Старт-ап, инновац хэмээх харь үг монгол хэлний уугуул үг шиг өргөн хэрэглэгдэх болов. Их, дээд сургуулиа дөнгөж төгссөн залуучууд хүртэл инновацын бүтээгдэхүүн танилцуулж, үйлдвэрлэнэ, старт-ап компани байгуулна гэж ярих нь олшров. Магадгүй 10, 20 жилийн өмнө залуучуудын энэ яриа холын мөрөөдөл мэт санагдах байв. Харин одоо нийгэм тэгж хүлээж авахаа больжээ. Энэ нь дэлхий дахинд старт-ап буюу гарааны бизнес эрчимтэй хөгжиж, ийм төрлийн бизнест хүч сорих компани, хувь хүн олширсонтой холбоотой.
Манай Засгийн газар “Мэдлэгт суурилсан эдийн засаг хөгжүүлнэ” гэсэн тэргүүлэх бодлого баримталж буйтай холбогдуулан сүүлийн жилүүдэд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч буй. 2012 онд Инновацын тухай хууль баталсан манай улс Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмыг 2014 онд “төрүүлэв”. Үүний үр дүнд гарааны компаниудын төсөл “тоогдох” боломж бүрдсэн. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан төсөл үр ашигтай, хэрэгжүүлэх боломжтой гэж холбогдох байгууллага үнэлсэн тохиолдолд хуулиар эхний гурван жилд НӨАТ, орлого, гаалийн татвараас чөлөөлөх юм. Энэ хугацаанд компаниуд бүтээгдэхүүнээ гаргаж, борлуулж, туршина. Үүнээс цааш бие дааж зах зээлийн зарчмаар ажиллах ёстой. Гарааны бизнес эрхлэгчдийг ийм замналаар “босгох” нь тус журмын давуу тал байв.
Энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжих таатай хөрс болсон шинэ журам, хууль мэндэлсний дараа БСШУСЯ, ХНХЯ (одоогийн нэршил), ШУА, МҮХАҮТ, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл зэрэг байгууллага гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл, хөтөлбөрийн хур буулгасан. Зөвхөн 2014-2016 онд гэхэд инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх зорилготой 30 гаруй төсөл, томоохон хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дараа буюу 2016 онд нийслэлд Үйлдвэрлэл, инновацын газар байгуулсан нь энэ чиглэлийн бизнесийнхэнд бас л олон боломж бүрдүүлсэн. Тус газар “Экспортыг дэмжин, импортыг орлох, өндөр технологи, инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх” гол зорилготой.
Өнгөрсөн онд Засгийн газар гарааны компаниудыг дэмжих санхүүгийн таатай орчин, хөшүүрэг бий болгосныг Шинжлэх ухаан, технологийн сангийнхан онцоллоо. Тэр нь Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх инновацын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг баталсан явдал. “Ингэснээр аж ахуйн нэгжүүд үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн хангамж сайжирч, тэр хэрээр бүтээмж, эдийн засгийн үр өгөөж дээшлэх таатай нөхцөл бүрдсэн” хэмээн Шинжлэх ухаан, технологийн сангийнхан хэллээ. Мөн Засгийн газар 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасны дагуу Инновацын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, өнгөрсөн оны зун баталсан.
Манай улс гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ийн анхаарч, тодорхой ажлууд хийсээр байгаа баримт, жишээ олон. Үүний үр дүнд гарааны компаниуд ч бүл нэмжээ. 2014 онд улсын хэмжээнд 10 гаруйхан компани байсан бол одоо 40 болжээ. Гэвч тэд олуулаа болсныхоо хэрээр ашигтай ажиллаж, улсынхаа эдийн засагт хувь оруулж чадахгүй байгааг учир мэдэх хүмүүс хэлэх боллоо.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл үүнийг хатуухан шүүмжлэв. Тэрбээр “Шинжлэх ухааны салбарт бий болсон технологийн санаа, тэр тусмаа шинэлэг шийдлүүдийг хүлээж авах сэтгэл зүйн болоод ажлын туршлага, орчин алга. Үүнээс болоод хүний гар дээр тавьдаг бүтээгдэхүүн хомс байна. Сүүлийн үед гарааны компани олноор бий болсон. Гэвч тэдгээр нь үйл ажиллагааны хувьд дөнгөж л эхлэлийн шатандаа гацчихсан. Байгуулагдаад дөрөв, таван жил болсон компаниудаас бойжоод, зах зээлд өндийн босож ирсэн компани бараг байхгүй” гэв.
