Чингэлтэй дүүргийн Жуулчны гудамж дахь Төрийн банкны салбар онгойхоос өмнө үүдэнд нь урт дараалал үүсжээ. 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог 50 000-250 000, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд жилд нэг удаа урамшуулал болгон өгдөг 100 000, 200 000 төгрөгийг авахаар иргэд дугаарлаж буй нь энэ. Банк үүдээ нээхтэй нь зэрэгцэн хүмүүс ч “шуураад” орлоо. Урд, хойно зогссон нэгнээрээ баримжаалан уг нь замбараатай байж, үйлчилгээний дөрвөн цонхны ард хуваагдан зогсоод өвөр, халаасаа тэмтрэн бичиг баримтаа гаргаж эхлэв. Гэтэл төд удалгүй банкны ажилтан “Халамжийн сангаас хүмүүсийн нэр хараахан ирээгүй байгаа тул түр хүлээнэ үү. Удахгүй олгож эхэлнэ” гэв. Гадаа цаг гаруй зогссон иргэд унтууцаж, дургүйхэн тарав. 11.00 цагийн үед иргэд тус салбараас одонтой ээжийн болон насны хишгийн мөнгийг авч эхэлсэн юм.
Бид Төрийн банкныхнаас энэ төрлийн тэтгэмжийг жилд ганц, хоёр удаа авахаар цуглаж буй иргэдээ яагаад чирэгдүүлж, хүлээлгэж буй талаар болон өндөр настнууд заавал биеэр ирж авах шаардлагатай, эсэхийг тодруулсан юм. Тус банкны маркетингийн алхах мэргэжилтэн Б.Одбаясал “Юуны түрүүнд ХААН болон манай банк хоёр л тэтгэвэр, тэтгэмж, халамжийн мөнгийг дамжуулан олгож буй.
Арилжааны бусад банк энэ үйлчилгээг үзүүлэхээс татгалздаг нь манай салбаруудад ачаалал үүсгэн, хүмүүсийг бухимдуулаад байгаа хэрэг.
Мөн иргэн өөрөө банканд ирэхээс гадна дансаар болон итгэмжлэгдсэн хүнээрээ дамжуулан авах боломжтой. Бид тэтгэвэр авдаг данс руу нь халамжийн мөнгийг нь хийхийн тулд тухайн иргэнээс заавал саналыг нь асууж, баталгаажуулсан байх ёстой. Энэ үйлчилгээг идэвхжүүлсэн цөөхөн хүний мөнгө данс руу орж байгаа. Бусад нь өөрсдөө авахаар дугаарлаж байна” гэсэн юм.
Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дэд дарга Т.Бадрахбаяраас тодруулахад “Энэ удаагийн халамж, тэтгэмжийн мөнгөний санхүүжилт бүрэн хийгдсэн. Жилд 1-2 удаа олгодог зарим тэтгэмжийн мөнгийг шинээр авах, эсвэл больсон хүмүүсийн нэрсийг хороо, дүүргээр нь нягталж, баталгаажуулдаг тул банкууд руу явуулах бүртээ нэрсийг нь шинээр илгээдэг гэсэн үг. Эндээс банкуудад иргэдийн нэр очсон, очоогүй гэх яриа гараад байгаа юм. Мөн иргэн мөнгөө ямар ч хэлбэрээр авах эрхтэй тул банкуудыг аль болох цахимаар олгохыг анхааруулсаар байгаа. Үүнд иргэдийн оролцоо ч чухал” гэв. Харин Төрийн банкнаас насны хишгээ авахаар дугаарлаж байсан иргэн Б.Зээрэнхүүгээс заавал өөрөө ирэхгүйгээр мөнгөө авч болдог талаар мэддэг, эсэхийг нь лавлахад “Эмээ нь сайн мэдэхгүй. Тэтгэвэрээ ч өөрөө ирж авдаг. Энэ тухай хүүхдээсээ асууя” хэмээв.
Ташрамд дурдахад, нэгдүгээр сард улсын хэмжээнд ахмад дайчинд 600 сая, 65-аас дээш насныханд 22.4, одонтой ээжүүдэд 29.4 тэрбум төгрөг олгохоор төсөвлөжээ.