Өндөр хөгжилтэй ихэнх улсад өглөөд айлуудын үүдэнд сүү хүргэдэг үйлчилгээ бий. Талх, өндөг биш, сүү авчруулдаг нь зөвхөн үнээний шинэ сүүнд агуулагдах амин дэмийг хүртэх, хүүхдүүддээ уулгах зорилготой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дүгнэлтэд цэвэр, шинэ сүү тогтмол ууж өссөн хүний биеийн өндөр хүнсэндээ сүү төдийлөн хэрэглэдэггүй хүнийхээс 5-7 см илүү байдаг гэсэн судалгаа бийг Монголын сүүний нэгдсэн холбооны тэргүүн, хүний их эмч О.Амарцэнгэл хэлсэн юм. Тэгвэл одоогоор 4.3 сая орчим үхэртэй манай улсын иргэдийн сүүний хэрэглээ болон хангамж ямар байгаа бол?
Дэлхийн жишигт хүн өдөрт 800-920 грамм сүү уух нь эрүүл мэндэд тустай гэж үздэг бол монголчууд ихдээ 200-300 граммыг хэрэглэж байгаа аж. Үүнд сүүтэй цай болон 100 градусаас дээш хэмд боловсруулсан сүү, сүүн бүтээгдэхүүнийг тооцохгүй гэнэ. Учир нь, өндөр хэмд буцалгасан сүүн дэх хүний эрүүл мэндэд ашигт бодис алдагддагт байдаг аж. Сүүг дөнгөж хөөрүүлээд хэрэглэдэг нь ч үүнтэй холбоотой.
Бид олон сая үхэртэй хэрнээ жилд хэрэглэж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ 70 гаруй хувийг импортолдог. Үлдсэн 30 хувийг нь нийлүүлдэг малчид, фермерүүдийн борлуулж буй сүү зуны улиралд үнэгүйдэж, өвөл олддоггүй.
Тиймээс жилийн дөрвөн улиралд ашгаа өгдөг, чанартай, цөөн тоотой үнээний ферм байгуулах ажлыг сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнүүлж буй. Одоогоор манай улсад ийм 1300 гаруй ферм байгаагийн 30-40 хувь нь нийслэлийг тойрсон 100-150 км-ын радиуст байдаг гэнэ. Тэд ашигтай ч, асуудалтай ч байна.
Бид Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Баруунтуруунд амьдардаг фермер Б.Мандахынд очсон юм. Тэрбээр гэр бүлийн хүний хамт 10 орчим жилийн өмнө сүүний чиглэлийн үнээ маллахаар 5-6 толгойг худалдан авчээ. Тэд аль болох сүүтэй, монгол үнээнүүд сонгож. Заавал дулаан байр бэлтгэх шаардлагагүй, дөрвөн улиралд бэлчээрлүүлэх бөгөөд нэг үнээнээс өдөрт саах сүү нь 5-7 литр. Олон үнээтэй болохын хэрээр их сүү авч болох ч ажил ихсэж, ашиг төдийлөн нэмэхгүй байгааг бодолцон үүлдрийг нь сайжруулжээ. Тэднийх одоо голланд угшлын, хар тарлан 60 орчим үнээ маллаж байна. Хар тарлан бол дэлхий дахинд сүүний чиглэлээр өсгөн үржүүлдэг хамгийн сайн үүлдрийн нэг. Үнээнийх нь нэг бүрийн үнэ 7-10 сая төгрөг бөгөөд өдөрт нэг үнээнээс 20 литр сүү саадаг байна.
Үнээнүүд нь арчилгаа, маллагаа их шаарддаг, хүүхдээс дутахгүй энхрий амьтан гэлээ. Дулаан байранд өвөлжиж, биеэ маажуулж, өөртэйгөө яриулах дуртай, сааж байхад нь гаднын хүн ойртвол “хөлсөж”, ивлэхээ байчихдаг талаар Б.Мандах хэлсэн юм. Тэднийх аж ахуйдаа 3-4 хүн туслуулан, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг аж. Үнээнүүдээ тэжээх өвс, тэжээл бүгдийг худалдан авч, сүүнийхээ борлуулалтыг ч өөрсдөө хариуцна. Сүү “эмзэг” бүтээгдэхүүн тул амархан гашилчихдаг учраас цаг алдалгүй борлуулах нь хамгаас чухал. Хэрвээ үхрийнхээ өвс тэжээлийг бэлтгэх, сүү борлуулах цэгээ олох, мөн малын эмчийн ажлыг давхар хийдэггүйсэн бол үнээндээ илүү анхаарч өдөрт нэг үхрээс 27 хүртэл литр сүү сааж болох гэнэ. Сүүний гарц их байх тусам өртөг нь буурах бололцоотойг ч тэрбээр онцоллоо.
