Үндсэн хуулийн тэргүүнд залсан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” хэмээх эрхэм тунхагийн үнэ цэн Монголд жинхэнэ утгаараа алдагдлаа. Ялангуяа 1.4 сая орчим хүнээ дөрвөн уулын дунд хашсан Улаанбаатар хэмээх энэ их айлд аюулгүй, эрүүл, амар тайван амьдарна гэдэг мөнгө төлөөд ч биелэхгүй үнэтэй мөрөөдлийн нэг болж хувирахад тун ойрхон байна.
Өвөлжингөө хорт утаагаар “угжуулсан” иргэд урь оров уу, үгүй юү, хөрсний бохирдол, тоосжилт гэх өштний дарамтад ордог.
Амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлдэг, хамгийн аюулгүй орчин гэгддэг гэр, ажил дээрээ ч тайван, тухтай байх боломж улам бүр алсарсаар. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай улсын таван мянга гаруй иргэн гэр, ажлын байр, эсвэл ямар нэг объектод байхдаа санамсаргүй байдлаар гэмтсэн, нас барсан гэсэн баримт байна. Хамгийн харамсмаар нь тэдний олонх нь буюу 76 хувь нь Үндсэн хууль дахь дээрх эрхээ эдэлж чадаагүйгээс хохирчээ.
Таван мянга гэдэг бага тоо биш. Энэ баримтыг лавшруулбал, орчны аюулгүй байдал, цаашлаад барилга, байгууламжийн чанартай холбогдоно. Бүр цаашилбал барилга, дэд бүтцийн чанарыг үнэлж дүгнэдэг эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад хамгийн их хамаатай. Тэр дундаа энэ ажлыг оройлон гүйцэтгэдэг Улсын комисс хэмээх онцгой эрхтэй субъект хамгийн түрүүнд нэр холбогдоно. Энэ талаар дэлгэрүүлье.
УЛСЫН КОМИССЫН ҮҮРЭГ ЮУ ВЭ
Шинээр барьсан, өргөтгөл шинэчлэл, их засвар хийсэн барилга, байгууламж бүрийг Улсын комиссынхон үнэлж дүгнэдэг. Тухайн объектод хүн амьдрахад, эсвэл үйлдвэрлэл, үйлчилгээ гэх мэт ямар нэг зориулалтаар үйл ажиллагаа явуулахад аюулгүй, шаардлага хангасан, эсэхэд тэд хяналт тавьдаг. Өөрөөр хэлбэл, барилга, байгууламжуудыг эх барьж авдаг гэсэн үг. Энэ комиссын бүрэлдэхүүнд мэргэжлийн хяналт, онцгой байдал, инженерийн хангамжийн асуудал хариуцсан байгууллагынхнаас гадна зураг төсөл болон ашиглалт хариуцсан аж ахуйн нэгжийн төлөөллийг багтаадаг байв. Харин 2013 оноос энэ бүтэц алдагдаж, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрынхан шинэ барилга, байгууламж хүлээж авахдаа дотоод бүрэлдэхүүнээс гадна цөөн байгууллагын төлөөллийг хамруулах болсон. Ингэхдээ МХЕГ-ын төлөөллийг “жийсэн”. Гар нийлэн ажиллах ёстой энэ багийнхан чиг үүргээсээ болоод талцаж, хагаралдах эх үндэс энэ үеэс тавигджээ. Ингэснээр тус комиссын “Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд хохирол учруулахгүй архитектур, хот байгуулалтын шаардлагад нийцсэн, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангасан тоног төхөөрөмж, материал, хийц, хэсэг бүхий барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэсэн үндсэн үүрэг нь доголдоход хүргэжээ.
ЗӨРЧИЛ ИХСЭВ
Улсын комиссынхон ажлаа хэр “сайн” хийдгийн горыг бид байнга амсаж байна. Ашиглалтад оруулаад таван жил ч болоогүй “Хангай” хотхоны оршин суугчид байранд орсон үеэсээ зэвтэй усаар ундаалсан хэвээр. 2015 онд барьсан “Их Монгол” хорооллын зарим байрныхан өвөл паараа тэврэн хонохдоо тулж буй. Эдгээр орон сууцны хорооллыг аль алиныг нь Улсын комисс хүлээж авахдаа онц дүн тавьсан. Харин оршин суугчид комиссын шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа холбогдох байгууллагад удаа дараа ховложээ. Улсын комисс хүлээж авсан гэсэн тусгай “тамга”-тай ч энэ мэт чанаргүй, зөрчилтэй барилгатай холбоотой санал гомдол мэргэжлийн хяналтын байгууллагад сүүлийн жилүүдэд ирэх нь эрс өссөн гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийнхэн хэллээ.
Архитектур, төлөвлөлтийн алдаатай, зураг төслийн дагуу гүйцэтгээгүй, барилга угсралтын явцад зөрчил үүссэн гэж мэргэжлийн хяналтын байцаагчид “хар тамга” дарсан барилга, байгууламжийг ч Улсын комиссынхон хүлээн авч харшилдаг гэх. Ийм тодотголтой барилгуудыг дурдвал “Буянт-Ухаа I”, “Буянт-Ухаа II”, “Женерал таун”, “Хансвилл”, “Алтай” хотхон, Хан-Уул дүүргийн III, XI хороонд байх 51, 95 дугаар байр гээд уртаас урт жагсаалт хөврөх нь. 2017 онд хийсэн ганц удаагийн шалгалтаар л Улсын комисстой холбоотой 20 орчим зөрчил илрүүлсэн баримт бий.
