“Орон сууцны ашиглалтын төлбөр дээр сар болгон даатгалын мөнгө гэж 1500 төгрөг аваад удаж байна. Төрийн банкныхнаас асуухаар орон сууцны контор, СӨХ чинь мэднэ гэдэг. Орон сууцны конторынхон болохоор манайд ямар ч хамаагүй, энэ асуудлаа банкнаас, эсвэл даатгалын компаниас нь асуух хэрэгтэй гэнэ. Тэд ч олигтой хариулт хэлдэггүй. Иргэн, аж ахуйн нэгжтэй ямар нэг гэрээ байгуулаагүй хэрнээ даатгал нэрээр мөнгө аваад байгаа нь луйвар учраас энэ талаар сурвалжилж өгнө үү” гэдэг хүсэлт Чингэлтэй дүүргийн III хорооны нэгэн иргэн манай редакцад ирүүлсэн юм. Даатгалын үйл ажиллагаа нь сайн дурын үндсэн дээр явагдах ёстой тул энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд үнэхээр иргэдийг албан хүчээр хамруулж, боловсон дээрэм хийгээд байна уу гэдгийг сурвалжиллаа.
Юуны түрүүнд гэрийнхээ баримтуудыг шалгахаас ажлаа эхлэв.
“Энэ сарын байрны мөнгө чинь төдөн төгрөг гарсан байна” гэдэг банкны теллерийн үгээр төлбөрөө төлөөд л явдаг болохоос задаргааг нь нарийн харж, тооцоолж байгаагүйгээ сая анзаарав.
Сүүлийн хэдэн сарын турш төлсөн орон сууц ашиглалтын төлбөрийн задаргаагаа шүүж үзтэл “Даатгал: 0.00 төгрөг” гэжээ. Ингээд ойр дотнынхоо хэд хэдэн хүнээс орон сууцны ашиглалтын төлбөр дээрээ даатгалын мөнгө нэмж төлдөг, эсэхийг нь шалгуулахад хэрэг нэг л бишдээд явчихав.
Баримт 1. 2016 оны өвөл Баянгол дүүргийн IV хороо, “Голден парк” хотхоны оршин суугч М-ийн байрны дундын шугамаас ус алдаж, “түргэн авахдаа” “Таун комфорт” ОСНААГ-таа ханджээ. Тэгэхэд л өөрийнхөө байрыг даатгалтайг анх мэдэж. Бүхэл бүтэн хоёр жил гаруй хугацаанд орон сууцны ашиглалтын төлбөр дээрээ сар бүр даатгалын 1500 төгрөг төлж явснаа гэр бүлийнхнийх нь хэн ч анзаараагүй гэдэг. Улмаар “Хэн, хэзээ, ямар даатгалын компанитай гэрээ байгуулсан бэ” гэдэг асуудал босож ирэхэд хариулах эзэн бас л олдсонгүй. Харин орон сууцны конторынхон нь “Танай энэ хавийн хорооллын байрууд “Улаанбаатар хотын даатгал” компанид даатгалтай юм билээ шүү” гэснээр буух эзэн, буцах хаягтай болж авсан ч хэзээ, хэрхэн хандахаа мэдэхгүй явсаар “Гурав хоногийн дотор дуудлага өгч мэдэгдэх ёстой” гэдэг хугацааг нь өнгөрөөчихөж.
