Агаарын бохирдол гэдэг сэдэв зөвхөн өвөл “босож” ирдэг, тэр тусмаа дан ганц Улаанбаатарынханд хамаатай зүйл биш гэнэ. Дотоод орчны агаарын бохирдол буюу хүн амьдралынхаа 90 орчим хувийг өнгөрүүлдэг ажил, гэр, автомашин болон сургуулийн орчин дахь агаар бохирдуулагч эх үүсвэрээс ялгардаг “хор” биднийг байнга утаж байдаг аж. Бидний өнөөгийн амьдралын хэвшил нь агаар бохирдуулагч, харшил үүсгэгч элдэв бодисоор дүүрэн орчныг нэгэнт бий болгосон бөгөөд хорт хий, утаа, үнэр, тоосонцор, бактери гээд өдрөөс өдөрт хүний эрүүл мэндэд заналхийлсэн дайсан мундахгүй болж.
Хамгийн гол нь өрөө тасалгаан доторх энэхүү үхмэл агаар нь гаднах орчны бохирдлоос 2.5 дахин их бохирдолтой, тэр хэрээрээ хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь ч их
гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн анхааруулав.
Гаднах агаарын бохирдлоос гадна гэрт түүхий нүүрс түлэх, тамхи татах, эрүүл ахуй, ариун цэврийн хангалтгүй байдал буюу чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийхгүй байх, гэрийн тэжээвэр амьтдын үс ноос, барилгын материал болон тавилга, агааржуулалт зэрэг олон хүчин зүйл үүний эх үүсвэр болдог байна. Эдгээрээс ялгарсан нүүрстөрөгчийн дутуу исэл, азотын давхар исэл, тоосонцрууд, дэгдэмхий органик нэгдлүүд нь арьс салст, амьсгалын замаар хүний биед нэвтэрч, янз бүрийн өвчин үүсгэгч хүчин зүйл болдог аж. Тухайлбал, дэлхийн хэмжээнд гурван тэрбум гаруй хүн хатуу түлшийг халаалт болон хоол унд хийх зориулалтаар ашиглаж байгаа нь амьсгалын замын архаг өвчлөл, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчин, амьгүй, дутуу төрөлтийн үндэс суурь болж буй гэнэ. Нийслэлчүүдийн хувьд дотоод орчны агаарын бохирдлын хэмжээ нь халаалтын төхөөрөмж болон тамхидалтаас голлон хамаарч байгааг 2008 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар хэдийн тогтоож байж. Тухайн үед түүхий нүүрс түлдэг гэр, байшинд амьдардаг өрхийн дотоод орчны хүхэрлэг хий, азотын давхар ислийн дундаж агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс хавьгүй өндөр байсан гэдэг. Нөгөөтээгүүр, Монголд хоёр өрх тутмын нэгд нь тамхи татдаг хүн зайлшгүй байдгийг судалгаагаар тогтоосон энэ үед хэчнээн чанартай сайн цэвэршүүлэгч төхөөрөмжөөр агаараа шүүгээд ч дотоод орчин дахь тамхины утаанаас үүдэлтэй бохирдлыг зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах боломжгүй гэж үздэг юм билээ.
Агаарын бохирдлын талаар амтай болгон уралдан ярьдаг энэ улиралд цэвэршүүлдэг, чийгшүүлдэг төхөөрөмжүүд дагаад моодонд орж буй. Гэвч үнэн хэрэгтээ агаар цэвэршүүлэгч, чийгшүүлэгч төхөөрөмжийг горимын дагуу зөв хэрэглэх нь чухал гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дотоод орчны агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн А.Бүүвэйдулам санууллаа. Жишээ нь, агаар цэвэршүүлэгчийнхээ шүүлтүүрийг солихгүй удаах, агаар соруулдаг сэнстэй хэсгийг нь хана гэх мэт битүү юманд тулгаад тавьчихдаг нь ашиглалтын горим зөрчиж буй явдал гэнэ. Тэгэхээр агаар цэвэршүүлэгч үнэтэй, хямд нь чухал бус, хамгийн гол нь зөв хэрэглэж дадахаас үр дүн, ач холбогдол нь шалтгаална гэдгийг дуулгахад илүүдэхгүй биз.
