Дорноговь аймгийн Зүүнбаян дахь, хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг гарсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаж буй билээ. Талийгаачийн цогцост үзлэг хийхэд илэрсэн олон шарх, толбо нь олон түмнийг эргэлзэхэд хүргээд буй юм. Энэ талаар Мөрдөн байцаах албаны дарга, хурандаа Д.Отгонжаргал мэдээлэл хийхдээ “Дорноговь аймагт шалгаж байгаа хэргийн материалыг төвд татаж авчирсан. Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлтэд гаднаа ил харагдах шархгүй гэж бичсэн байгаа. Харин зураг дээр гарсан хүрэн толбо, зулгаралтууд зэргийг нарийвчлан шинжилж гаднын нөлөөтэй юү, үгүй юү гэдгийг нягталж, шинжээчийн бүрэлдэхүүн томилон дахин үзлэг хийлгэхээр болсон. Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг авсан.
Шалгалтын явцад цэргийн албан хаагчид гар хүрсэн нь тогтоогдсон. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн, эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, тогтооно. Шалгалт дөнгөж эхэлж байна. “Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл хийлгэсэн” гэх тайлбарыг тус ангийн холбогдох офицерууд өгч байгаа. Дээр дурдагдсан үйл явдлын зарим хэсэг дүрс бичлэгт үлдсэн. Тэр бичлэгийг хурааж авсан. Бичлэгт ээлжийн ахлагч нь цэргийн алба хаагчид гар хүрч байгаа дүрс ч бий. Эрүүгийн хуулийн “хүнийг санаатай хөнөөх” гэсэн зүйл ангид зааснаар хэрэг үүсгэх, цэргийн зарим алба хаагчийг цагдан хорихоор прокурорт саналаа хүргүүлсэн” гэсэн юм.
Харин талийгаачийн ар гэрийнхний өмгөөлөгч Э.Билгүүн, Б.Өлзийцэрэн нар “Б.Алтантулга харамсалтайгаар амиа алдсан хэргийн талаар цагдаагийн байгууллага нийгэмд буруу, ташаа мэдээлэл тарааж байна. Гүйгээд бахардаад унахад нь дээрээс нь дэвсэлж зодсон гэдгийг хамт байсан цэргүүд нь хэлсэн байдаг. Ингээд бахардаж унасан түүнийг чирч аваачин орон дээр тавьсан. Нэг цагийн дараа эмч үзэхэд нас барсан байсан. Талийгаач 19 настай, бие бялдрын хувьд эрүүл. Золгүй байдлаар амь насаа алдах ямар ч үндэслэлгүй. Яаралтай тусламж үзүүлээгүй эмч, тухайн гэмт хэргийг таслан зогсоогоогүй Зэвсэгт хүчний тус ангийн албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэхээр гомдол гаргасан. Өмнө нь зодуулж байснаа ар гэрийнхэндээ ярьсан, тухайлбал, тангараг өргөх ёслолд ээж нь очиход “Дарга нар зодоод байна, намайг эндээс аваач” гэж хэлсэн тухай өгүүлсэн” гэв.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар “Энэ хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ны 14.30-16.00 цагийн хооронд болсон. Тухайн салбар тэр өдөр харуулын ээлжээс буужээ. Салбарын байранд нь үзлэг хийхэд эмх замбараагүй байдалтай, гар утас олдсон. Ингээд салбарын ахлагч цэргүүдийг авч гараад гүйлгэсэн. Энэ үед талийгаач “Дотор муухай оргиод байна. Гүйж чадахгүй нь” гэж хэлсэн. Тиймээс цэргүүдийг гүйлгэхээ зогсоож, байрандаа оруулжээ. Энэ үеэр талийгаач байлдагчийн бие дахин муудсан. Түүний гар хөлөнд нь иллэг хийсэн гэсэн. Дараагийн цагийн хичээлд орж байхад талийгаач таталт өгч, ангийн эмчийг дуудсан. Сувилагч талийгаачийг таталт өгсөн талаар эмчид хэлж, багийн эмнэлэгт хүргэсэн ч нас барсан. Ангийн удирдлага өдөр тутмын үйл ажиллагаандаа хяналт муу тавьсан, сахилгын шийтгэлийг зүй бусаар ногдуулсан, эмнэлгийн анхны тусламжийг хожимдож үзүүлсэн гэсэн дүгнэлтэд хүрээд байна. Ажлын хэсгийн дүгнэлтийг салбарын сайд болон бусад албаныханд танилцуулна. Тухайн ангийн шат шатны удирдлагад хариуцлага тооцох асуудлыг Батлан хамгаалахын сайдтай ярьсан. Гүйж байхдаа жагсаалаас гарахад нь “баашиллаа” гээд ахлагч нь цохисон байсан. Үүнийг нуухгүй. Хамт гүйж байсан цэргүүд нь ч хэлж байгаа. Харин эмнэлэгт үлд өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн” хэмээн мэдээлэл хийсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа