Он солигдохын өмнөхөн Архангай аймгийн Хангай сумаас БНХАУ-ын хоёр иргэн 20 гаруй тонн мах худалдан авсан байна. Тэд үхрийн нэг кг махыг 5500 төгрөгөөр үнэлж аваад, хоёр машинд ачаад оджээ. Хятадуудад үхрийн мах зарсан нэгэн малчин “Би сарлагийн сувай үнээ нядлаад худалдсан. Үнээний мах 168 кг жин дарж, 924 мянган төгрөгийн үнэд хүрлээ. Манай нутагт өнгөрсөн жилийн хавар сувай үнээ 500, намар 600 мянган төгрөгийн үнэтэй байсан. Тэгвэл хятадууд мах худалдаж авснаар бараг сая төгрөгийн үнэд хүрэх дөхлөө. Махны үнэ өссөн нь малчин бидэнд ашигтай байна” гэж ярилаа.
Үхрийн нэг кг ястай махыг 3000 хүрэхгүй төгрөгөөр худалддаг байсан бол үнэ нь 5500-д хүрчихээр малчинд ашигтай байх нь гарцаагүй. Харин махны үнэ өсөх нь хэрэглэгчдэд ашиггүй. Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч, зах зээлийн гол хэрэглэгч болдог Улаанбаатар хотын худалдааны төв, дэлгүүрүүдэд үхрийн нэг кг цул махны үнэ 12 000-13 000 төгрөгт хүрлээ.
Өмнө нь махны үнэ ийм хэмжээнд хүрч, өсөж байгаагүй учраас хэрэглэгчид бухимдалтай байна. Өнгөрсөн 3-ны байдлаар хонины ястай мах нэг кг нь дунджаар 6955, үхрийнх 8580 төгрөгийн үнэтэй байсныг Нийслэлийн статистикийн газраас мэдээлэв. Махны үнэ өнгөрсөн намрынхаас 30-40 хувь өсөөд байгаа нь энэ. Тэгэхээр хэрэглэгчид бухимдахаас өөр аргагүй.
Хятадууд үнэ цохиж худалдаж авах болсноор дотоодын зах зээлд махны үнэ ийн хөөрөгдсөн. Тэгэхээр “Хятадууд л махны үнийг хөөрөгдчихлөө” гэж зүхэхийн оронд цаана нь ямар учир шалтгаан байгааг тогтоох ёстой. Манай улсын хүнсний нийлүүлэлт, үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлдэг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамныхан ажлын хэсэг гаргаж, махны үнийн өсөлтийн шалтгааныг тодруулж, цаашид хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлохоор ажиллаж байгаа гэнэ.
Ажлын хэсгийн дүгнэлт гарахаас нааш тэднийхэн ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн. Юутай ч асуудал Засгийн газрын анхаарлын төвд оржээ. Хятадууд экспортлох зорилгоор мах худалдаж авч байгаа гэсэн тойм таамаглалаас өөр нарийн мэдээлэл одоохондоо алга. Тэдэнд Монголын махны зах зээлийг эзлэх, үнэ ханшийг нь хөөрөгдөж “тоглох” зорилго байхгүй биз. Урд хөршийнхөн манай махны зах зээлд хөл тавьсан нь экспортолж ашиг олохын төлөөх ажил болов уу гэж таамаглаж байна.
Мах худалдан авч буй хятадууд төвлөрч байгаа, түүхий эдийн “Эмээлт” захынхан “амаа хамхих”-аар шийджээ. Мал нядлах, мах худалдан авч, боловсруулах хэд хэдэн үйлдвэрийн хариуцлагатай албан тушаалтнаас энэ зах зээлийн талаар мэдээлэл авахыг хүссэн ч эелдгээр татгалзсан юм. Махны үнийг хөөрөгдөхөд оролцсон гэсэн дайралтад өртөнө гэж болгоомжилж байгаа бололтой, тэд. Харин нэрээ нууцлахыг хүссэн ченж бидэнд мэдээлэл өгөв.
Тэрбээр “Хятадууд голдуу адууны мах авах сонирхолтой байгаа. Гэхдээ таван хошуу малын махыг бүгдийг нь л авч байна. Экспортод гаргахаар худалдаж авдаг гэж ойлгож байгаа. Бид мах худалдаж аваад, хэдэн төгрөг нэмээд, тэдэнд зарж байна” гэж ярьсан. Тэрбээр хятадууд “Эмээлт” захад үхрийн нэг кг ястай махыг 6500, адууныхыг 5000, хониныхыг 4800, ямааныхыг 4200, тэмээнийхийг 3200 төгрөгөөр худалдан авч байгааг ч дуулгав. Адууны махны үнэ 1000 төгрөгөөр хямдраад байгаа нь энэ гэнэ лээ.
