Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ
Энэ хорвоогийн хаа нэгтээ өөртэй нь усны дусал мэт адил ихэр нь амьдарч буй гэдэгт итгэдэг Орхан Памукийн “Истанбул: Дурсамж ба хот”-ыг цүнхлэн, Истанбулыг зорилоо. Өрнө, дорныг тэгнэн оршдог шигээ тийм л дүр төрхтэй хүмүүс, тэнгэр рүү тэмүүлэн “ургах” уран барилга, тэрэнтэй өнгө хослон сүр нэмэх сүмүүд, тэндээс өдөрт хэдэнтээ эгшиглэх мөргөлийн дуу энэ хотыг ер бусын болгоно.
Гэхдээ Истанбулыг, Таксим талбай, Босфорын хоолой, Султан Ахмедын сүм, Гүнжийн цамхаг, гүнждийн үртэй цагариган боовыг биш, энд хараар ажилладаг монголчуудынхаа тухай л бичихийг зорьсон юм. Нөгөө талаар дэлхий даяар тархан ажиллаж, амьдарч буй монголчууд маань хэрхэн аж төрж байгааг нээн дэлгэх, Хятадаас сурвалжилсан “Монголын заяа өндөр”, Өмнөд Солонгост хараар ажилладаг монголчуудын тухай өгүүлсэн “Айлаас эрсэн аз жаргал” нийтлэлийн маань үргэлжлэл болог гэж бодсон хэрэг.
Төрөлх хотоосоо мэдэрдэг уй гунигаа Памук “Дүнсгэр шаналан” хэмээн тодотгосон шиг ерөөс Истанбулд амьдардаг хэн бүхэн үүний л төлөө энд оршин буй ч юм шиг. Ази, Европыг холбосон, нэгэн цагт аугаа хүчирхэг Османы эзэнт гүрний нийслэл байсан, дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг энэ хотод монголчууд маань юу мэдэрч, юуг санагалзан, ямархныг хүсэж мөрөөдөн аж төрдөг юм бол?
НЭГ ШӨНӨ МЯНГАН ДОЛЛАР
Д.Баясгалан хэмээх бүсгүй өдийгөөс 14 жилийн тэртээ, 28-хан насандаа Истанбулыг зорьжээ. “Туркт өндөр цалинтай ажилд зуучилна” гэсэн сонины зараар 2500 ам.долларын зуучлалын хөлс төлж, таньж мэдэхгүй хүний нутагт хөл тавьсан байна. Тухайн үед монголчууд Турк улсад зорчиход виз авдаг байж. Амлаж хэлсэн шиг нь амар ажил гэвч олдсонгүй, сайн сайхан зүйлс, өндөр цалин ч угтсангүй. Тэр ч байтугай монголчуудын талаарх төсөөлөл, мэдээлэл туркчүүдэд хомс байж. Харин одоо энд Чингис хааныг, монголчуудыг мэдэхгүй хүнгүй болжээ.
Найман жил Туркт ажилласан монгол бүсгүй түүнийг газар ширдэг дэвсэн, зутруухан угтахад л анх удаа гаргасан шийдвэртээ эргэлзжээ. Гэхдээ түүнд буцах сонголт, эргээд эх орон, ээж, аавдаа очих зориг байгаагүй. Хэрэв байсан бол энэ олон жилийг ингэж туулахгүй байсан юм. Ийн айлд гэрийн үйлчлэгчээр зургаан сар ажиллахдаа 60 кг-аас 53 болтлоо турж, бүх хувцас нь таарахаа больсон гэнэ. Тэр үед л “Гэртээ харья” гэж боджээ. Гэхдээ санамсаргүй зүйлс, биднийг “унтарч” байхад гэрэлтүүлдэг хүмүүс хаа нэгтээ байж л байдаг. Тэрбээр тийм үедээ нэгэн “гэрэлтэй” таарсан нь ажил зуучлалын газартай турк эмэгтэй байлаа. “Ийм ажилсаг охин юу ч хийсэн алзахгүй. Зорилгоо бод” гэж зоригжуулснаар тэр өнөөг хүртэл энэ хотод ажиллаж буй.
