Бид өдөр бүр л гурил, гурилан бүтээгдэхүүн хэрэглэдэг. Жишээ нь, талх бол өрх бүрийн өргөн хэрэглээний хүнс гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Манай улс буудайн хэрэгцээгээ дотоодоос бүрэн хангадаг болсноор гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөж, бүтээгдэхүүний нэр, төрөл олширсон нь нэг талаар сайшаалтай.
Гэвч гурилан бүтээгдэхүүний хэрэглээгээ багасгахгүй бол, цаашлаад улам ихэсгэчихвэл бидний эрүүл мэндэд аюул заналхийлж мэдэхээр байгааг мэргэжилтнүүд санууллаа. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан зөвлөмжид хүн өдөрт хоол хүнснээс 800 ккал илчлэг авбал зохино гэж заажээ.
Энэ хэмжээний илчлэгийг бид бид 200 гр гурилан бүтээгдэхүүн идэхэд л бүрэн нөхөх боломжтой. Түүнээс ихэдвэл хоол бус хор болох аюултай гэнэ. Ялангуяа үйлдвэрлэлийн аргаар цэвэршүүлж, цайруулсан дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүн эрчимтэй таргалуулж, зүрх, судасны өвчинд нэрвэгдэх,
цаашлаад хорт хавдар үүсгэх үндсэн шалтгаан болдгийг олон улсын эрдэмтэн, судлаачид тогтоожээ. Тодруулбал, улаан буудайг дээд зэргийн цагаан гурил болгож боловсруулахын тулд аллаксон хэмээх химийн нэгдлийг ашигладаг бөгөөд энэ нь нойр булчирхайн эсийг гэмтээснээр инсулин (цусан дахь сахарын хэмжээг зохицуулах үүрэгтэй даавар)-ий ялгаралт эрс буурдаг байна.
Тиймээс цагаан гурилаар хийсэн талх, нарийн боов зэрэг бүтээгдэхүүнийг их хэмжээгээр хэрэглэсэн хүний биед инсулин дутагдаж, цусан дахь сахарын хэмжээ нь ихэсдэг ажээ. Үүнээс болж огцом жин нэмэхээс гадна халдварт бус тахал гэж нэрлэдэг чихрийн шижин, зүрх, судасны өвчнөөр өвчлөх эрсдэлийг улам нэмэгдүүлдгийг судалгаагаар баталжээ.
Жишээлбэл, манай улсын 15-49 насны эмэгтэйчүүдийн 46, мөн насны эрчүүдийн 49 хувь нь илүүдэл жинтэй гэх судалгааг өнгөрсөн онд Үндэсний статистикийн хорооноос гаргасан. Тодруулбал, хоёр хүн тутмын нэг нь таргалалттай гэсэн үг.
Дээрх төвийн хүнсний аюулгүй байдлын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалаг “Бид хүнсэндээ цавуулаг ихтэй гурил хэрэглэхийг илүүд үздэг байсан. Дээд гурил цавуулаг ихтэй учир ус сайн даадаг, бууз, банш хийхэд ч тохиромжтой. Харин хоёрдугаар буюу эслэг ихээр агуулсан бүхэл үрийн гурил цавуулаг багатай учир талх нарийн боов хийхээр сайн барьцалддаггүй.
Мөн гашуундуу амттай учир иргэд голдог. Тиймээс манай үйлдвэрүүд талх, нарийн боовыг цавуулаг ихтэй гурилаар хийдэг нь нууц биш. Уг нь зохистой хоолны зөвлөмжид хоол хүнснээс авч буй нүүрс усны 55-аас багагүй хувийг жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн болон арвайн гурилаас нөхөх шаардлагатай гэж заасан. Нүүрс ус ихээр агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх замаар гэдэснийхээ гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж, цусан дахь өөх, тосоо цэвэрлэж байх ёстой.
Аль болох эслэг ихтэй бүтээгдэхүүн хэрэглэж байж л гэдсэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулна. Эслэг нь дөрвөн төрлийн ач холбогдолтой. Нэгдүгээрт, усыг өөртөө шингээнэ. Хоёрт, холестриныг гадагшлуулна. Гуравдугаарт, хортой бодисыг биеэс хөөнө. Дөрөвдүгээрт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах ач холбогдолтой. Цавуулаг ихтэй цагаан гурил эслэг бага агуулдаг учир ач холбогдол багатай” гэсэн юм.