Манай Засгийн газар махны экспортыг нэмэгдүүлэхээр олон жил ажилласан. Гэвч шүлхий өвчин гардаг учраас малынх нь мах хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэсэн шалтгаанаар хад мөргөдөг байв. Тэгвэл 2017 оноос махны экспорт огцом нэмэгдсэн юм. Тухайн жил манай улс 27 мянган тонн мах экспортолсон. Үүний 24 мянга нь адууных байлаа.
Түүнчлэн энэ нь махны экспорт өмнөх таван жилийн дунджаас долоо дахин өссөн үзүүлэлт болсон юм. Тэгвэл өнгөрсөн жил ойролцоогоор 54 мянган тонн мах экспортолж, тавьсан зорилтоо давуулан биелүүлсэн гэсэн мэдээллийг ХХААХҮЯ-ны хэвлэлийн албанаас өглөө. Манай улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар нийт 43 288 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолж, 104 сая ам.доллар буюу 267.4 тэрбум төгрөгийн орлого олсон байна.
Монголчууд ОХУ, мөн улсын транзит зөвшөөрлөөр БНСВУ-ын чөлөөт бүсэд 955 тонн үхэр, БНХАУ, ОХУ, Казахстан, Японд 22 492 тонн адуу, Иран, БНСВУ, Малайз, Хонконгод 3814 тонн хонь, ямааны мах экспортолжээ. Мөн дулааны аргаар боловсруулсан мах 16 027 тонныг экспортолсон аж.
Мах бол манай улсын стратегийн хүнсний бүтээгдэхүүн. Учир нь монголчууд махны маш өндөр хэрэглээтэй. Гэхдээ манай улсад дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй эскпортлох нөөц бий. Монгол Улс 66.4 сая толгой малтай. Монголчууд хүнсэндээ жилд дунджаар 12-15 сая мал хэрэглэдэг.
Хүн амынхаа хэрэгцээг бүрэн хангаад, цаашид есөн сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломжит нөөц байгааг ХХААХҮЯ-наас тогтоосон байдаг. Энэ бол малын өсөлт, бэлчээрийн даац, сүргийн бүтэцтэйгээ уялдуулж гаргасан тооцоо. Нарийвчилбал, жилд хонь 3.4 сая буюу маханд шилжүүлснээр 61.4, ямаа 3.1 сая (маханд шилжүүлснээр 47), үхэр 214.2 мянга (маханд шилжүүлснээр 27.9), адуу 291 мянгыг (маханд шилжүүлснээр 43.6 мянга) экспортлох нөөцтэй гэнэ.
Зах зээлийг худалдагч, худалдан авч хоёр бүрдүүлдэг. Эд хөрөнгөө, бүтээгдэхүүнээ худалдаж буй тал аль болох үнэд хүргэхийг бодно. Харин худалдаж авч буй нь аль болох хямдруулахыг хичээдэг. Хоёр талын тохиролцоонд үнэ тогтдог нь зах зээлийн хууль билээ. Хоёр талын тохиролцооны дагуу л махны үнэ өсчихлөө.
Цааш нь үнэ хүргэж экспортлох боломж байгаа учраас хятадууд өндөр ханшаар мах худалдаж авч буй хэрэг. Тэгэхээр үүнийг хөөрөгдөл гэж үзэх үү. Монголын малын махны дэлхийн зах зээл дэх өнөөгийн бодит үнэ ханшийг тогтоогоод ч байгаа юм бил үү. “Дотоодын зах зээлд махны үнэ өсчихлөө. Улаанбаатарынхан ууртай байна. Малаа хямд зар” гэж малчдыг захиргаадах боломж зах зээлийн нийгэмд байхгүй. Тэд илүү үнэтэй авах хүнд мал, махаа нийлүүлэх эрхтэй. Экспортод гаргах махыг л өндөр үнээр зар, бусдыг нь хямдруул гэх боломжгүй. Нэг талаар махны үнэ өсөж буйтай эвлэрэхээс өөр аргагүй.
Аливаа зүйл хоёр талтай байдаг. Засгийн газрын махны экспортыг нэмэгдүүлэх бодлого биеллээ оллоо. Гэтэл дотоодын зах зээлд махны үнийг өсгөв. Махны нийлүүлэлт зөвхөн экспорт руу чиглэж, дотоодод хомсдол үүсэж ч мэдэх юм. Сүргийн бүтэц алдагдах магадлалтай. Мал үнэд орсон. Тиймээс малын хулгай гаарах нь дамжиггүй. Махны экспорт өссөний сөрөг талыг бид ийн амсах бололтой. Тэгвэл малчдын амьжиргаа сайжирна.
Гадаад зах зээлээс 200-300 сая ам.долларын орлого олж, уул уурхайн хамаарал буурна. Малаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар бэлчээрийн даац тохиромжтой нөхцөлд шилжинэ. Малчид малын ашиг шимийг нэмэгдүүлэх сэдэлтэй болно. Эерэг талыг нь энэ мэтээр үргэлжлүүлж болно. Ямартай ч махны эскпорт нэмэгдэж буйг үнийг хөөрөгдөлтэй холбон буруутгах учиргүй.