Төгсгөл. Түрүүчийг эндээс уншина уу.
Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Бээжингийн онгоцны буудал дээр танилцсан эгч Туркт “харлаж”, тэгээд баригдан, хар тамга даруулаад Монголдоо очсон ч хийх ажил олдохгүй, гурван сар болоод Истанбул руу буцаж буй нь энэ аж. Паспортоо ч солиулаад амжиж. Хуульд зааснаар монгол хүн нэг удаа нэрээ солиулах, мөн хуучин нэрээ буцаагаад сэргээх эрхтэй учраас зарим нь тус улсыг зорихын тулд эцэг, эхээс өгсөн нэрээ ч солих нь бий.
Турк нөхөртэй, хүүхэд нь өвдсөн, охин нь амаржих гэж байгаа гээд түүний хэлсэн бүгд худал байж. Тэрбээр Истанбулд гурван жил орчим оёдолчноор ажиллажээ. Харин хүссэн үедээ буцаж нэвтрэх эрх бүхий өнөөх бичиг нь үнэндээ торгуулийн хуудас болж таарав. Анхнаасаа үнэн мөнөө хэлсэнгүй гэж гомдолломоор байвч би үгийг нь орчуулахдаа түүн шиг худлаа ярьж чадаа ч уу, үгүй ч үү хэмээн тэр эгчийг зөвтгөсөн. Аз болж түүнийг хилээр саадгүй нэвтрүүлснээр бид салсан юм.
ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ
Монголчуудыг визгүй зорчуулах шийдвэрийг Туркийн Засгийн газар 2007 онд гаргаснаар тус улсыг зорьж ажиллах, сурах, аялах хүсэлтэй монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгджээ. Харин 2012 оноос Туркийн авиа компани долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэх болсноор энэ тоо бүр ч өссөн байна. 2016 онд гэхэд л 10 мянга гаруй монгол иргэн Турк рүү зорчсон байна.
Тэдний хэд нь “харлаж”, хэд нь буцаж ирсэн тухай тоо баримт мэдээж хаана ч байхгүй. Туркийн холбогдох байгууллагын мэдээллээр 2016 оны байдлаар тус улсад манай 730 гаруй иргэн албан ёсоор оршин суух зөвшөөрөлтэй, 3000 гаруй иргэн зөвшөөрөлгүй амьдарч, ажиллаж байгаа аж. Харин Турк дэх Монгол оюутны холбооныхны хэлснээр 7000 орчим иргэн байдаг гэнэ. Тэдний олонх нь эмэгтэйчүүд. Туркт эрэгтэй хүнд ажил олдох нь муу учраас ихэвчлэн эмэгтэйчүүд ар гэрээ өөд татаж, ахиухан мөнгө олохоор хилийн дээс алхдаг юм байна.
Гэвч дарга нь татаж, чангааж, бүсгүйчүүд ч хэдэн төгрөг олохын тулд хүссэн, хүсээгүй хүслийг нь биелүүлэх тохиолдол гардгийг ч нуусангүй. Харин энэ хооронд ард үлдсэн нөхөр нь өөр амьдрал зохиох, үр хүүхдээ орхиод явах гэх мэт кинон дээр л гардаг үйл явдал олонтоо хэмээн нэг бус удаа сонсож байсан билээ. Бүр улаан нялзрай үрээ найздаа үлдээгээд ирсэн эмэгтэй ч бий гэх. Тэр бүрийг тоочиж баршгүй.
Эмэгтэйчүүдийн олонх нь өрх толгойлсон, эсвэл ганц бие, аль эсвэл турк, монгол хамтран амьдрагчтай аж. Массажист нэрийн доор биеэ үнэлэх нь ч бий. Ийм ажил хийдэг хүүхнүүд Туркт хамгийн өндөр цалин авдаг гэх. Тэр ч байтугай ажилд оруулахаар авчирсан хүүхнээ эзэндээ зарсан тохиолдол ч гарчээ.
