Улс орны төсвийн орлого, хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ойлгомжтой байлгах зэрэг зорилгоор Шилэн дансны тухай хууль баталсан. Төсвийн бүх байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд санхүүгийн орлого, зарлагын мэдээллээ Шилэн дансанд бүртгүүлэх ёстой. Эл хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага нь Үндэсний аудитын газар. Өнгөрсөн оны шилэн дансны хөтлөлтийн нэгтгэсэн дүнг тус газрынхнаас тодруулахад “Нэгдсэн дүн мэдээг батлах эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс төсвийн байгууллагуудын мэдээллийг олон нийтэд зарлах боломжгүй” гэв. Харин 2016-2017 онд эл хуулийн хэрэгжилтээр хамгийн хангалтгүй дүн авсан байгууллага нь Зам, тээврийн хөгжлийн яам. Тухайн үед дэд сайдаар нь Б.Цогтгэрэл ажиллаж байв. Шилэн дансны тухай хуулийг УИХ-аар баталсны дараах жилүүдэд тус хуулийг хэзээ хэрэгжүүлэх талаар хамгийн их ярьж, “Шилэн Цогоо” хочтой болтлоо егөөдүүлж, “шоглуулсныг” уншигчид санаж буй нь лавтай. Харин одоо энэ хуулийн талаар үг дуугарахаа больсон гэхэд хилсдэхгүй. Тус яамны шилэн дансны санхүүгийн тайлангийн мэдээлэл ч 2018 оны гуравдугаар улирлаас хойш хоосон байна.
Уг нь Шилэн дансны тухай хуулийн дөрөвдүгээр зүйлд хэрэгжүүлэх зарчмыг нь тодорхой заасан. Үүнд “Үнэн, зөв, бодитой, иж бүрэн, ойлгомжтой, ач холбогдолтой мэдээлэл оруулах, санхүүгийн мэдээллээ тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай тайлагнадаг, хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй зарлана” гэж тусгажээ. Үүгээр зогсохгүй цахим хуудасны бүтэц нь ойлгомжтой, хэрэгтэй мэдээллээ татаж авах, хэвлэх боломжтой байхаар заасан. Дээрх заалтуудыг төрийн болон төрийн өмчит байгууллагууд мөрддөг бол үргүй зардал багасахаас эхлээд олон сайн талтай байх нь гарцаагүй. Энэ талаар Монгол Улсын Гавьяат хуульч М.Чадраабал “Шилэн дансны тухай хууль бол улсын төсвийг олон түмний хяналтад оруулж буй хэлбэр. Ард түмний татвар, төр хоёр хоорондоо нягт холбоотой байгаа энэ үед шилэн дансны тайлан нь баримт, нотолгоо болох учиртай. Намуудын санхүүжилтийг улсын төсвөөс хангах тухай асуудал ярьж байна. Ирэх онд сонгууль болно. Сонгуулийн хуулийг дагаад өрсөлдөгч намуудыг төсвийн орлогоор хангачихвал иргэдийн татварын мөнгөөр УИХ-д гарна. Гарсныхаа дараа ЖДҮХС-гийн хөрөнгөөс завшсан шиг төсвийн мөнгийг хувааж идэхийг үгүйсгэхгүй. Энд хяналт тавих гол үндэс нь шилэн данс. Энэ хуулийн үйлчлийг зогсоочихвол төсвөөр “тоглох” зам улам тодорлоо гэсэн үг. Нийслэл, дүүрэг, аймаг, сумын бүх шатны төрийн байгууллага төсвийн хөрөнгийг ийм зүйлд зарцуулсан гэдгээ тайлагнаж байх ёстой. Тиймээс уг хуулийн хэрэгжилтийн явцад иргэний нийгмийн байгууллага, иргэд ч хяналт тавих хэрэгтэй. Батлагдчихсан, хэрэгжээд эхэлчихсэн, нийгэмд үр өгөөжөө өгч буй эл хуулийг өөрчилж, хүчингүй болгох ёсгүй. Энэ бол “дээдсүүдийн” дураараа аашлах гэсэн хандлага. Төсвийн мөнгөөр баяр, наадам, үр ашиггүй тэмцээн, уралдаан зохиож, өөрсдийн хүмүүсийг шагнаж буй, эсэхийг шалгах гол хэрэгсэл нь “шилэн данс”. Иргэд ч шилэн дансны хуулийн хэрэгжилтийг шаардах, хяналт тавих хэмжээний ойлголтгүй учраас төсвийн байгууллагынхан улсын мөнгийг хэрэггүй зүйлд ашиглах эрсдэлтэйг мэдэхгүй байна” гэсэн юм.
Тус хуулийг хэрэгжүүлэх нэг арга нь иргэний нийгмийн байгууллагын болон дотоод хяналтыг сайжруулж, хариуцлагын тогтолцоог чангатгах аж. Шилэн дансны тухай хуулийн ач холбогдлыг нийтэд сурталчилбал аяндаа үйлчилгээ, хэрэгжилт нь сайжирна гэж мэргэжилтнүүд үзэж буй. Эс бөгөөс шударга бус байдал, “дээдсийн” тохуурхал газар авах эрсдэлтэй юм. Тиймээс дотоод аудитын албадын хяналтыг сайжруулж, үргүй зардал гаргасан байгууллагуудыг хянаж, шийтгэлийг хатуу болгох хэрэгтэйг хуульчид хэлсэн. Нийслэлд амьдардаг 20-35 насны 200 гаруй иргэнийг бичил судалгаанд өнгөрсөн онд хамруулахад 45 хувь нь шилэн дансны талаар сонсож байсан ч нарийн учрыг нь сайн мэдэхгүй гэсэн бол 36 хувь нь “Шилэн данс байх хэрэгтэй” гэлээ. Харин 19 хувь нь “Огт мэдэхгүй” гэж хариулжээ. Уг судалгаанаас татварын мөнгө юунд зарцуулагдаж буйг хүмүүс тэр бүр сонирхохгүй байгааг ажиглаж болно. Иргэд шилэн дансны хөтлөлтийг тухай бүрт нь шаардаж байвал төсвийн мөнгө “дээдсийн” ходоодонд орохоос сэргийлэхийг үгүйсгэхгүй. Хэрэв энэ мэтчилэн Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлэхгүй юм бол үр дүнгүй төсөл, хөтөлбөрт зарцуулах эрхийг олгосон төсөв ерөнхийлөн захирагч нь хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой.
Энэ хууль хэрэгжих боломжгүй гэж ярих нэгэн бий. Гэхдээ хуулийг хэрэгжүүлэгч нь хүн байдгийг ямагт санах хэрэгтэй.