Энэ явдлын дараа “Таун комфорт” ОСНААГ-ынхан “Та нар айлуудаар орж, үйл ажиллагаагаа танилцуулж, албан ёсоор гэрээ байгуулахгүй бол оршин суугчид хэл ам хийгээд байна” гэсний дагуу даатгалын компанийн ажилтан тус хотхоны айл өрхүүдээр орж, танилцуулга хийжээ. Мэдсэн юм шиг дараахан нь дахиад ус алдахад “Одоо өмнөх шиг явдал хэзээ ч болохгүй. Танайд гал, усны аюул осол тулгарсан тохиолдолд миний энэ утас руу залгаад, нөхөн төлбөрөө гаргуулж аваарай” гээд байсан бүсгүйд хандаж. Гэтэл “Та нар өөрсдөө мэргэжлийн холбогдох байгууллагад нь хандаж, хохирлын дүгнэлт, тодорхойлолтоо гаргуулаад, баримтжуулсан зураг, өргөдөлтэйгөө, бичиг баримттайгаа биеэрээ ирэх ёстой” хэмээсэн гэдэг. Тэр үед нөхөр нь хөдөө ажилтай, эхнэр нь гэртээ нярай хүүхдээ хараад сууж байсан тул дахиад л шилний цаанаас чихэр долоолгохын үлгэр болж, тэднийх даатгалын компаниас нөхөн төлбөрөө гаргуулж авч чадсангүй.
Холбогдох байгууллагуудын тайлбар
ОСНААУГ: Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын иргэдээс гомдол, санал хүлээн авдаг утсаар холбогдоход жижүүр бүсгүй “Байрны мөнгөн дээр нэмээд сар болгон 1500 төгрөг даатгал гэж авдаг тухай гомдол манайд их ирдэг. Гэхдээ энэ бол манайд огт хамааралгүй. Наадах чинь даатгалын компанийнхны хийдэг луйвар. Би өөрөө ч мэдэхгүй нэг хэсэг 1500 төгрөг төлж байгаад, одоо больсон. Өөрийнхөө хэмжээнд л авч байгаа арга хэмжээ юм даа. Даатгал төлөөд нэмэргүй, хэрэгтэй цаг нь болохоор нөхөн төлбөрөө олж авах гэж бөөн хүндрэл чирэгдэл болдог юм билээ” гэв. Өөртэйгөө адилхан зовлон нэгтэй хүмүүст тэрбээр “Шаардлагатай гэж үзээд, өөрсдөө албан ёсоор гэрээ хийгээгүй л бол байрны мөнгөө төлөхдөө даатгалын 1500-гаа хасаад бай” хэмээн зөвлөдөг гэнэ.
...Манайд өнөө түгээд буй даатгуулагч иргэн, даатгагч компани хоёрын дундах орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээ гэдэг бол нүглийн нүдийг гурилаар хуурсан ёс төдий зүйл болсны жишээ энэ. “Голден парк” хотхон 680 айлтай гээд бодоход зөвхөн энэ хавиас л даатгалын компанийн дансанд сар болгон 1.020.000 төгрөг ордог байх нь. Харин тэднээс хэчнээн нь байрны мөнгөн дээрээ нэмээд сар бүр 1500 төгрөг даатгалд төлдгөө мэдэж байгаа бол. Хэд нь эрсдэл тохиолдсон үед нөхөн төлбөр авч үзсэн бол...
“Таун комфорт” ОСНААГ: Хувийн орон сууцны конторынхон оршин суугчдынхаа өмнөөс дур мэдэн даатгалын компанитай гэрээ байгуулдаг, эсэхийг нь тодруулахаар “Таун комфорт” ОСНААГ-ын холбогдох мэргэжилтэн рүү утас цохилоо. “Ийм хотхоны тийм тийм айлуудтай даатгалын гэрээ байгуулсан тул орон сууцны ашиглалтын төлбөр дээр нь нэмж нэхэмжилж өгнө үү” гэдэг хүсэлтээ тухайн даатгалын компани манайд ирүүлдэг. Түүнээс биш бид дур мэдэн даатгалын мөнгө нэхэмжлэх боломжгүй. Намайг энд ажилд орсноос хойших жил гаруй хугацаанд иймэрхүү гомдол их ирж байгаа тул “Иргэд байрны мөнгөн дээр даатгал гэж 1500 төгрөг аваад байгаа нь ямар учиртай юм” гээд гэрээгээ нэхээд байна. Манайд ямар ч гэрээ байхгүй, яах ёстой вэ” гээд “Улаанбаатар хотын даатгал” компанийнханд хандсан. Тэд “Гомдол гаргасан иргэдийг манай 70001237 дугаарын утсанд ханд гээрэй” гэсний дагуу тийш нь холбож өгч байгаа” гэв.