Бас найз нөхөд нэгнээ “Дажгүй хүнтэй танилцуулъя” гэж хуурч, нөгөө хүнээс нь мөнгө авч, биеэ үнэлэхээс аргагүй байдалд оруулдаг юм байх. Ажилд ороод удаагүй нэгнээ “Дарга чамайг маргаашнаас битгий ир гэсэн” гэж цалинг нь авч, оронд нь өөрийнхөө хүнээ оруулсан байна. Хулгай хийж амьдардаг бүхэл бүтэн бүлэг ч бий болжээ. Тэд турк үндэсний хувцас өмсөж, хүүхдийн тэргийг дохиолол уншихгүй болгон тоноглож, томоохон дэлгүүрүүдээс хулгай хийдэг гэсэн бараан зүйл сонсоход надад хэцүү байв.
ЭСРЭГ, ТЭСРЭГИЙН ТУЙЛ
Истанбулд ирээд гурав орчим жил болсон бүсгүйгээс багагүй гуйсны эцэст нэрийг нь нууцлах болзолтойгоор ярилцлага авлаа. Үзэж, харсан, мэдэрсэн болгоноо ний нуугүй ярьсны хувьд, тэр ч бас ийн хүссэн тул түүний нэрийг өөрчлөн Х гэе. Тэрбээр холын хамаатныхаа найзаар хоёр сая төгрөгөөр зуучлуулж, Туркт иржээ. Зуучилсан хүн нь “Очиход чинь тосож аваад, ажилд оруулаад өгнө.
Долоо хоногтоо 300-400 мянган төгрөгтэй дүйхүйц цалин авна. Санаа зовох юу ч байхгүй” гэжээ. Гэвч хэлсэн бүхэн нь тэнгэр, газар шиг зөрүүтэй, харин ч бүр эсрэгээрээ нөхцөл угтсан аж. Хоёр хоногийн дараа арай гэж ажилтай болсон ч хоёр хонолгүй халагдчих нь тэр. Шалтгааныг нь ч нарийн мэдээгүй байна. Дараа нь аяга таваг угаагчаар ажилд орж, өдөрт 14 цаг ажилладаг болжээ.
Зуучлалын хөлс, зардлаа хүнээс зээлээд ирсэн, их мөнгө олох зорилготой тул түүнд ажиллахаас өөр сонголт үгүй. Хэл мэдэхгүй учраас цалингаа хэзээ өгөхийг асууж чадалгүй хэд хоножээ. Зуучилсан хүндээ хэлтэл удахгүй гэжээ. Долоо хонолоо, сар боллоо, цалин байдаггүй. Тавьсан өр нь нэхэгдээд байгаа тухай байнга хэл дуулгана. Ингээд 45 хоног ажиллаад, долоо хоногийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө аваад ажлаасаа гарчээ.
Туркт удсан, арга эвээ олсон монголчууд нэгнээ ажилд зуучилна. Гэхдээ энд үнэгүй зүйл нэгээхэн ч үгүй. Ажилд оруулж өгсөн хүндээ 100 ам.доллар өгдөг тогтсон ханштай. Энэ зарчмаар Х байртай, хоолтой гэх давуу талтай, дараагийн ажлаа олжээ. Гэвч эзэн нь янз бүрээр дарамталж, ажлаасаа гарах гэхээр цалингаар нь “бооно”.
Амьдрахын тулд, өрөө дарах, цалингаа авахын тулд тэрбээр шүд зуун ажиллана. Гэвч хорвоо дээрх ганц дүү нь нас барсныг хөдөөлүүлэх өдөр нь мэдээд, даргаасаа чөлөө гуйсан ч зөвшөөрсөнгүй. Гэрийнхэн нь түүнийг хүрээд ирэх вий хэмээн санаа зовохдоо оршуулах өдөр нь л хэл дуулгажээ. Энэ хугацаанд тэрбээр оёдолчин, гэрийн үйлчлэгч, үйлдвэрт туслах ажилтан, тогоочийн туслах гээд хийгээгүй ажил үгүй.
