Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нохой жилийн сүүлчийн өдөр ажлаа эхлүүлж, Хэрэг эрхлэх газрын бүх дарга, ажилтантай өргөтгөсөн хурал хийсэн. Энэ үеэр тэрбээр “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувь, Хөгжлийн банкны бондын зарцуулалт зэрэг арав орчим асуудалд анхаарч ажиллахаа илэрхийлж, холбоотой баримт, материалуудыг нэгтгэж танилцуулахыг хариуцсан албан тушаалтнуудад нь даалгасан. Хийх ажил их, хугацаа бага учраас баярын амралтын өдрүүдээр ч дарга нарыг дуудаж ажиллахаа анхааруулсан тэрбээр өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагатай уулзан, бондын төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувийн талаарх мэдээллийг яаралтай нэгтгэж, маргааш танилцуулахыг үүрэгдсэн байна.
Үүгээр тэрбээр бондуудын эргэн төлөлтийг шалгахаа мэдэгдсэн юм. Өмнөх Засгийн газрын үед Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкнаас олгосон зээл, түүний эргэн төлөлтийг шалгасан удаатай. Тус ажлын хэсэг “Нийт 5.5 их наяд төгрөгийн зээл олгосон ч 1.3 их наядын зөрчил гаргасан” гээд Хөгжлийн банк өндөр эрсдэл хүлээж магадгүйг анхааруулсан байдаг.
Бэлтгэсэн: У.Наран