Орон сууцны конторынхон айл болгоноор ороод “Танайх үнэхээр энэ компанитай даатгалын гэрээ байгуулсан уу” гэдгийг лавлаж, шалгаж явахгүй тул үүнийг далимдуулаад нийт байраар нь, бүр хотхоноор хоморголон даатгалд хамруулах магадлал өндөр. Үүнийг ч тэд үгүйсгээгүй.
“Улаанбаатар хотын даатгал” компани: Тус компанийн 70001237 дугаарын утсаар нэгэн бүсгүйтэй холбогдоход “Баянгол дүүргийн “Голден парк” хотхоны оршин суугч М-ийнхтэй манай компани 2017 оны гуравдугаар сард гэрээ байгуулсан байна. Ирэх гуравдугаар сард даатгалын хугацаа дуусах юм байна” гэв. 2017 оны гуравдугаар сар гэдэг нь өнөөх даатгалын мэргэжилтэн эмэгтэй айлуудаар орон танилцуулга хийж, шар хуудас тараасан үеийг хэлж байгаа аж. Гэвч тэр алга дарам шар хуудсыг гэрээ гэж үзэж боломгүй баймаар. Тэдний цахим хуудас дахь даатгалын нөхөн төлбөр авахдаа бүрдүүлэх материалын жагсаалтад “даатгалын баталгааны эх хувь” гэж байна билээ. Энэ нь тэгэхээр өнөөх шар хуудсыг хэлэх юм уу, гар дээрээ ямар ч гэрээгүй хүмүүс яах вэ гэсэн асуултад дээрх мэргэжилтэн “Заавал даатгалын баталгааны эх хувь гэж шаардахгүй байгаа. Үндсэн гурван материал буюу иргэний бичиг баримт, өргөдөл, мэргэжлийн байгууллагаар тогтоолгосон хохирлын дүгнэлт, тодорхойлолтоо авчрахад болно” хэмээн хариулав. Өөрөөр хэлбэл, манайд өнөө түгээд буй даатгуулагч иргэн, даатгагч компани хоёрын дундах орон сууцны иж бүрэн даатгалын үйлчилгээ гэдэг бол нүглийн нүдийг гурилаар хуурсан ёс төдий зүйл болсны жишээ энэ.
“Голден парк” хотхон 680 айлтай гээд бодоход зөвхөн энэ хавиас л даатгалын компанийн дансанд сар болгон 1.020.000 төгрөг ордог байх нь. Харин тэднээс хэчнээн нь байрны мөнгөн дээрээ нэмээд сар бүр 1500 төгрөг даатгалд төлдгөө мэдэж байгаа бол. Хэд нь эрсдэл тохиолдсон үед нөхөн төлбөр авч үзсэн бол.
Баримт 2. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо буюу “Их Монгол” хорооллын 905 дугаар байрны оршин суугч Б-гийнх мөн л орон сууцны ашиглалтын төлбөр дээрээ сар бүр даатгалын 1500 төгрөг төлдгөө сая мэджээ. Хэзээ, ямар компанитай даатгалын гэрээ байгуулснаа мэдэхгүй тул “Баян Монгол” СӨХ-ноосоо энэ талаар лавлахад “Ёстой мэдэхгүй” хэмээн мянган үгний таглаа болгосон байна.
Холбогдох байгууллагуудын тайлбар
Төрийн банк: Төрийн банкны нэгэн салбарын ахлах теллерээс энэ талаар тодруулахад “Банк бол гэрээгээр үйлчилгээ үзүүлдэг байгууллага. “Улаанбаатар хотын даатгал” болон “Хаан даатгал” компанийн аль алинтай нь манайх гэрээтэй. Гэхдээ СӨХ, ОСНААГ-аас манай орлогын программ дээр шивж оруулаад, нэхэмжилсэн тохиолдолд л тухайн айлаас даатгалын 1500 төгрөг байрны мөнгөн дээр нь нэмж авдаг” гэлээ. Ямартай ч Б-гийнх “Хаан даатгал” хэмээх компанид 1500 төгрөг төлөөд зургаан жил болж буйг эндээс мэдэв.