Турк хоол огт хийж үзээгүй хэрнээ “Чадна” гэж хэлээд өөр нэг айлд гэрийн үйлчлэгчээр орсон байна. Өлсөхгүйн тулд хоол хийж сурсан ч гэрийн үйлчлэгчтэй нь тааралгүй бас л ажлаасаа гарахад хүрчээ. Гэрээсээ хол байгаадаа ч юм уу, эсвэл өөрийг нь гэх хүн үгүйд ч юм уу, эсвэл бүр хэн нэгэнд доромжлуулсандаа ч юм уу уйлж гарчээ. Ийн нэг жилийн хугацаанд таван ажил сольсон аж. Хоёр, гурван сар ажилгүй явж байгаад эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг 70 настай өвгөнийд үйлчлэгч хийхээр болжээ. Эхнэр нь “Турк хүнтэй битгий суугаарай. Насны эцэст зовно шүү” гэж зөвлөнө. Тийм болохоор ч тэр үү, тэрбээр гэрлэх олон саналаас татгалзан өнөөг хүртэл ганц бие яваа. Хорвоог ганцаараа туулахаар аль эрт шийдчихсэн хэрнээ ганц бие бүсгүйчүүдийг өөр шигээ болчих вий гэсэндээ “Шаардлага бага дээрээ хүнтэй суу” гэнэ. Гэрийн эзэн өвөө ирэх бүртээ түүнийг үнсэнэ. Охин шигээ санадаг гэж итгэн, тэр бүрт аавыгаа үгүйлнэ. Гэхдээ тэр хүний бодол өөр байсныг эхнэр нь гадагшаа явсны дараа л мэджээ. “Нэг шөнийг хамт өнгөрүүлбэл 1000 ам.доллар өгье” гэжээ. Энэ үг түүнийг ажлаасаа дахин гарахад хүргэсэн. Харин үүний дараах айлдаа тэрбээр одоо хүртэл 12 жил ажиллаж, итгэлийг нь хүлээжээ.
ХУВЬ ТАВИЛАН
Энэ бүсгүй 14 жилийн өмнө гэрээсээ гарснаас хойш нэг л удаа нутаг буцсан. 2015 онд аав нь, бас хайртай ах нь бурхан болоход очиж чадаагүй. Аавынхаа бие чилээрхсэнийг мэдэж байсан, бас уулзчихсан учраас сэтгэл санааны бэлтгэл гайгүй байж. Харин ахыгаа гэнэт өнгөрөхөд яарч сандран очоод ч уулзаж чадахгүй учраас уйлахаас өөр юу ч хийж чадаагүйгээ, хэдэн өдөр тааралдсан болгоноо идэж тайвшрах гэж оролдсоноо ярьсан. Түүний зовлон шаналлыг өөрийн мэт мэдэрч байгаагийн шалтгаан бол тэр миний нагац эгч юм. Дээрх ажил явдлуудад гар бие оролцон, тэр бүхний дараа уулзсан дотно ганц хүн нь би. Хайртай хүн нь дахин хэзээ ч уулзахгүйгээр одоход уйлахаас өөр юу ч хийж чадаагүй хүн нь цор ганц миний эгч биш. Хилийн чанадад амьдрахаар шийдсэн хүн бүрийн туулаад гардаг энэ жим өдөр ирэх бүр зам болон тодорч буй. Би түүнтэй ярилцсан юм.
-Анх та Монголоос юу бэлдэж ирж байсан бэ?
-Зочин ирэхээр өмсөж угтах дээл л авчирсан. Гэтэл юун дээл өмсөж, зочин угтах манатай. Тэгээд тэр дээлээ зарсан даа.
Эгч маань шуузалсан мах авч явж байсан нь өчигдөр мэт тодхон. Явахынх нь өмнө миний хийж байсан цуйван түүхийрчихсэн юм. Олон жилийн тэртээ эгчийгээ хоолгүй үдэж өгсөндөө одоо хэр нь гэмшдэг.
-Хамгийн хэцүү үе хэзээ байв?
