Нэгэн дүүргийн Цагдаагийн хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасагт өргөдөл өгөхөөр зогсож байсан 30 орчим насны эмэгтэй “Манай нөхөр байнга архи уудаггүй. Хааяа нэг уухаараа уурлаж, нэг бус удаа гар хүрч байсан. Олонх нь хардалтаас болдог. Гэтэл би гэртээ хоёр настай хүүхдээ хардаг. Гадуур явах нь бүү хэл заримдаа дэлгүүр ч орж чаддаггүй” гэсэн юм. (Аль, аль нь нэрээ нууцлахыг хүссэн) Харин тус хэлтсийн байцаагч “Сүүлийн үед ийм асуудал, зовлонтой эмэгтэй олон ирэх болсон. Энэ нь 30 хүртэлх насны эрчүүдийн ааш араншингийн онцлог гэх юм уу, нэг талаасаа сэтгэцийн өөрчлөлттэй ч холбоотой байж магадгүй гэх хар төрдөг” гэлээ. Уг эмэгтэйн ард дугаарлаж байсан 3-4 эмэгтэй мөн л гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн гэх шалтгаанаар өргөдөл өгсөн юм.
Хүчирхийлэл өөрөө хүчирхийлэгчийг бий болгодог гэдэг үг бий. Тэгвэл одоо 20-30 настай эрчүүд яагаад дээр дурдсанчлан “муу” хүмүүс болон төлөвшсөн бэ. Энэ талаар ярихад хүүхдүүдийн өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил зэрэг зүйлс хөндөгдөж эхэлнэ. Монголчууд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гурван нас хүртэл нь хаан мэт өргөмжил, 4-6 насанд нь хатан мэт тойгло хэмээсэн байдаг. Мөн сэтгэл судлаачдын гаргасан судалгаагаар хайр, халамжаар дутахгүй, хэн нэгнээр хамгаалуулж өссөн хүүхдэд өөртөө итгэх итгэл, хэн нэгнийг хайрлах халамж төлөвшсөн байдаг аж. Тэгвэл энэ насандаа хэн нэгнээс хайр халамж авч чадаагүй хүүхэд бие хүн болон төлөвшихдөө зөвхөн өөрийн амгалан байдлыг эрхэмлэж, таагүй мэдрэмж төрөх үед түүнийг хүчээр шийдэх, заавал даван гарах түрэмгийллийн шинжтэй харуй үйлдэл хийж эхэлдэг байна. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл болон хувирч, цаашлаад гэр бүл цуцлуулах хэмжээнд хүрдэг гэнэ.
Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар гэр бүл салалтын тоо жилээс жилд өссөн байна. Хамгийн сүүлд буюу 2017 онд хийсэн судалгаагаар 10 399 хос гэр бүлээ бүртгүүлж, 2448 хос цуцлуулсан мэдээлэл бий. Гэр бүл цуцлуулсан хосын тоо нь арван жилийн өмнөх судалгаа буюу 2007 оныхоос 50 орчим хувиар өссөн байгаа юм. Үүний 80 орчим хувь нь 30 хүртэлх насныхан аж. Хэтэрхий яарсан, нэгнээ таниагүй, аливаа зүйлд хүлээцтэй ханддаггүй, бэлэнчлэх сэтгэлгээнээс болж гэр бүл салах нь ихэслээ гэх хүн олон. Тэгвэл одоогийн залуус хэмээн нэрлэгдээд байгаа тухайн үеийн хүүхдүүдэд зөв хүн болон төлөвших орчин нь дутагдаж байсныг үгүйсгэхгүй.
1990 онд ардчилсан Монгол Улс болж, тайван, амгалан, хүн бүр ажилтай, орлоготой, зорилго нь тодорхой байсан нийгэм таран бутарч, нэг үгээр хэлэхэд чадалтай нь амьд үлдэх “хахир” үе рүү гэнэт шилжсэнийг хэн хүнгүй мэднэ. Картын барааны үед төрсөн, эсвэл тэр үед балчир байсан хүүхдүүдийн бага нас хэрхэн өнгөрөв. Аав, ээж нь ганзгын наймаа руу ханцуй шамлан орж, цоожтой хаалганы цаана хүүхдүүдээ үлдээхээс өөр аргагүй болсон тухай ярих хүн цөөнгүй байдаг. Тэдэнд “Өнөө, маргаашийн хоол, хүүхдээ өлсгөхгүй өсгөх” гэсэн хоёрхон зорилго байсан гэхэд хилсдэхгүй.