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгүүдийн дотоод орчны агаар дахь рм2.5 тоосонцрын бохирдлын дундаж түвшин хоногийн хүлцэх хэмжээнээс хоёр дахин их байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан 2017 онд тогтоосон билээ. Тиймээс дотоод орчны агаар дахь рм2.5 тоосонцрын бохирдлыг 3.2 дахин бууруулдаг HEPA шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгүүдэд авч суурилуулах зөвлөмж гаргасан удаатай. Гэвч Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн хүрээнд гэр хорооллын 50 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч суурилуулах төдийхнөөр мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж тэгсхийгээд замхарсан юм.
Дотоод орчны агаарын чанарын тухай ярихад зайлшгүй авч үзэх ёстой нэг зүйл нь барилгын материал болон бусад эд зүйлсээс ялгарах химийн бодисууд юм байна. Ялангуяа орон сууцны доторх агаарын бохирдлын гол эх үүсвэрт орчин үеийн барилгын материал, дотоод засал чимэглэл, тавилга болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд ордог. Тодруулбал, олон төрлийн барилгын материалаас ялгардаг ацетон, метил, бензол, толуол, үнэрт нүүрстөрөгчид, альдегид, кетон зэрэг хортой нэгдэл нь дотоод орчны агаарыг бохирдуулдаг аж.
Шинээр барьсан буюу засвар хийсэн барилгын лакадсан материал, хулдаас, цавуунаас ойролцоогоор зургаан сарын турш химийн элдэв нэгдлүүд ялгардаг нь оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй тул анагаах ухааны нэршлээр үүнийг “барилгын өвчин” гэж нэрлэдэг. 2013 онд хийсэн судалгаагаар орон сууцны шал болон барилгын бусад материалын шинж чанараас хамааран дотоод орчны агаар дахь дэгдэмхий органик нэгдлийн агууламж ихэссэнээр хүмүүсийн толгой өвдөж, ядрах, нүд, хоолой үрэвсдэгийг тогтоожээ. Тухайлбал, будаг болон будаг шингэлэгчийн найрлагад ордог толоул хэмээх дэгдэмхий органик нэгдэл агаарт тархсан өрөөнд 4.5-7 цаг байхад хэчнээн эрүүл саруул хүний бие организмд ч өөрчлөлт гарч, нүд, хамар, хоолой үрэвсэх, толгой өвдөх, эргэх зэрэг хордлогын шинж илэрдэг байна. Улмаар ой санамж муудах, анхаарал төвлөрөхгүй болох зэргээр мэдрэлийн системд сөргөөр нөлөөлдөг аж. Мөн зарим хивснээс стирол хэмээх химийн бодис ялгардаг бөгөөд энэ нь яваандаа цагаан эсийн генийг гэмтээхээс гадна нойр булчирхайн болон улаан хоолойн хавдар үүсгэх урьтал нөхцөл болдог гэнэ.
Монгол Улсад органик, органик бус бодисын хүлцэх хэмжээг агаарын чанарын MNS 4585:2007 болон MNS 5885:2008 стандартаар тогтоожээ. Мөн 2008 оны Барилгын тухай хуулийн 10.1.6-д “хорт хийн бохирдлоос хүрээлэн байгаа орчныг хамгаалах” 11.1-д “барилгын материал, бүтээгдэхүүнд тавих шаардлагыг хангасан байх ёстой” гэж заасан байдаг. Гэхдээ орон сууц шинээр барьсан, өөрчлөн засварласан тохиолдолд тухайн барилгыг ашиглалтад оруулахын өмнө дотоод орчны агаарын чанарын үнэлгээ хийлгүй өнөө хүрчээ. Мэргэжлийн байгууллагууд нь “Эрх зүйн орчин нь тодорхой бүрдээгүй юм чинь” гээд үнэлгээ хийхгүй байгаагийн улмаас иргэд энэ мэт дэгдэмхий органик нэгдэл болон барилгын бусад материалаас агаарт ялгарах хорт бодисын нөлөөлөлд өөрсдөө ч мэдэхгүй өртөөд яваа юм биш байгаа. Цаашид барилга байгууламж шинээр барьж, өөрчлөн засварлаад ашиглалтад оруулахдаа дээр дурдсан стандартад заасны дагуу дотоод орчны агаар бохирдуулагчийн агууламжид тавих хяналтыг сайжруулах нь чухал гэдгийг мэргэжилтнүүд зөвлөж байна.