Ерөнхийлөгчийн сонгуулиар эрх мэдэл, албан тушаал, хууль хяналтын байгууллага, мөнгөтэй хүмүүсийн хүрээлэл, хэвлэл мэдээллийн хэрэгсэл гээд бүгдийг МАН гартаа атгаж байсан ч ард түмэн өрсөлдөгч намынх нь нэр дэвшигчийг сонгож, үүнийгээ дахин баталгаажуулсан. Энэ нь АН-ын, эсвэл Х.Баттулгын сайных бус, арай өөр нэгнийг хүссэн сонгогчдын хүлээлтийн үр дүн байв. Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболдыг дараалан өвдөг шороодуулж, тусгай дунд боловсролтой нэгнийг сонгож гаргасан нь, дараа нь мөн түүнтэй төстэй зан характертай У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болоход талархан угтсан нь иргэд хуульд биш, хүчирхэг удирдагчид найдаж буйн илрэл байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэмээх хоршлоос иргэд их зүйл хүлээсэн. 30 гэр бүл байгалийн баялгийг хуваан хүртэж, нам дотроо болон нам дамжсан дайн хийж, улс төрд залгамжлагчаа тодруулдаг, М.Энхболд, Ц.Элбэгдорж нар тэднийг удирддаг тухай ярианд итгэсэн иргэд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг бүх шатанд, салбар бүрт нүүрлэсэн шударга бусын хямралаас Монголын төрийг цэвэрлэж, төр, хууль хяналтын тогтолцоонд шударга ёс тогтооно хэмээн найдсан. Ялангуяа төрийн эрх барьж буй МАН-д шинэчлэл хийж, түүгээр дамжуулан улс төр, төрийн албанд шударга ёс тогтоож, эрүүл агаар оруулна гэж итгэсэн. Тэд ийм найдлага төрүүлж чадсан юм. Засгийн газраас иргэд гүүр, зам тавих, байшин барилга барихыг бус, төрийг цэвэрлэж, зөв голдиролд нь оруулах, төрд орж ирж, чухал албан тушаалд томилогдож буй хүмүүсийг ёс зүйтэй болгохыг л хүсэж байв.
Түүнээс хойш хоёр жил шахамын хугацаа өнгөрч, тэдний “үзүүлээд өгөх” хугацаа улам л богиносож байна. Өнгөрсөн хугацаанд тэд олон нийтийн хүлээлтэд хүрэхээр ажилласангүй. Харин “Бид шүдгүй арслан шиг байна” хэмээн гомдоллож, УИХ-ын даргын суудлыг л авбал “шүдтэй арслан” болох мэтээр дайрсаар санасандаа хүрсэн нь одоогоор тэдний байгуулсан гавьяа, хүрсэн амжилт болов. Тэдэнд “шүд” ургаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэсэн гурвал бүрдлээ.
“АРСЛАНГУУДЫН ШҮД”
Г.Занданшатар “арслангийн шүд” болж чадах уу гэдэг асуулт олон хүний амнаас гарч байна. УИХ-ын дарга болсноор өмнө нь ихэвчлэн туслах дүр, арын алба хариуцдаг байсан түүнд улс төрийн тайзнаа гол дүр оногдов. Ирэх сонгууль хүртэл богинохон боловч хугацаанд улс төрийн гол үйл явдал түүнийг тойрон өрнөх магадлал тун өндөр. УИХ-ын дарга хурал удирдахаас өөр ид шидгүй гэдэг ч хууль тогтоох, шийдвэр гаргах дээд байгууллагыг тэргүүлнэ гэдэг нь яавч бага эрх мэдэл биш.
Засгийн газарт ажиллаж байхдаа эхлүүлсэн, парламентаар эцэслэгдэх учиртай ажлуудаа гүйцээх боломж түүнд ирж байна. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, гүйцэтгэх засаглалын гал тогоог барьж явахдаа Г.Занданшатар олон ажил эхлүүлсэн. Засгийн газрын бодлого боловсруулж, зангидахад ихээхэн үүрэгтэй оролцсон. “Том асуудлаар гэрийн эзэн, жижиг асуудлаар эзэгтэй шийдвэр гаргана. Аль нь том, аль нь жижгийг эзэгтэй шийднэ” гэдэг үг түүнийг Засгийн газарт ажиллаж байхад санаанд ордог байв. У.Хүрэлсүх Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүн боловч бодлогын ихэнх шийдвэрт Г.Занданшатарын нөлөө шингэж, алдаа, оноо авчирсан ажлуудыг гардан хийж ирсэн. Тэрбээр ЗГХЭГ-ын даргын ажлыг авахдаа л эрс шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх талаар ярьж байлаа.
Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг холбох нэг бөх бат сэжим нь Г.Занданшатар болж буй. Тэр У.Хүрэлсүхийн Засгийн газрын баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлохдоо “Өнгөрсөн хугацаанд буруу замаар явсан, улсын болон нийтийн эрх ашгийг хохироож буй асуудлуудыг цэгцэлж, зөв голдиролд нь оруулах, ингэхийн тулд Монголын талд ашиггүй гэрээнүүдийг цэгцэлж, байгалийн баялгийг хараа хяналтгүй ашиглаж, цөөнх үр ашгийг нь хүртэж байгааг эргэж харах зэрэгт анхаарал хандуулна” хэмээн мэдэгдэж байв. Ерөнхийлөгч “Үндсэн хуулиар нийт ард түмнийх болохыг нь хуульчлан баталсан газрын баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэхгүй бол үндэсний эв нэгдэлд хортой тусахаар төлөв байдал ч үүсжээ. Ашигт малтмалын тухай хуулиар гадаадынхан, цөөхөн эрх мэдэлтнүүд л газрын баялгийг эзэмших нөхцөлийг бүрдүүлсэн байгааг засъя. Улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хувийн компани, гадаадынханд найр тавьж өгдгийг болиулъя.
...Засгийн газарт ажиллаж байхдаа эхлүүлсэн, парламентаар эцэслэгдэх учиртай ажлуудаа гүйцээх боломж түүнд ирж байна. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж, гүйцэтгэх засаглалын гал тогоог барьж явахдаа Г.Занданшатар олон ажил эхлүүлсэн. Засгийн газрын бодлого боловсруулж, зангидахад ихээхэн үүрэгтэй оролцсон. “Том асуудлаар гэрийн эзэн, жижиг асуудлаар эзэгтэй шийдвэр гаргана. Аль нь том, аль нь жижгийг эзэгтэй шийднэ” гэдэг үг түүнийг Засгийн газарт ажиллаж байхад санаанд ордог байв...
Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд уул уурхайд асар их найдлага тавьсан ч олигтой хожоогүй нь цаашид энэ байдлаараа үргэлжлүүлж болохгүй гэдгийн хамгийн том дохио” гэсэн нь тэднийг ам нэгтэй байгааг илтгэж байлаа. Тухайн үед “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр, “Оюутолгой” компанид 155 сая ам.долларын татварын акт тавьсан, цаашид “Оюутолгой” төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд “Туркойз хилл”-ээс авсан зээлийн хүүг бууруулах, БНХАУ-аас эрчим хүч авсны төлбөрт өгдөг 160 сая ам.долларыг дотооддоо үлдээхийн тулд Тавантолгойн ордыг түшиглэсэн цахилгаан станц байгуулах зэрэг ажлыг гэрээний дагуу шийдэх асуудал тавьж, ажлын хэсэг байгуулахаар болсон зэргийг Засгийн газрын эрс шинэчлэлийн бодлогын эхлэл гэж харж болохоор байв. Эдний зарим нь замдаа замхарсан ч Засгийн газар бодлого, чиглэлээсээ ухраагүйг Салхитын ордоор харуулсан. Хамгийн сүүлд Салхитын ордод эзэн суусан компанийг хөөхөд Г.Занданшатар биечлэн очсон нь, Цагаансуваргыг буцааж авах талаар ам нээсэн нь санаандгүй тохиолдол биш. Энэ бол Г.Занданшатарын биечлэн боловсруулсан эрс шинэчлэлийн бодлогын нэг хэсэг. Ерөнхийлөгч, Засгийн газар хэмээн хоёр институц санал солилцож, эхлүүлсэн энэ мэтийн олон ажлыг цааш явуулах, парламентаар шийдвэр гаргуулахад “шүд” хэрэгтэй байсан болохоор УИХ-ын даргыг солих нь тийм их ач холбогдолтой байсан биз.
Мөн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг Г.Занданшатар гардаж, эхлүүлсэн. Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль батлуулахаас эхэлсэн “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах ажлаа тэр УИХ-ын даргаар ажиллах хугацаандаа гүйцээхээр зүтгэх нь гарцаагүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ханцуй шамласнаас хойш хоёр жил гаруйн хугацаа өнгөрч, энэ хооронд орон даяар хэлэлцүүлэг өрнүүлэн, чамгүй хөрөнгө хүч зарцуулсан. “Эцэг хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэд хэдэн хувилбарын сураг дуулдсан ч тэгсхийгээд чимээгүй болж, одоо санаж, үгүйлэх хүнгүй шахам болоод буй. Харин Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдоод Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эрчимжүүлэхээ хэлсэн. Уг өөрчлөлтийг хийснээр Монгол Улс засаглалын хямралаас гарна гэж тэр үзэж буй. Зөв, бурууг нь одоо хэлэхэд эртдэх ч түүнд төлөвлөгөө байгаа учраас энэ хаврын, энэ парламентын үлдсэн хугацаанд өрнөх улс төр ийнхүү Г.Занданшатарыг тойрон үргэлжилнэ.