Австрали улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Мэтью Восэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
Ноён Дэвид Мэтью Восэнийг Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, хоёр орны харилцааны асуудлаар ярилцав.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ноён Дэвид Мэтью Восэнийг Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдон ирсэнд нь баяр хүргэж, Монгол-Австрали улсууд хэдий хол оршдог ч бүх түвшний хамтын идэвхтэй харилцаатай байдгийг цохон тэмдэглэсэн юм. Үүний учир цаашид хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, бүх түвшинд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ноён Элчин сайдыг хичээл зүтгэл гарган ажиллана гэдэгт итгэлтэй буйгаа мөн илэрхийллээ.
Элчин сайд Дэвид Мэтью Восэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Итгэмжлэх жуух бичгийг нь хүлээн авч, цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд Элчин сайдын хувьд улс орныхоо ашиг сонирхлыг эрхэмлэхийн зэрэгцээ Монгол Улсын тэргүүлэх чиглэлүүдийг дэмжин, нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Элчин сайд Дэвид Мэтью Восэн нар хоёр орны худалдаа, бизнес, уул уурхай, боловсролын салбарын хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүч зэрэг сэдвээр ярилцаж, санал солилцов.
Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар цаашид Элчин сайд Дэвид Мэтью Восэнд цаг зав гарган, хүлээн авч уулзахад бэлэн гэдгээ илэрхийлж, ажлын амжилт хүслээ.