-Тоолохын аргагүй олон. Шантарч байсан, уйлж байсан, хэн нэгэнд гомдсон өдрүүдийг хэлж барахгүй.
Зургаан жилийн өмнө тэрбээр Монголд ирэхээсээ өмнө ганц амардаг өдрөө илүү цагаар ажиллаж, тэр мөнгөөрөө эгч, дүү нартаа бөгж авчирснаас ээж өөрийнхөө хувийг надад өгсөн юм. Харин би тэр бөгжийг өгөх л ёстой бэлэг мэт санасан сан. Одоо бөгжөө харах бүртээ эгчийнхээ зовж мөнгө олдгийг, тэр бөгжинд түүний хөлс, хүч, нулимс шингэснийг мэдэрдэг. Энэ ажлаасаа гарч, ачаалал багатай газарm ажиллая гэх бүрт гэрийн эзэд цалинг нь нэмсээр өдий хүрчээ. Монгол явах хооронд нь өөр хүн ажиллуулж, буцаад ирэхэд нь эргүүлээд авчээ.
-Истанбулд байгаа монголчууд бие биедээ хэр тусалдаг вэ?
-Мэдээж туслалгүй яах вэ. Гэхдээ энд буй монголчууд хүн чанарын хувьд сайнгүй. Өнөөдөр намайг хараад магтаж, маргааш өөр нэгэнтэй уулзахдаа юу гэж ч ярьж магадгүй.
-Туркт ирснээрээ та алдсан уу, хожсон уу?
-Алдаа ч үгүй, хожоо ч үгүй. Гэхдээ хүнд тусалж явбал ажил үйлс бүтдэг гэдгийг ойлгосон. Хүн намайг хуурлаа гээд түүнд гомдож, туньдаггүй. Турк хүмүүс ч тийм бодолтой. “Аллах бурхан түүнийг шийтгэнэ” гэж үздэг.
-Истанбул хэр хот вэ?
-Хоёр идүүлэхгүй, хоосон хонуулахгүй.
-Монголоо хэр их санадаг вэ. Явах юм сан гэж боддог уу?
-Эхлээд их санадаг байсан. Одоо өмнөх шигээ биш болсон. Туркийн хаана ч ажил олоод хийчихээр боллоо. Харин Монголд хүссэнээр маань ажил олдохгүй гэж ярьсан юм.
Сэтгэл сайтай хүнд сайн сайхан зүйлс тохиолддог гэж итгэдэг тэрбээр ганцаараа хоол идэх дургүй учраас заримдаа төдий л дотно биш нэгэнтэй хоолны мөнгийг нь төлж, хамт хооллодог тухай сонсоод сэтгэл урагдах шиг болсон. Бид эх орондоо хүссэн хүнтэйгээ хооллож, бас уулзаж, юу хүссэнээ хийдэг. Хүсэхгүй бол өөр нэгнийг ч дуудаж чадна. Харин эгчид минь тийм хүн хуруу дарам цөөн.
Эгчийнхээ ажилладаг айлд хэд хоног байж, түүний ажил болон турк хүмүүсийн талаар бага ч атугай мэдэх боломж олдсон юм. Улсдаа боломжийн амьдралтайд тооцогдох хөрөнгө чинээтэй айл аж. Туркчүүд гэртээ гадаадынхныг ажиллуулах хүсэлтэй учраас манайхны хийдэг ажлуудын дунд гэрийн үйлчлэгч дээгүүрт тооцогдоно. Эгч маань долоо хоногт нэг л өдөр амарч, бусад өдөр нь өглөөний 07.00 цагаас үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй ажиллана. Эхнэр, нөхөр хоорондоо барагтай бол ярихгүй, тусдаа өрөөтэй, өрөө өрөөндөө хоргодоцгооно. Мөнгөтэй хүнээс аз жаргал дүрвэчихдэг юм уу, эсвэл бид түүнийг нь олж хардаггүй ч байж мэднэ. Хоёр хүүхэд нь тусдаа гарчихсан тул хамт амьдардаггүй.
