өндөр байсантай холбох нь өрөөсгөл гэдгийг бид нэгэнт харлаа. Цаана нь бас хэд хэдэн шалтгаан бий гэнэ. Хувийн голдуу их, дээд сургуулийнхан “2.8-аас дээш голч дүнтэй бакалавр, 3.2-оос дээш голч дүнтэй магистр, доктор, ЭЕШ-д 600-гаас дээш оноо авсан элсэгчид зээл авах боломжтой гэдэг онооны шалгуур чинь өндөр байна. Үүнийг багасгах хэрэгтэй” гэсэн тайлбар хамгийн түрүүнд хэлдэг байна. 2.8-аас дээш голчтой бакалавр гэдэг бол харьцангуй боломжийн шалгуур. Гэтэл энэ оноог дахиад доошлуулна гэвэл Монгол Улсад чанартай дээд боловсролын тухай ярихын хэрэггүй, харин ч бодлогынхоо эсрэг чиглэсэн ажил болох нь ойлгомжтой. Одоо тогтоосон дүнгийн шалгуурыг бууруулсан, бууруулаагүй Оюутны хөгжлийн зээлд хамрагдах оюуны чадамжтай залуус манайд өчнөөн бий тул тэднийг яаж зээлд хамруулах вэ гэдэгт л анхаарах нь зүйтэй биз.
Харин Оюутны хөгжлийн зээлийн анхны журам батлагдсанаас хойш гурван жил өнгөрч байхад “Хэзээнээс тийм зээл олгож эхэлсэн юм бэ. Мэдээгүй учраас Малчны зээл авчихсан шүү дээ” хэмээн хээв нэг хариулдаг оюутан, эцэг, эхчүүд бишгүй байдаг нь энэ ажил удаашрах бас нэг шалтгаан гэдгийг албаныхан хэлж байна. Оюутны хөгжлийн зээл хүүгүй, барьцаагүй болсон тухай ноднин хаваржингаа л мэдээлээд байхад мэдэхгүй, банкнаас өндөр хүүтэй зээл авсан гэхээр ёстой л амандаа орсон “шар тос”-ыг хэлээрээ түлхээд гаргасантай агаар нэг буюу.
Сонгуулиар аль нам, ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, Засгийн газрын үйл ажиллагаанд тэр нь яаж тусгагдсан, өөрсдийнх нь амьдралд ямар хэрэгтэй вэ гэдэгт анхаарлаа хандуулахын оронд хэрэгтэй, хэрэггүй хов жив, дуулиан шуугианд чихээ дэвсдэг нь монголчуудын гэм биш зан. “Манайхан мэдээллийн нэгдсэн платформ дээрээс өөрт хэрэгтэй зүйлээ хайж олох, хэрхэн ашиглах тухай огт боддоггүй. Хэтэрхий бэлэнчлэх сэтгэлгээтэй” гэсэн нэг мэргэжилтний үг эрхгүй нэгийг бодуулна.