“Start up marketing service” төвийн зөвлөх, зах зээл судлаач Б.Төгөлдөр ч Монголын гарааны бизнес эрхлэгчдийг ингэж үнэлсэн. Тэрбээр саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Гарааны бизнес их онцлогтой. Хэрэгжүүлсэн төсөл бүхэн нь амжилт олж, туршсан бүтээгдэхүүн болгон нь зах зээлд нэвтэрдэггүй. Өрсөлдөөний талбар нь үймээнтэй. Зуун санаанаас 10-аад нь хөрсөнд буух боломжтой гэж үнэлэгдэж, түүнээс 2-3 нь л эцсийн бүтээгдэхүүн болдог. Ийм л хатуу “зарчим” үйлчилдэг. Монгол дахь старт-апууд яг л энэ хуулийн дагуу хазгай, муруй явж байна. Манай улсын хууль, журам тийм ч муу биш. Гарааны компаниуд бие даан хөгжиж, бойжих учраа олохгүй байна” гэжээ.
Гарааны компани хэмээх ойлголтыг Инновацын тухай хуульд “Инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдсан, зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлж эхлээгүй аж ахуйн нэгж” гэж тодорхойлсон байдаг. Өргөн утгаараа бол шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэл үйлчилгээнд туршин, нэвтрүүлэх гүүр болдог чухал субъект нь юм. Энэ утгаараа дэлхийн орнууд гарааны компанийг хөгжүүлэхэд асар их хэмжээний хөрөнгө “хаяж” байна. Үүний тод жишээ нь манай өмнөд хөрш. Тэндхийн компаниуд инновацын шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх гол зууч хэдийн болсон. Харин Монгол дахь гарааны компаниудын дийлэнх нь гацаатай, гайгүй зарим нь ч ашиггүй ажиллаж байгааг салбарынхан нь хэллээ.
Яагаад тэд бойжиж, өсөж өндийж чадахгүй байгаагийн шалтгааныг судлаачид санхүүгийн бэрхшээлтэй холбож тайлбарлах нь олонтоо. Ядаж л тэднийг арилжааны банкны өндөр хүүтэй зээл царайчлахгүй байлгах нь чухал хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Д.Рэгдэл “Гарааны компаниуд олон бүтээгдэхүүн хийсэн. Гэвч тэр бүтээгдэхүүнүүд нь зах зээлд ерөөсөө байхгүй. Энэ нь үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Мөн тэд зах зээлд бүтээгдэхүүнээ гаргавал гарааны компани гэдэг статусаа алдаж, татвар төлдөг болно. Тэдэнд татварт төлөх мөнгө байхгүй. Бараа бүтээгдэхүүнээс ашиг олъё гэхээр худалдан авалтын дэмжлэг байхгүй. Ийм л байдалтай байна. Эхний байдлаар гаргасан загвар бүтээгдэхүүн олон бий” хэмээсэн юм. Нийгэм, эдийн засагт ашигтай боловч эцсийн бүтээгдэхүүн болж, зах зээлд хүрч чадаагүй нь нээрэн л олон аж.
Өнгөрсөн онд нийслэлийн Үйлдвэрлэл, инновацын газраас зохион байгуулсан “Инновацын үзэсгэлэн-2018”-ын үеэр аж ахуйн нэгжүүд шилдэг гэсэн инновацын 50 гаруй төсөл, 200-гаад бүтээгдэхүүн танилцуулсан юм. Гэвч тэдний 80 хувь нь зах зээлд нэвтрээгүй, “бойжоогүй” санаа, шийдлүүд байв. Шинжлэх ухаан технологийн сангийн цахим хуудсанд ч ийм бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл өчнөөн байна. Энэ нь бас л нэг зүйлийг “хэлж” байна. Зах зээлд нэвтэрч, бизнес болон өргөжөөгүй инновацын бүтээгдэхүүнүүдийг бүртгэж, аль эсвэл гарааны компаниудыг буруутгах нь гол бус. Харин энэ төрлийн бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх механизмын чухам хаана нь алдаа доголдол буйг илрүүлж, засаж залруулах шаардлага тулгарчээ.