Нэгэн гэр бүлийн харилцаанд өрнөдөг зөрчлийг хүргэе. Хоёр хүүхэдтэй, гэр бүл зохиогоод таван жил болж буй 27, 29 настай Ирмүүн, Сарангэрэл нар байнга маргадаг гэдгийг эхнэр нь ярив. Тэрбээр “Хүүхэд уйлах, эсвэл эмх замбараагүй байдал үүсэх бүрт нөхөр маань маш их уурладаг. Ялангуяа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бүр ч аймшигтай авир гаргана. Би түүнийг тэвчиж чаддаггүйгээс маргаан эхэлдэг. Том хүү, бид хоёрыг цохисон хоёр ч тохиолдол бий. Хүү минь дөнгөж гурван настай шүү дээ” гэлээ. Сэтгэл судлаач энэ тохиолдолд хэн нэгнийх нь буруу гэхээс илүү харилцан ойлголцол чухал хэмээн тайлбарласан. Хэрвээ хэн нэгнээс үлгэр дуурайл авч, халамжлуулж, аливаа нэгэн асуудалд шийдэл хайх ёстой гэсэн ухамсар суусан бол дээрх маргаанаас хэн хэн нь хөнгөхөн гарах боломжтой. Харамсалтай нь тэдэнд аливаа асуудлыг эергээр шийдвэрлэх суурь ухамсар суугаагүйгээс шууд түрэмгийлдэг аж.
Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмгэг судлаач, сэтгэл засалч эмч Л.Жавхлан “Хүн анхнаасаа хүчирхийлэгч болж төрдөггүй. Ялангуяа 0-5 насны хүүхэд харснаа даган дуурайж, төлөвшдөг. Гэтэл 1980-аад оны сүүлч, 1990-ээд оны дунд үед төрж, өссөн хүүхдүүдийн нэг хэсэг нь хамаатны ах, эгчийнхээ хяналтад, бас нэг хэсэг нь өвөө, эмээгийндээ, харин зарим нь цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөдөг байсан. Цоожтой хаалганы цаана ганцаараа, эсвэл 2-3 насны зөрүүтэй ах, эгч, дүүгээсээ ямар үлгэр дуурайл авах вэ. Мөн хамаатны ах, эгчдээ харуулдаг хүүхдийг хүчирхийлэлд өссөн гэж хэлэхэд болно. Яагаад гэвэл тэднийг харж байгаа ах, эгч нь ч адилхан л хүүхэд шүү дээ. Найз, нөхөдтэйгөө тоглох, уулзах, зугаацах насан дээрээ хүүхэд харж суух нь тэдэнд асар их дарамт учруулдаг. Тэр дарамтаа харж байгаа хүүхдэдээ гаргах үзэгдэл ажиглагддаг. Тухайн нийгмээс хамаарч, хүүхдүүдийн хүмүүжил тодорхойлогдож, ирээдүйд бие хүн болон төлөвшихөд нь нөлөөлнө гэсэн үг. Тиймээс тухайн үеийн хүүхэд, одоогийн 20-30 насны залуус асуудлыг тайвнаар шийдвэрлэх бус, хүчээр дуусгах, эсвэл зугтах шинж давамгай ажиглагддаг. Учир нь тэдэнд асуудалд хүлээцтэй хандах хандлага, буруугаа хүлээх ухамсар дутмаг байдаг” гэсэн юм.
Үүнээс харахад 1990 он буюу манай улсын нийгмийн их шилжилтийн үе аливаа зүйлд хариуцлагатай, буурь суурьтай хандах чадвар дутмаг нэгэн үеийг бэлджээ. Тэгвэл цаашид тэдний алдаатай амьдралаас үүдсэн дахин нэгэн үе бэлтгэгдэж байна. Тодруулбал, гэр бүл салалт, хүчирхийлэл, үл ойлголцлоос үүдсэн 50 мянга гаруй өрх толгойлсон эцэг, эх байдаг гэсэн судалгаа бий. Энэ нь манай улсын нийт гэр бүлийн 10 орчим хувийг эзэлж буй аж. Үүнээс цааш 15-20 жилийн дараа өрх толгойлсон эцэг, эхийн хүмүүжлээр хүмүүжсэн хүүхэд гэх тодотгол дахин сөхөгдөх вий.