Монголын үрс маш олон болтугай гэж бид ерөөдөг. Олуулаа болох сайхан л даа. Гэхдээ олуулаа болоход бас учир байна. Нэг биш, нэжгээд аав, ээжийн арчаагүй байдал, үүнээс улбаалан уйлж буй олон, олон үрийн тухай сонсоод ийм бодол төрөв. Бодолд минь ташуур өгсөн үйл явдал сарын өмнө өрнөжээ.
Хараа, хяналт сул тэнэмэл гэх хүүхдүүдийг асран хамгаалдаг “Нарт хангай” хүүхэд хөгжлийн сургалтын төвийн таван хүүхэд оны өмнөхөн оргосон байна. Ажлын цаг дуусаж, багш, ажилтнуудыгаа тарсан хойно уг хэрэг гарчээ. Жижүүр болон ээлжийн багшийнхаа анхаарлыг сарниулахын тулд эхлээд хүүхдүүдийн хоёр нь зугтаасан гэнэ.
Багш нь хүүхдүүдийн араас гүйсэн хойгуур арай ахимаг насны гурав нь оргожээ. Багахангай дүүргийн ЗДТГ, цагдаа, онцгой байдал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан түргэн авч хүүхдүүдийг хайсан байна.
Цагдаагийн байгууллага дүүрэг, хороодод ажиллаж буй бүх нэгжүүддээ мэдээлэл тарааж, онцгойгийнхон булан тохой бүрийг шалгасны үр дүнд хүүхдүүдийг олсон аж. Түрүүлж зугтсан хоёр хүүхдийг осгохоос наагуур байхад нь олж, эмнэлэгт хүргэжээ. Харин дүү нараараа бамбай хийж, араар нь оргосон ах нарыг Баянгол дүүргийн Модны хоёр дахь РС тоглоомын газраас олов.
Эмнэлэгт хүргэгдсэн хоёр хүүхдийн чих, хацар хайрагдаж, хөл, гар нь хоёрдугаар зэргийн хөлдөлттэй байжээ. Тэд ГССҮТ-д хоёр долоо хоног эмчлүүлсэн юм. Багахангай дүүрэг дэх “Нарт хангай” хүүхэд хөгжлийн сургалтын төвийг 2017 оны арванхоёрдугаар сард байгуулсан. Хагас өнчин, хоёроос дээш жил тэнүүчилсэн хүүхдийг нийгэмшүүлэх, ар гэрт нь буцаах зорилгоор тус төвд байлгадаг. Жилийн хугацаанд цөөнгүй ажил хийж, олон ч хүүхдийг ар гэрт нь өгчээ.
Гэвч, мэргэжлийн баг бүрдээгүй зэрэг бэрхшээл гарснаас уг төвийг татан буулгахад хүрсэн байна. Одоогоор хүүхдүүдийг хотын бусад асрамжийн газарт тарааж, үйл ажиллагааг нь зогсоосон аж. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржав энэ талаар “Олон жил тэнэсэн, буруу зан үйл суусан хүүхдүүдийг нийгэмшүүлэх зайлшгүй шаардлага байсан. Иймээс Багахангай дүүрэгт Сургалт хөгжлийн төв нээсэн юм. Анх 35 хүүхэдтэй үйл ажиллагаа нь эхэлсэн. Жилийн хугацаанд 51 хүүхэд үйлчлүүлсэн. Харамсалтай нь, зарим хүүхэд идээшихгүй оргосон. Үүнээс шалтгаалж хүүхдүүдийг хотод өвөлжүүлэх болсон. Ер нь олон жил гадуур тэнэсэн болоод тэр үү, нэг хүүхдэд гурваас дээш буруу дадал хэвшсэн байсан.
Жишээлбэл, худлаа хэлэх, хулгай хийх, хий үнэрлэх, гадуур тэнэх дон туссан байдаг. Ажил эхлүүлэхэд тодорхой бэрхшээл гарсан. Жишээ нь, охидыг тэнд байлгахаар эрх нь зөрчигдөх гээд байсан. Тиймээс дөрвөн охиныг хот руу татсан. Гэтэл 12-оос доош насны хүүхдүүдэд бас асуудал гарсан. Тэднийг бас буцаасан. 12-оос дээш насны 20 гаруй хүүхэд үлдсэн. Тэдний насны онцлог, ааш араншинд тааруулсан, нарийн төлөвлөгөө гаргаж ажилласан. Хүүхдийг аль болох хурдан нийгэмшүүлж, ар гэрт нь өгөхийг чухалчилдаг. Тэднийг нийгэмшиж байх хооронд дүүргийн нийгмийн ажилтан, Хүүхэд, гэр бүлийн хэлтсийнхэн ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож, тэдэнтэй бас ажилладаг.
Аав, ээжтэй нь уулзаж, зан байдлыг нь тодорхойлсны дараа хүүхдийг гэр рүү нь үе, үе явуулдаг. Гэртээ гурав хоногоор хариад ирсэн хүүхэдтэй ярилцаад, сэтгэл санаа сайн байвал дараагийн сард гэртээ хонох хугацааг нь нэмдэг. Ингэснээр 17 хүүхдийг ар гэртэй нь нэгтгэж чадсан” хэмээн ярьсан.
Хүүхдүүдийн ар гэрийнхэнд үнэлгээ хийхэд таатай үр дүн гараагүй байна. Тэдний 80 гаруй хувь нь хүүхдээ битгий хэл, өөрсдийгөө аваад явах чадваргүй, архины хамааралтай, хэрэг төвөгт ороолцолдсон, сураггүй алга болсон, ажил мэргэжилгүй голдуу хүмүүс байжээ. Тиймээс зарим хүүхэд гэртээ очоод ирэхээрээ үеийнхэндээ уурлах, зүй бус үг хэлэх зэргээр элдэв ааш гаргах аястай. Улмаар муу зуршлаа мартагнаж ядаж буй нэгнээ уруу татах, элдэв зүйл ярьж мэдээллээр хангах жишээтэй.
Монгол Улсын боловсролын их сургуулийн дэргэдэх Сэтгэл зүйн үйлчилгээний төвийнхөн жилийн өмнө “Нарт хангай”-д ажиллажээ. Тухайн үед хүүхэд бүртэй ярилцаж сэтгэл зүйг нь оношилсон аж. Тэд “Эдгээр хүүхэдтэй нэг сэтгэлзүйч бус, нарийн мэргэшсэн баг ажиллах шаардлагатай. Хүүхэд бүртэй удаан хугацаанд ажиллаж байж, үр дүн гарна. Төвийн багш, ажилтнуудыг ч энэ чиглэлээр сургалтад хамруулж, хүүхдүүдтэй ойртуулах хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Харамсалтай нь, хэчнээн зар тавиад ч алслагдсан дүүрэгт багаар ажиллах сэтгэлзүйч, нийгмийн ажилтан олдоогүй гэнэ. Төрийн бус байгууллага хамтарч ажилласан ч улиралд нэг хоёр ирэхээс хэтрээгүй аж. Мөн жилийн хугацаанд сэтгэлзүйч нь гурван удаа солигджээ.
Жилийн хугацаанд тэдгээр хүүхдийг хүмүүжүүлэх олон ажил зохион байгуулсан гэдгийг дээр цухас дурдсан. Тухайлбал, Багахангай дүүргийн биеийн тамир, спортын хэлтэстэй хамтран хүүхдүүдийг жүдо бөхийн дугуйланд хамруулжээ. Ингэснээр тэдний 90 нь тэмцээнд орж, амжилт гаргасан гэх. Урлагийн мэдрэмжтэй зарим нь дүүргийн соёлын ордныхны дэмжлэгээр гурван удаа тайлан тоглолт хийгээд амжжээ.