Зээлсэн хоёр сая төгрөгөө дөрвөн сарын дараа төлж дуусгажээ. Надтай уулзахынхаа өмнөх өдөр дэлгүүрт ажиллаж, цалин тааруухан өгсөн учраас хэдэн ширхэг хувцас хулгайлсныгаа Монгол руу явуулж, заруулах гэж байгаа тухайгаа ч өгүүлсэн.
ХАРАНХУЙ НҮХ БА ДИВААЖИН
Ам.долларын лиртэй харьцах ханш өдөр бүр өсөж байгаа тул ажлын олдоц улам бүр багасаж, цалин нь ч буурчээ. Сүүлийн гурван сар нэг ч өдөр амраагүй ажилласан гэх Х ийн ярьсан юм.
-Туркт ирээд анх ямар сэтгэгдэл төрөв?
-Хөдөө ирчихсэн юм шиг санагдсан. Эхний хоёр, гурван сар бол харанхуй, таггүй нүх рүү уначихсан мэт байсан. Тэнэмэл муур, нохой ихтэй, байшингууд нь нүдэнд тулж харагдаад л, ерөөсөө таалагдаагүй.
-Ирсэндээ харамсаж байв уу?
-Эхэндээ их харамссан. Монголд хүнд хүчир ажил хийж үзээгүй учраас ууц нуруугаар өвдөөд, алхахад ч хүндрэлтэй байсан. Ажлаасаа ирээд гутлаа тайлаад л гадуур хувцастайгаа үхсэн юм шиг унтдаг байсан өдөр олон.
-Гэрийнхэндээ энэ тухайгаа хэлсэн үү?
-Нөхрөөсөө өөр хүнд хэлээгүй. Дурандаа ирчихээд хэндээ ч гомдоллох билээ.
-Монголдоо ажиллаж, амьдрах тийм хэцүү байсан юм уу?
-Би Монголд боломжийн амьдардаг байсан. Зуучилдаг хүмүүс диваажинд аваачих гэж байгаа юм шиг ярьж итгүүлсэн. Тэд ашиг хонжоо олохын тулд хүний сэтгэхүйгээр тоглодог. Өндөр цалингийн тухай сонссон хүн явъя л гэж боддог юм билээ.
-Бэлгийн хүчирхийлэл их байдаг тухай сонссон. Танд тиймэрхүү зүйл тохиолдож байв уу?
-Цалин өгөхгүй, эсвэл ажил дээр дарга “оролдох” тохиолдол нэг биш удаа гарсан.
-Гурван жилийн өмнөх, Турк явж байсан цаг үедээ эргээд очвол наашаа зүглэх байсан уу?
-Хэзээ ч үгүй.
-Одоо Турк явахаар шийдэж байгаа хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?
-Эхлээд “Юуны төлөө ирэх гэж байгаа вэ” гэж асуумаар байна. Хэрэв мөнгө хураах гэж байгаа бол ирэх хэрэггүй. Зүгээр л сайхан орчинд амьдаръя гэж бодож байвал өөр хэрэг.
-Удахгүй Монгол явна гэсэн. Очоод юу хийх бол?
-Үнэнийг хэлэхэд надад хураасан мөнгө, төлөвлөсөн зүйл алга. Олсон хэдээ нөхөр, хүүхдүүд рүүгээ явуулаад дууссан.
-Энд ирснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарав?
-Нэг их өөрчлөгдсөн зүйл алга. Харин би өөрөө их зүйл сурлаа. Амьдралыг энд мэдэрсэн. Хаана ч, хэнд ч ажлаар гологдохооргүй боллоо.
-Таны хамгийн том зорилго юу вэ?