Хоёр нохой нь харин эрх хүүхэд шиг. Нөхөр нь ажлын өдөр өглөө 07.00 цагт босож, харин эхнэр нь үд хүртэл унтана. Энэ хооронд эгч гэр орныг нь цэвэрлэж, хувцас хунарыг нь угаана. Үзүүлэн мэт эд зүйлс өрсөн өрөөнүүд буйдангаар дүүрэн. Гаднаа усан сан, амарч тухлах хэд хэдэн саадтай энэ “харш” дөрвөн давхар. Долоо хоног бүрийн даваа, мягмар гарагт их цэвэрлэгээ хийнэ. Бусад өдөр хөнгөн цэвэрлэнэ.
Яруу найрагч Д.Баттогтохын “Хувь тавиландаа би дасаагүй” гэсэн шүлгийн мөр бий. Эгчтэйгээ уулзахаас өмнө би хүн хувь тавилангаа өөрөө бүтээдэг гэж итгэдэг байлаа. Харин багаасаа л гэрийн ажилд сүрхий эгчийгээ айлд гэрийн үйлчлэгчээр ажиллахыг хараад хүн анхнаасаа л хувь тавилантайгаа төрдөгт итгэдэг болов. Өдрөөс өдөрт эх орноосоо дайжин, нүүдэллэж буй монголчуудыг маань, үлдэж хоцорсон эх орныг маань харин ямархан хувь тавилан хүлээж байгаа бол...
“БИ Ч ГЭСЭН МОНГОЛ ХҮН”
Дээр өгүүлсэн бүхнээс хойш долоон хоногийн дараа Бээжингийн онгоцны буудал дээр ирэхэд бүртгэлийн ажилтан монгол хүн сураглаж байв. Надтай нэг онгоцоор нисэх монгол эмэгтэй шинэ паспорттой, мөн ямар зорилгоор явж буй нь тодорхойгүй аж. Тэр эмэгтэй Истанбулд амьдарч байсан, турк нөхөртэй, гадаад паспортын хугацаа нь дууссан, бас хүүхдийнх нь бие өвдсөн учраас Монгол руу буцжээ. Мөн хүссэн үедээ Туркт нэвтрэх эрх бүхий бичигтэй гэнэ. Түүнчлэн охин нь тун удахгүй Истанбулд амаржих гэж байгаа учраас яаралтай нисэхгүй бол болохгүй. Ийн түүнээс олон арван зүйл цаг хэртэй асууж, тэр бүхнийг нь би чадах чинээгээрээ орчуулснаар бид явах эрхтэй болсон юм. Гэтэл онгоцонд үнэгүй авч явах ачааны хэмжээ 20 кг байтал эгчийнх 46 кг хүрчихжээ. Илүү гарсан ачааны кг тутамд 130 юань, өөрөөр хэлбэл 3380 юань төлөх шаардлагатай гэнэ. Нэг хүн нэг л ачаа үнэгүй авч явах учраас би түүнийг нь өөрийнх дээрээ нэмэх боломжгүй, эгч мөнгөгүй. Ачааныхаа заримыг хаяхыг зөвлөсөн ч хаячих зүйл олдсонгүй, бүгд л тэрэнд, энэнд гэж хаягласан бэлэг аж. Бүртгэлийн ажилтанд учрыг тайлбарлатал тэрбээр дарга руугаа ярьсан ч зөвшөөрсөнгүй. Онгоц нисэхэд 30 минут үлджээ. Эгчийг үлдээж төвдөлгүй “Би монгол хүн. Хүний нутагт монгол хүнээ орхиод явах надад хэцүү байна” гэхэд бүртгэлийн хятад ажилтан гүн санаа алдаад, “Байгаа мөнгөө тушаагаад яв даа” хэмээн толгой мэдэн шийдвэр гаргасан юм. Энэ бол Хятадад сурах хугацаандаа дундад хүн нутаг нэгтэндээ хэрхэн ханддагийг сурсан миний туршлага. Казахстаны нийслэл Астанад дараагийн нислэгээ хүлээх зуур эгчтэй ярилцтал харин түүний ярьсан болгон худлаа болж таарав.