...Үнээнийх нь нэг бүрийн үнэ 7-10 сая төгрөг бөгөөд өдөрт нэг үнээнээс 20 литр сүү саадаг байна. Үнээнүүд нь арчилгаа, маллагаа их шаарддаг, хүүхдээс дутахгүй энхрий амьтан гэлээ. Дулаан байранд өвөлжиж, биеэ маажуулж, өөртэйгөө яриулах дуртай, сааж байхад нь гаднын хүн ойртвол “хөлсөж”, ивлэхээ байчихдаг талаар Б.Мандах хэлсэн юм. Тэднийх аж ахуйдаа 3-4 хүн туслуулан, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг аж...
Бидний очсон дараагийн “айл” бол хуучнаар Партизаны сангийн аж ахуйн орчимд байх “Тайшир өргөө” компани. Тэднийх мэргэжилтнүүдийн нэрлэдгээр швед бор гэх мах, сүүний гарц ихтэй үхэр нутагшуулан, маллаж байгаа аж. Эл хосолмол үүлдрийн үхрээс 100 орчмыг Германаас импортолсноор аж ахуйгаа эхлүүлжээ. Монгол хар тарлан үнээ ч малладаг юм байна. Хүйтний улиралд үхрээ байлгадаг байр нь том бөгөөд агааржуулалт сайтай. Өдөрт нэг үнээнээс 15-20 литр сүү саадаг. Байнга сүү нийлүүлдэг цэгүүдтэй тул өөрсдийн машинаар тээвэрлэн хүргэнэ. Малын тэжээл, өвсөө өөрсдөө тарьж, бэлтгэдэг, газар тариалан болон үхрийн аж ахуйдаа орон тооны ажилчидтай гэлээ. Мөн швед борыг монгол үхэртэй эрлийзжүүлэн өөрсдийн гэсэн үүлдрийг бий болгохыг зорьж буй юм байна. Эрлийзжүүлэх ажил ч урагштай явж байгааг дуулгав. Харин эдний фермийн зардал, ашигтайгаа дөнгөж л нийлж байгаа аж. Энэ байдлаараа анхны хөрөнгө оруулалтаа 13-15 жилийн дараа нөхөх тооцоо гаргажээ. Учир нь, эрлийз үхрүүд жинхэнэ үүлдрийн үхэр шиг мах, сүүний гарц их биш. Мөн бүтээгдэхүүнийх нь үнэ, эрэлт зэрэг нь зардлаа нөхөх хэмжээнд хүрдэггүй талаар “Тайшир өргөө” компанийнхан хэлж байв.
Харин “Монтаримал” компанийнхан Төв аймгийн Баянчандмань сум дахь 300 гаруй үнээний фермээ 1992 онд байгуулжээ. Монгол Улсын тэргүүний фермер Р.Цогтбаян тус фермийг 30 гаруй жил мал аж ахуйн салбарт ажилласан туршлагадаа үндэслэн, хуучин сангийн аж ахуй бараадан төвхнүүлсэн байна. Анх 12 үхэртэй аж ахуйгаа эхлүүлсэн бол өдгөө канад, франц, герман, хятад гаралтай хар тарлан, бор, алатау, норманд зэрэг үүлдрийн 400 гаруй үхэртэй. Үхрүүд нь сүү болон махны чиглэлийнх бөгөөд үржлийн мал бойжуулж, борлуулдаг байна. Тэд сүүгээ эцэслэн боловсруулж “Үлэмж органик” нэрийн, төрөл бүрийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлдэг аж. Нийт 25 га усалгаатай, 200 га усалгаагүй талбайдаа тэжээлийн ургамал, өвс, хүнсний ногоо тарьж малын тэжээлээ бэлтгэдэг юм байна.