Мөн төгсөх ангийн хүүхдүүдийг таван төрлийн хичээлийн давтлагад хамруулсан байна. Цаашлаад өнгөрсөн зун зарим хүүхдийг гэр барьж, тусад нь гаргажээ. Хүүхдүүд тусдаа амьдарч, өдөртөө сургалт, дугуйланд хамрагдаж, бие дааж амьдрах аргад суралцсан байна. Жилийн дотор тус газарт хоёр төсөл хэрэгжүүлсэн аж. Номын сан байгуулж, өсвөр үеийнхний насны онцлогт тохирсон уран зохиолын болоод илтгэх урлаг, хувь хүнийг хөгжүүлэх номоор хангажээ. Мөн сийлбэр, цаасан урлал хийх төсөл хэрэгжүүлсэн байна.
Бүтэн, хагас өнчин хүүхдийг “Өнөр бүл” төв, арай ахимаг насны хүүхдүүдийг Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүлээлгэн өгчээ. Мөн нэлээд төлөвшсөн, оргох хандлагагүй 12 настнуудыг хувийн асрамжийн газруудад тараасан байна. Гэвч зарим асрамжийн газар тэднийг хүлээн авахгүйгээ илэрхийлсэн гэх. “Ирсэн өдрөөсөө л бусдыгаа дээрэлхэж, хараал хэлж, элдэв ааш гаргалаа” хэмээн баахан баалуулжээ, хүүхдүүд.
Тийм хэдий ч нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас тэдэнтэй нэг бүрчлэн ажиллах чиглэлийг асрамжийн газруудад өгчээ. Түүнчлэн орон гэргүй, тэнэмэл хүүхдүүдтэй ажиллах эрчимжүүлсэн төлөвлөгөө баталсан байна. Энэ дагуу хүүхэд бүртэй ганцаарчилж ажиллах юм. Нөгөө талаар нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас эдгээр хүүхдийг тараан байршуулсан нь зөв гэж үзэж буй. Учир нь тэд нэг доор байвал бие биедээ сөргөөр нөлөөлж, нийлж хэрэг, зөрчил өдүүлэх магадлалтай аж.
Эмэгтэйчүүд жирэмслэх, амаржих тоолонд, хүүхэд мэндлэх тоогоор төрөөс тодорхой хэмжээний мөнгө төсөвлөн олгож буй. Эерэг талаасаа сүүлийн жилүүдэд төрөлт нэмэгдэж, Монголын үрс олон болсоор байна. Сөрөг тал нь аавтай, ээжтэй хэрнээ тэнэмэл хүүхэд олшров. Томчууд хүүхдийн мөнгийг авч ууж, идчихээд эздийг нь гудамжинд гаргачихав.
Сүүлийн нэг жилийн дотор гэхэд хайр дутсан 1000 орчим хүүхэд “108” төвийн хамгаалах байраар үйлчлүүлжээ. Мөн өнгөрсөн нэг сарын хугацаанд гудамжинд тэнэж байсан 55 хүүхдийг асрах төвүүдэд хүргэсэн гэх. Энэ бага тоо биш. Түүнчлэн 2018 онд цөөнгүй иргэний эцэг, эх байх эрхийг хасах шийдвэрийг шүүх гаргасан. Энэ сард ийм шалтгаанаар хэд хэдэн материал бэлтгэж, шүүхэд хандахаар зэхэж буйгаа хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг байгууллагын мэргэжилтэн хэлсэн.
Хүүхдүүд орон гэртээ тайван байж чадахгүй, аав, ээжийнхээ харгислалд нухчуулж, нулимстай нүдээрээ аврал ирж байна. Төрсөн гэрээсээ хөөгдөж, дайжиж гудамжинд тэнэж буй. Орон гэртээ байгаа хэрнээ айж, бэргэж, ээж, аавдаа эрхэлж чадахгүйгээс хойш алтан зүүн дээр тогтох арвай мэт хүн заяаг олж төрсөндөө гомдох хүүхэд олшрох вий.
О.АЛТАНСҮХ: ХАРАА ХЯНАЛТГҮЙ ХҮҮХДҮҮДИЙН ТАЛААР ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛД ТАНИЛЦУУЛСАН
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээс “Нарт хангай” төвийн хүүхдүүдийг яагаад тараан байршуулах болсон талаар тодрууллаа.