-Гурван хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэх. Намайг байхад юу ч хийдэггүй байсан хүүхдүүд маань одоо бүх зүйлээ бие даан хийдэг болж. Гэрийн ажлын хуваарь хүртэл гаргачихсан байна лээ. Шал угаадгаа хүү маань гэрийнхээ “хоккейчин” гээд нэрлэчихсэн байсан.
-Сард дунджаар хэдэн төгрөгийн цалин авч байна вэ?
-Барагцаагаар 1.3 сая төгрөг. Нэг биш хэд хэдэн ажил хийж байж шүү дээ. Байрны түрээс, ус, цахилгаан, автобус унаа эндээс гарна. Өмнөхөө бодвол би байр сууриа олсон, хэл мэддэг болсон учраас бэрхшээл харьцангуй бага. Хийж л чадвал хүссэн цалингаа авч чадна. Турк амьдралын өртөг өндөртэй. Нэг өрөө байрны түрээс хамгийн багадаа 1200 лир. Барьцаанд мөн энэ хэмжээний мөнгө төлнө, зуучлалын хөлс бас ийм үнэтэй. Тийм болохоор байраа хүнтэй хамт түрээслэнэ. Нэг лир 500 орчим төгрөгтэй тэнцдэг.
-Истанбулаар аялсан уу?
-Үгүй. Нэг л удаа ойрхон хот руу явж үзсэн. Энд байдаг монгол караоке ч орж үзээгүй гэж ярилаа.
Үр хүүхдээ боловсролтой, хэнээс ч дутаахгүй амьдруулах хүсэлтэй нэгэн эх шар өдөр, бор хоногуудыг зөвхөн ажиллахын төлөө төрсөн мэт өнгөрүүлж байна. Таньдаг, танилцсан гурван эмэгтэйн түүхээр Туркт ажилладаг монголчуудынхаа амьдралыг дүрслэхийг хичээлээ. Хэрэв танд энэ бүхэн хэтэрхий хар бараан санагдвал өршөөгөөрэй.
“Хараар” хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүст гэрэл гэгээ хомсхон аж. Гэвч сүүдэр байгаа газар ямагт гэрэл бий. Туркт Монголынхоо нэрийг өргөн амжилттай суралцаж, дэлхийн хэмжээний боловсрол эзэмшин, нэр хүндтэй байгууллагад ажилладаг залуус цөөнгүй байна.
Олон зуун жилийн дайн дажин, хагарал, зөрчил, хуучин, шинийн төлөөх тэмцэл нь Туркийг, ялангуяа Истанбулыг нэг тийм нүүгэлтсэн дүнсгэр, саарал хот болгосон гэлтэй. Буцах замд онгоцон дотроос Истанбул Цагаан сарын тавган дээрх өнгө өнгийн цаастай чихэр шиг харагдсан. Энэ олон өнгийн гэрэл шиг энд олон өнгөтэй амьдрал буцалж буй.
Дүнсгэр шаналан ч, нүд гялбам жаргал ч бий. Орхан Памук шиг, эсвэл турк хүмүүс шиг энд байгаа монголчууд энэ улс, хотын төлөө шаналдаггүй ч, орхиод ирсэн гэр бүл, төрсөн нутаг орон, утаандаа униартах Улаанбаатар, өөрийн бүхний төлөө өдөр бүхэн гуньдаг.
Амьдрал, ахуйгаа сайжруулахын төлөө хэдэн монгол гэр бүл салж, хэдэн хүн харийн хүний энгэр дэрлэн санаа алдаж, бас хэд нь маргаашийн ажилдаа санаа зовон, хэд нь халуун дулаан гэр бүл, эцэг эх, үр хүүхдээ санан, нулимс дуслуулан дэрээ норгон нойр нь хулжаа бол...
Истанбулыг би санахгүй ээ. Харин энэ улсад танилцсан эгчийг бол мартахгүй ээ.