“Korean air” компанийн Монгол дахь монополыг задлах шийдвэрийг БНСУ-ын Засгийн газар гаргажээ. Хоёр улсын агаарын тээврийн найм дахь удаагийн хэлэлцээр өнгөрсөн 16-17-нд Өмнөд Солонгост болсон юм. Хэлэлцээрээр Улаанбаатар-Сөүлийн чиглэлд Монголоос МИАТ нисэх бол Өмнөд Солонгосын талаас “Korean air”-ээс гадна өөр нэгэн компани үйлчилгээнд гаргахаар шийдвэрлэв.
Монгол болон БНСУ дипломат харилцаа тогтоогоод 29 жил болж байгаа. Энэ хугацаанд Өмнөд Солонгос болон манай улсын агаарын тээврийн харилцаанд “Korean air”, МИАТ компани ноёрхож ирсэн. Тэгвэл “Korean air”-ийн ноёрхолд улсынх нь Засгийн газар хязгаар тавьжээ. Монополоо хадгалах, давуу боломж эдлэхийн төлөө үргэлж тэмцдэг компани яагаад буулт хийхэд хүрэв. Дотооддоо өрсөлдөгчтэй болсон ч “Korean air” компанийнхан өөрийн боломжоо авч үлджээ. Хэлэлцээрээр хоёр тал долоо хоногт 2500 суудал тэнцүү гаргахаар тохирсон.
Өөрөөр хэлбэл, Өмнөд Солонгосын “Korean air”, мөн шинээр томилогдох нэг компани 2500, манай МИАТ мөн 2500 зорчигчийг долоо хоногт тээвэрлэнэ гэсэн үг. Өмнөд Солонгосын талаас долоо хоногт есөн нислэг хийх бол МИАТ-ийнхэн 11 удаа хөөрч, 2500 зорчигч тээвэрлэнэ. “Korean air” долоо хоногт зургаан нислэг хийж, 1680 зорчигч тээвэрлэх юм. Ингэхээр тэднийх өмнөх боломжоо хадгалж үлдсэн гэсэн үг.
Үлдсэн 800 гаруй зорчигчийг нь Өмнөд Солонгосын өөр нэгэн нислэгийн компани тээвэрлэнэ. БНСУ-ын Засгийн газар энэ долоо хоногт шинэ тээвэрлэгчийг томилох учиртай. Сөүл-Улаанбаатарын чиглэлд “Korean air”-тэй хамт нислэг үйлдэхээр “Asiana airlines”, “Eastar jet”, “Jeju air” гэсэн гурван компани өрсөлдөж байна. Монгол руу нислэг үйлдэхээр олон жил лобби хийж буй “Asiana airlines” компани бол “Korean air”, МИАТ-тэй адил “prestige” буюу үнэтэй нислэгийн компани юм. Тэгвэл “Eastar jet”, “Jeju air” нь “low cost carrier” буюу хямд нислэгийн компани. Хямд нислэгийн компани нь хоол, уух зүйлээр заавал үйлчилдэггүй, зурагт үзэж, хөгжим сонсох нөхцөл бүрдүүлдэггүй, зарим тохиолдолд тээш авдаггүйгээрээ ялгаатай. Нэмэлт үйлчилгээ үзүүлдэггүй тул тийзийнх нь үнэ хямд байдаг. Иймээс хямд нислэгийн компани гэж тодорхойлдог. БНСУ-ын Засгийн газраас хямд нислэгийн компани томилбол МИАТ хүч тэнцвэргүй өрсөлдөөнд орох нь. “Korean air”, МИАТ-ийн энгийн суудлын тийзийн үнэ дээд тал нь 900 ам.долларт хүрсэн тохиолдол бий. Хөрвүүлбэл, 2.5 сая төгрөг гэсэн үг. Ерөнхийдөө ирэх, очих тийзийнх нь дундаж үнэ 1.6 сая төгрөг байгаа. Тэгвэл хямд нислэгийн компани томилогдвол тийзийн үнэ 300-400 ам.доллар болж хямдарна гэж мэргэжилтнүүд ярьж байна. “Eastar jet”, “Jeju air”-ын аль нэгийг томилбол тийзийн үнэ 30-40 хувиар хямдрах нь.
...Үндэсний мэргэжилтнүүд хямд нислэгийн компанийг эсэргүүцэж байгаа бол Монголд амьдардаг солонгосчууд тийм компани томилохыг шаардсан бичиг Зам, тээвэр хариуцсан яам руугаа явуулсан гэнэ. Хямд нислэгийн компани томилогдвол Зүүн өмнөд Азийн бусад орон руу мөн л хямд нислэгийн компаниар дамжин нисэх боломж бүрдэнэ. Иймээс олон улсад тогтмол зорчдог монголчууд ч хямд нислэгийн компани томилогдоосой гэж хүсэж буй нь нууц биш...