Сүүлийн жилүүдэд манай улсад газрын чичирхийлэл идэвхжиж, гамшгийн эрсдэл хоёр дахин нэмэгдсэн учир барилгын чанарыг сайжруулахад онцгой анхаарч, ашиглалтад оруулахаас өмнө сорил шинжилгээ хийх улсын лаборатори даруй байгуулах хэрэгтэй болсон гэх. Үүнд шаардлагатай хөрөнгийг ирэх оны (2019) төсөвт суулгах шаардлагатай гэсэн саналыг өнгөрсөн оны хавар Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын зарим гишүүн онцлон хөндөж байв. БХБЯ-ны холбогдох мэргэжилтнүүд ч энэ чиглэлийн тооцоо судалгаа хийж буйгаа дуулгалаа. Барилгын компаниуд стандарт, нормын дагуу ажлаа гүйцэтгэж, Улсын комисс түүнийг бодитоор үнэлж, зөрчил дутагдлыг нь хүлээн зөвшөөрөх зайлшгүй шалтгаануудын нэг нь газар хөдлөлт хэмээх байгалийн гэнэтийн шалгалт билээ.
БУРУУТАН НЬ ОЛДДОГГҮЙ
Гял цал болж, будаг нь ханхалсан нэгэн томоохон зочид буудлыг Улсын комисс хүлээж аваад удаагүй байтал цахилгаан шат нь унаж, дотор нь явсан иргэд бэртсэн хэрэг уржнан гарсан. Дархан-Уул аймагт өнгөрсөн оны хавар ашиглалтад оруулсан “Хээт” орон сууцны хорооллын нэг давхрын гурван айлын цонхон тус газарт хана нь цуурсан тохиолдол ч бий. “Барилга, байгууламжийн техникийн аюулгүй байдал гэдэг түүнийг барихад ашигласан ганц ширхэг тоосгоноос ч хамааралтай” гэж Гавьяат барилгачин Ц.Ойлоо хэлсэн байдаг. Энэ нь эцсийн дүндээ хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбогддог. Тиймээс дэлхийн орнууд барилгын салбарт мөрдөх стандарт, нормд ихээхэн ач холбогдол өгдөг жишигтэй. Техник, технологийн хөгжлөөрөө тэргүүлэгч арлын оронд барилгын болон зам, гүүрийн инженерийн тэргүүн зэргийн цол хүртсэн Н.Баянмөнх “Японд барилга барихад хууль хяналт, хариуцлагын систем нь их өндөр учраас чанарыг нэгдүгээр тавьдаг. Тэр дундаа улсын барилгын чанар, стандарт маш хатуу.
Барилга эхлэхээс дуусах хүртэл бараг бүхэл хэсгийг хууль стандартын дагуу гүйцэтгэснээ нарийн баримтжуулах шаардлагатай болдог. Барилгын компаниудын ажлын явцтай долоо хоног бүр улсаас хүн томилж, давхар хянадаг” гэв. Чанаргүй, стандартын зөрчилтэй барилга барьсан компани, түүнд хяналт тавьсан албан тушаалтнуудад ч давхар хариуцлага хүлээлгэдэг гэнэ. Өөрөөр хэлбэл, гэмтэн нь тодорхой байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ, буруутан нь олддоггүй аж. Барилгын компаниуд нь ч, хүлээж авсан комиссынхон ч нэрээ цэвэр авч гарахыг хичээдэг байна.
БАС НЭГ АЮУЛ
Улсын комисс орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга, байгууламжаас гадна зам, гүүр, тэсэрч дэлбэрэх, химийн аюултай, хортой бодис агуулдаг онцгой объектуудыг ч хүлээж авдаг. Энэ үүргээ бас л хангалттай биелүүлдэггүйг мэргэжилтнүүд ховлолоо. МХЕГ-ын Эрчим хүч, хэмжил зүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадорж “ШТС, газрын тосны бүтээгдэхүүн агуулах объектыг хаана, ямар стандартын дагуу байгуулах ёстойг тусгасан маш хатуу стандарт бий. Гэтэл сүүлийн үед ШТС, агуулахуудыг шаардлага хангахгүй зураг төслийн дагуу, галын аюултай объекттой хэт ойр барих боллоо. Түүнийг нь Улсын комисс хүлээж авч байна. Ингэхээр тухайн объект анхнаасаа стандарт, норм зөрчсөн болж таарна. Энэ нь тухайн объектод өөр олон эрсдэл, зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Улсын комисс анхнаасаа ийм ноцтой алдаа гаргасан байхад бид түүнийг нь засаж залруулахаар араас нь хөөж, хөөцөлдөж ажиллах хүндрэлтэй” гэв. ШТС бол тэсрэх бөмбөгнөөс ялгаагүй аюултай объект. Энэ онцгой объектыг ч Улсын комиссынхон шалгахдаа “гурилддаг” гэхээр тэд ажилдаа хэр зэрэг сэтгэлтэй, хариуцлагатай ханддаг нь харагдаж байна.
“Төдөн зуу, мянган айлын орон сууц ашиглалтад орууллаа. Тэндхийн зам, гүүрийг өргөтгөн засаж, Улсын комисст хүлээлгэн өглөө” гэхээр манай дарга нар тууз хайчилж, дарс буудуулах нь холгүй сүржигнэж, хөл хөөрцөг болдог. Үүнийхээ оронд Улсын комисс тухайн бүтээн байгуулалтыг хэрхэн үнэлсэн, ажлын хэсэгт зохих байгууллагынхан багтсан уу гэдгийг нийтэд ил тод мэдээлж баймаар сан. Иргэд ч энэ талаарх мэдээллийг нягтлахад гэмгүй. “Улсын комисс хүлээж авлаа” гэдэг үг аливаа барилга, байгууламж аюулгүй, эрсдэлгүй гэсэн үг огтоос биш.
Бэлтгэсэн: Ж.Сувд