Жил гаруйн хугацаанд энэ том салбарыг удирдахад хамтарч ажилласан Ерөнхий сайд болон бусад гишүүддээ талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэж байна. Нэг жилийн хугацаанд хамт олонтойгоо 30 гаруй жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө чадлаараа эрч, хүчтэй зөв менежмент хийж ажиллах зорилт тавьж ажилласан. Мэдээжийн хэрэг биднийг сайн ажилласан, муу ажилласан уу гэдгийг цаг хугацаа харуулах байх. Миний хувьд хувь улстөрчийн ёс зүйн үүднээсээ энэ шийдвэрийг гаргасан.
Төгсгөлд нь хэлэхэд манай салбарт гурван сарын өмнө томилогдож ирсэн, хууль ёсны гэж хэлж байгаа Төрийн нарийн бичгийн дарга гар нийлж ажиллаж чадаагүй. Цаашид ч хамтарч ажиллах бололцоогүй, хувийн ёсзүйн болоод төрийн ажлын дадлага туршлагагүй хүн байгаа. Иймд энэ том салбарыг зөв сэтгэлтэй, төрийн ажлын туршлагатай зөв хүнийг Төрийн нарийн бичгийн даргаар ажиллуулах тал дээр онцгойлон анхаараарай гэж Ерөнхий сайдад захимаар байна. Өнөөдөр ажиллаж байгаа ТНБД Б.Баярсайханыг солихгүй бол энэ салбарын ажил явахгүй. Хэнтэй ч хамтарч ажиллах чадваргүй. Албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог. Би ямар нэгэн зүйл гадагш нь ярилгүйгээр 3-4 сарыг өнгөрөөсөн.