Теллер бүсгүй өөрөө ч “Хаан даатгал” компанид 1500 төгрөг “сул” тушаагаад байгаагаа дөрвөн сарын өмнө мэдсэн даруйдаа өгөхөө больжээ. Гэтэл саяхан “Танайхтай даатгалын гэрээ байгуулъя” гээд өөрсдөө хүрээд ирсэн тул орон сууцны эрсдэлийн даатгалд албан ёсоор хамрагдсан гэдгээ хэлсэн юм.
“Хаан даатгал” компани: Даатгалын мэргэжилтэн бүсгүй “Их Монгол” хорооллын энэ айл манай компанитай 2014 оны эхээр гэрээ байгуулсан байна. Гэрийн эздийг эзгүй хойгуур аав, ээж, эмээ, өвөө нь байж таараад, гэрээ байгуулсныг мэдэхгүй яваад байдаг тохиолдол бий. Манайх орон сууцны эрсдэлийн даатгалын гэрээг 5-6 жилээр хийдэг. Хэрэв тухайн айл нүүх болдог ч юм уу, ямар нэг байдлаар гэрээгээ цуцлах, эсвэл өөр хүний нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаагүй л бол даатгалын мөнгийг нь үргэлжлүүлэн авсаар байна” гэх тайлбар өглөө. Харин нэг давуу тал нь эднийх даатгуулагчдад нь гал, усны аюул тулгарсан тохиолдолд өөрсдөө заавал хохирлоо тогтоолгож ир гэхгүй, компанийнхаа мэргэжилтнийг явуулдаг гэнэ.
Хуулийн заалт: Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 4.1.1-д “даатгалын үйл ажиллагаа” гэж даатгалын гэрээний дагуу даатгагч нь даатгалын тохиолдол үүсэхэд учирсан хохирол буюу гэрээгээр хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүргийг тодорхой этгээдийн өмнө хүлээж буй үйл ажиллагааг хэлнэ хэмээн заажээ. Тэгвэл “даатгуулагч” гэж хэнийг хэлдэг вэ гэдгийг уг хуулийн 4.1.3.-д “Өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” гээд цагаан дээр хараар маш тодорхой заачихсан байна. Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээд нь даатгалын компанитай гэрээ байгуулаагүй тохиолдолд даатгуулагч, даатгагч гэдэг эрх зүйн ойлголт бий болохгүй гэсэн үг.
ШӨХТГ: М-ийнх шиг гурван жил, эсвэл Б-гийнх шиг бүхэл бүтэн зургаан жил өөрсдөө ч мэдэхгүй, даатгалын компанид сар болгон “татвар” тушааснаа мэдсэн тохиолдолд иргэд хаана хандаж, гомдлоо мэдүүлэх вэ. Нэг айлд сарын 1500 төгрөг гэдэг шалихгүй бага мөнгө мэт санагдаж болох ч дахиад хэчнээн монгол өрхөөс даатгал хэмээх нэрээр хумсалсаар байгааг хэн тогтоох вэ. Тэдний хохирлыг эцэст нь хаанахын ямар хүмүүс барагдуулах ёстой юм бол. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газарт энэ тухай мэдэгдэхэд “Наад гомдлыг чинь манайх хүлээж авах ёсгүй. Үнэт цаас, даатгал, ББСБ, хадгаламж зээлийн хоршоо гэх мэт мөнгө санхүүтэй холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хорооныхон хариуцдаг хуультай. Тиймээс иргэд энэ талын өргөдөл, гомдлоо тэндхийн 51-262789 дугаарын утсаар мэдэгдэж болно. Хуулиар үүрэг хүлээсэн байцаагчид нь яах ийхийг хэлээд өгөх байх” гэсэн хариулт хэллээ. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны 51-262789 дугаарын утасны цаана ямар “амьгүй албат” нь суудаг юм, бүү мэд. Утсаа огт авдаггүй юм билээ.15