-“Нарт хангай” төвийн хүүхдүүдийг тараан байршуулжээ. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Өвлийн улиралд хүүхдүүд оргосон тохиолдол гарсан. Эцсийн үр дүнгээ ойлгохгүй хүүхдүүд эрсдэлтэй байдал үүсгэсэн тул хотын төвд өвөлжүүлэхээр түр зохицууллаа. Цаашдаа, нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, ИТХ-ын тэргүүлэгч эмэгтэйчүүд тэднийг анхаарч ажиллахаар болсон.
“Нарт хангай” төвөөр үйлчлүүлж буй хүүхдүүдийн 99 хувь нь Улаанбаатарынх. Тиймээс Хүүхэд, залуусын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт тэднийг байлгахаар ярилцаж байна.
-Хүүхдүүд өдөр бүр оргох тухай бодож сэддэг гэх юм. Тэдний сэтгэлийг зөөллөж, урт хугацаанд ажиллах сэтгэлзүйчтэй байсан бол өнөөдрийн нөхцөл байдалд хүрэхгүй байсан гэдэгтэй санал нийлэх үү?
-“Нарт хангай” төвийг үүсгэн байгуулснаас хойш гурван сэтгэлзүйч ажилласан. Хүүхдүүдтэй удаан хугацаагаар ажиллаж, байнга хамт байх шаардлагатай. Гэтэл эхний сэтгэлзүйч хүүхдүүдтэй ажиллахад хэцүү байна гэж хэлсэн.
Ганцаараа бүх хүүхэдтэй ярилцахаар тэдэнд уусаж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөд хүнд болдог гэж хэлээд ажиллахаас татгалзсан. Дараагийнх нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн. Алслагдсан дүүрэг учраас ажиллахгүй гэж нэг нь хэлсэн. Бид ажлын байрны нээлттэй зар олон удаа явуулсан. Сүүлийн нэг сард хэн ч ирээгүй.
Ганц сарын хугацаанд асуудал үүсэж, хүүхдүүд орголоо. Сэтгэлзүйч ажиллаагүй биш, ажилласан. Үр дүн гарсан. Олон хүүхэд эргэж гэртээ очоод, дахин тэнэхгүй байна. Гэртээ очсон хүүхдүүдтэй “Сайн ирээдүйн төлөө” төрийн бус байгууллагынхан үргэлжлүүлэн ажиллаж байгаа.
-Асрамжийн зарим газрынхан тэнэмэл хүүхдүүд сөрөг нөлөөтэй хэмээн авахаас дургүйцсэн гэсэн байх аа.
-Асрамж халамжийн төвүүд тэнэмэл, хараа хяналтгүй хүүхэд хүлээж авахгүй гэдэг. Тусгаарлачихаар буруу гэх юм. Тэгээд энэ хүүхдүүдтэй хэн ажиллах юм. Хүүхдүүдийг гудамжинд эргээд гаргах юм уу. Ямар нэг байдлаар ажиллаж л таарна. Муу хүүхэд гэж байдаггүй. Гол нь уйгагүй ажиллаж байж зөв голдиролд оруулна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд асрамж халамжийн төвүүдийн нөхцөл байдлыг танилцуулсан. Тэнд байгаа хүүхдүүдэд хайр дутагддаг. Жишээ нь, “Нарт хангай” төвийн шинэ жилд оролцоход үзүүлбэрийн 99.9 хувь нь ээжийн тухай дуу, шүлэг, жүжигчилсэн тоглолт байсан. Уйлаад л, өмрөөд л дуулдаг. Ар гэрийнхэнд нь урилга өгсөн.
Харамсалтай нь, нэг ч ээж тоглолтод ирээгүй. Хүүхдүүд хайраар дутаж байна. Асрамж халамжийн төвийн зарим ажилтан тэднийг “Манай хүүхдүүдийг уруу татах гээд байна” гэдэг. Ингээд ад үзээд байхаар энэ хүүхдүүдийг хэн, хэзээ хайрлах юм бэ. Хаях юм уу. Энэ мэтээр бэрхшээл олон бий. Үүнийг даван туулахын тулд хийх ажил ч их байна.