Ферм ашигтай ажиллахад сайн үүлдрийн үхрээс гадна барилга, дэд бүтэц, тоног төхөөрөмж, өвс, тэжээл хэрэгтэй нь эндээс харагдана. Хүссэн хүн бүр хөрөнгө зарж, нэр хүндтэй үүлдрийн мал импортлон, нутагшуулж ашиг хүртэх бололцоогүйг ойлгох хэрэгтэй гэнэ. Сайн үүлдрийнх байх тусам арчилгаа ихтэй, тав тух нь таардаггүй, мөн заавал эзэн нь эсвэл удаан хугацаанд хэн нэгэн хүн хажууд нь байж үнээнүүдтэйгээ харьцаж, “биечилж” маллахгүй бол үр дүнгүй. Хэдэн сая төгрөгийн үнэтэй үнээ худалдаж аваад маллаж чадахгүй ихэнхийг нь үхүүлсэн хүн ч бий гэдгийг фермерүүд хэлж байна. Мөн том, жижиг фермүүдэд тохиолддог нийтлэг бэрхшээл нь малын эмчийн хомсдол. 10 гаруй сая төгрөгийн үнэтэй “энхрий” үхрүүдийн “зовлонг” баргийн малын эмч оношилж, эмчилж чаддаггүй гэлээ. Мал эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээ байдаггүй нь өвчтэй малд яаралтай арга хэмжээ авахад хүндрэл учруулж, цаг алддагт фермерүүд халаглаж байв.
Олон үнээтэй ферм байгуулж, нэгэнт хөл дээрээ зогссон бол эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд нэлээд цаг хугацаа, хөрөнгө, туршлага зарцуулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Үхрийн аж ахуй бол төрөл бүрийн тэжээл, өвс, мал эмнэлгийн үйлчилгээ, бас гарсан бүтээгдэхүүнийг зохих орчинд хадгалах, хэрэглэгчдэд тээвэрлэн хүргэх, боловсруулах асуудлыг цогцоор нь шийдэж байж үр дүнд хүрэхийг фермер бүр онцоллоо. Түүнчлэн үнээний сүү нь хүний биед, ялангуяа хүүхдийн өсөлт болон шүд, ясны эрүүл мэндэд үнэлж баршгүй тустай болохыг иргэд ойлгох хэрэгтэй гэсэн юм. Ингэснээр дотоодын фермерүүдийн нийлүүлж буй сүү, сүүн бүтээгдэхүүнийг худалдан авах нь нэмэгдэн, тэр хэрээр аж ахуйнуудын орлого сайжирч, өргөжих бололцоотой. Түүнчлэн ерөнхий болосвролын сургуулийн хүүхдийн үдийн цайнд тодорхой хэмжээний сүү, сүүн бүтээгдэхүүн өгөх шаардлагатайг нийт хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлөөс хялбархан ойлгож болохыг ч тэд хэлж байв.
О.Амарцэнгэл “Бид Монголын сүүний нэгдсэн холбоог байгуулаад 10 гаруй жил болж байна. Манай холбооны гишүүн гурван үхэртэй айл ч бий, 300 үнээтэй фермер ч байна. Бидний зорилго бол сүү, сүүн бүтээгдэхүүний эрүүл мэндэд тустай шинжийг иргэдэд ойлгуулж, хүүхэд бүрт, өдөр бүр үнээний цэвэр, шинэ сүү уулгах. Ингэснээр фермүүдийн орлого өсөж, тэр хэрээр малынх нь үүлдэр сайжрах боломжтой. Одоогоор ганц хоёр том аж ахуйн үйл ажиллагаа жигд, ашигтай байгаа ч 10-100 үнээтэй ихэнх айл дөнгөж л амьдралаа залгуулж байна. Учир нь, зах зээлд хямд үнэтэй, импортын хуурай сүү, түүгээр хийсэн бүтээгдэхүүн их байгаатай холбоотой. Манай холбооныхон, тухайлбал, гучин үнээтэй 100 айл тутмыг холбосон өвс, тэжээлийг нь бэлддэг, бүтээгдэхүүний борлуулалтыг хариуцсан хувь нийлүүлсэн хоршоо эсвэл хувьцаат компани байгуулах төлөвлөгөө гаргасан. Ингэж хоршин ажлаа эхлүүлэхэд тариалангийн талбай, техник, тоног төхөөрөмжүүд, борлуулалтын цэгүүд нээх зэрэгт 8-9 тэрбум төгрөг зарцуулах тооцоо бий. Үүнд төрийн оролцоо ч хэрэгтэй байна. Түүнчлэн энэ жил бид дөрвөн улиралд сүү нийлүүлэгчдийн литр тутамд урамшуулал олгох саналыг дэмжүүлж төсөвт дөрвөн тэрбум төгрөг суулгуулсан нь чамлахааргүй амжилт. Ингэснээр зах зээл дэх дотоодын сүүний хэмжээг нэмэгдүүлж, нийлүүлэгчдийн тоог олшруулах боломж бүрдэж байна” гэлээ.
Ташрамд дурдахад, манай улс сүүлийн дөрвөн жилд нэг бүрийнх нь өртөг 7-12 сая төгрөгийн үнэтэй, сайн үүлдрийн 1700 гаруй үнээ импортолсон байна.