Өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх гадны жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг Нийслэлийн Аялал жуулчлалын газар "Скай Резорт" цогцолбортой хамтран хоёрдугаар сарын 16-17-ны өдрүүдэд Богд Хан уулын Хүрхрээгийн аманд зохион байгуулна.
Тус наадам нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдана. Уламжлалт хэсэгт нь монголчуудын өвлийн улирлын тоглоом наадгайнууд болох мөсөн шагай, мөсөн сур, үндэсний урлагийн тоглолт, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, парад зэрэг багтах юм. Харин орчин үеийн хэсэгт нь уран гулгалт, хоккей, тэшүүр, шүхрийн үзүүлэх тоглолт, цана, дөрвөн дугуйт, нохойтой чарга, мөсөн хананд авиралт, сноуборд, регбигийн тэмцээнүүд зохион байгуулагдах ажээ.