БНСУ-д манай улсын 40 орчим мянган иргэн амьдардаг. Тэнд богино хугацаагаар ажиллаж, мөнгө олох зорилгоор олон хүн гуулин улсыг зорих болсон. Ерөнхийдөө монголчуудын агаарын тээврээр хамгийн их зорчдог улс Өмнөд Солонгос гэхэд хилсдэхгүй. Суудлын тоог нэмснээр тийш нисэх тийз олдохгүй байна гэх гомдол санал арилах болов уу. Мөн монголчууд “Тийзийн үнэ өндөр байна” гэх гомдлыг байнга мэдүүлдэг. Хямд нислэгийн компани үйлчилж эхэлбэл ийм гомдол намжих биз. Энэ тохиолдолд үнэтэй болон хямд нислэгийн компаниар үйлчлүүлэх зорчигчид ялгарч таарна. Нэгэнт тийз өндөр үнэтэй байна гэж гомдоллож буй хүмүүс хямд нислэгийн компанийг сонгож үйлчлүүлэх нь ойлгомжтой. Энэ нь манай үндэсний агаарын тээвэрлэгчийг хүч тэнцвэргүй өрсөлдөөнд оруулж, халаа үзүүлэх болно.
Учир нь МИАТ хямд нислэгийн компаниудад зорчигчдоо алдах юм. Хэрэв Өмнөд Солонгосын тал хямд нислэгийн компани томилбол дөнгөн данган хөл дээрээ тэнцэж буй МИАТ-ийг шинэ өрсөлдөөний талбарт гаргах нь тодорхой. Өнөөдрийн байдлаар манай улсын үндэсний агаарын тээвэрлэгчид үнээр өрсөлдөх боломж тун хомс. Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалж, шатахууны үнэ байнга нэмэгдэж байна. Үүнээс гадна онгоц худалдаж авсан зээлээ төлөх ёстой. Хэрэв үнээ хямд нислэгийн компанийнхтай өрсөлдөхүйц хэмжээнд бууруулбал МИАТ дампуурна. Тиймээс агаарын тээврийн салбарт олон жил ажилласан үндэсний мэргэжилтнүүд хямд нислэгийн компани томилохын эсрэг байр суурьтай байгаа. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Иргэний нисэхийн ерөнхий газраас хямд нислэгийн компанийг зохицуулах дүрэм, журам ч боловсруулж амжаагүй байгаа гэнэ лээ. Үндэсний мэргэжилтнүүд хямд нислэгийн компанийг эсэргүүцэж байгаа бол Монголд амьдардаг солонгосчууд тийм компани томилохыг шаардсан бичиг Зам, тээвэр хариуцсан яам руугаа явуулсан гэнэ. Хямд нислэгийн компани томилогдвол Зүүн өмнөд Азийн бусад орон руу мөн л хямд нислэгийн компаниар дамжин нисэх боломж бүрдэнэ. Иймээс олон улсад тогтмол зорчдог монголчууд ч хямд нислэгийн компани томилогдоосой гэж хүсэж буй нь нууц биш.
Улаанбаатар-Сөүлийн чиглэлд нисэх хоёрдогч мандатыг авахаар өрсөлдөж буй Өмнөд Солонгосын гурван компаниас “Asiana airlines” нь Монгол руу нэг удаа нисэж байгаагүй аж. Тэгвэл “Eastar jet” нь манай руу 12, “Jeju air” нь зургаан удаа тусгай үүргийн нислэг хийжээ. Иргэний нисэхийн дүрэм-129-ийн дагуу Иргэний нисэхийн ерөнхий газраас гадаадын агаарын тээвэрлэгчид аюулгүй ажиллагааны гэрчилгээ олгодог. Одоогоор ийм гэрчилгээг Өмнөд Солонгосын “Korean air”, “Air Busan”, “Eastar jet” компани авчээ.
БНСУ-ын иргэний нисэхийн салбарынхан “Asiana airlines” компанийг томилбол олон улсад тогтоосон дүрмийн дагуу МИАТ-тэй ойролцоо үнэ тарифаар зорчигчдод үйлчилнэ. Ингэвэл МИАТ-т өрсөлдөх боломж үүснэ. Ташрамд дурдахад, хоёр талын суудлын тоог нэмж, тэнцүүлсэн нь МИАТ компанид олгосон боломж юм. Өмнөх хэлэлцээрээр нислэгийн тоог тэнцүүлсэн. Гэтэл “Korean air” компани МИАТ-ийнхээс олон суудалтай онгоцоор нисэж, илүү орлого олсон билээ. Нисэхийн салбарынхан “Korean air”-ийг шинэ 2-3 онгоц худалдаж авах хэмжээний илүү орлого олсон гэж ярьдаг. Уг нь хэлэлцээрээр талхаа тэнцүү хувааж идэх шийдвэр гаргажээ. Харин солонгосчууд хямд нислэгийн компани сонгочихвол МИАТ-ийн хувь заяа хаашаа эргэх нь тодорхойгүй байна. Хямд нислэгийн компани томилбол зорчигчид тэдний тийзийг худалдаж авахыг илүүд үзнэ. Тэглээ гээд зорчигчдыг буруутгах аргагүй.