Харин тус төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяр “Хөх тарианы болон улаан буудайн гурилын илчлэгийн хэмжээ тийм ч зөрүүтэй биш. Өөрөөр хэлбэл, нэг, хоёрдугаар гурилд агуулагдах илчлэг 5-10 ккал-аар ялгаатай. Олон дахин шигшсэн, нарийн ширхэгтэй цагаан гурилыг боловсруулсны дараа илчлэгийнх нь хэмжээ ихсэхээс гадна ямар ч шим тэжээлгүй болдог.
Таргалах гол шалтгаан нь илчлэг ихтэй бүтээгдэхүүний зохисгүй хэрэглээ. Хүн хоногт 2200 ккал зайлшгүй авах ёстойгоос 800-г нь гурил, будаанаас нөхдөг. Өдөрт 200 гр гурил идэхэд л шаардлагатай илчлэгээ нөхөж чадна гэсэн үг. Гэтэл бид өдгөө 200 гр-аас хамаагүй их гурилан бүтээгдэхүүн идэж байна. Мөн гурилан бүтээгдэхүүн транс тос ихээр агуулдаг. Үүнээс үүдэлтэй өвчлөл их” гэв.
Транс тос ихээр агуулсан, цардуул ихтэй гурилан бүтээгдэхүүнийг байнга хэрэглэх нь чихрийн шижин, цусны даралт ихсэх, тархинд цус харвах, судас хатуурах, зүрхний шигдээс, элэг өөхлөх, хатуурах, яс сийрэгжих, цөс чулуужих, нойр булчирхайн үрэвсэл, ходоод сунах, шархлах, бодисын солилцооны хам шинж, хавдар зэрэг олон өвчний эх үүсвэр болдог байна.
Монголд үйлдвэрлэсэн гурил, гурилан бүтээгдэхүүн дэх давс, чирхийн хэмжээ стандартаас гурав дахин их байгааг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд онцолсон. Иймээс дотоодын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ давс, чихрийн хэмжээг зохистой түвшинд нь барихгүй бол хэрэглэгчдээ хооллох бус, хордуулсаар байж мэдэх юм.
Гурил цагаан өнгөтэй байна гэдэг нь найрлагын хувьд цардуул ихтэй, хүний биед шаардлагатай аминдэм, эрдэс бодис багаар агуулсан гэсэн үг юм байна. Цардуул нь хүний биед хоол хүнсээр дамжин орж, задрах явцдаа биед шаардлагатай илч, энерги ялгаруулдаг нүүрс ус аж.
Цардуул ихээр агуулсан цагаан гурил, гурилан бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэх нь илүүдэл өөх болж хуримтлагдсаар таргалуулах, чихрийн шижин үүсгэдэг гэнэ. Түүнчлэн цардуул ихтэй бүтээгдэхүүн удаан шингэдэг эрсдэлтэй. Бид нарийн ширхэгтэй гурилыг чанартай хэмээн ташаа ойлгодог. Гэтэл гурилыг шигших тусам цагаан өнгөтэй болж, тэр хэрээр чанараа алддаг байна. Тэгвэл ямар гурил чанартай вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Монголд үйлдвэрлэсэн гурилын шошгоос БГ-045, 050, 055, 075,085, 115 гэсэн тэмдэглэгээг харж болно. БГ нь буудайн гурил гэсэн үгийн товчлол бөгөөд арынх нь тоо чанарыг илэрхийлдэг аж. Тоо ихсэх тусам гурилд агуулагдах шим тэжээл ихэсдэг байна.
Мөн гурилын чанарыг илтгэх гол үзүүлэлт бол чийгшилт гэнэ. Хэт чийгтэй бол бичил биетэн үржих таатай нөхцөл бүрдүүлэхээс гадна саван дотроо бөөгнөрч, нягтардаг. Чийгтэй гурилд афлатоксин гэх хорт бодис “үүрлэн” хөгц мөөгөнцөр үүсгэдгийг ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн профессор, доктор Я.Алтанцэцэг хэлсэн.
Хөгц мөөгөнцөр нь элэг, бөөрний үйл ажиллагааг доголдуулж, хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах зэрэг олон сөрөг нөлөөтэй аж.Түүнээс гадна буудайг хортон шавжаас сэргийлэх зорилгоор тодорхой хэмжээгээр химийн бодис хэрэглэдэг. Сүүлийн жилүүдэд тариаланчдад тавих хяналт суларснаас иргэн, аж ахуйн нэгжүүд тариагаа удаан хадгалахын тулд химийн бодис хэтрүүлэн хэрэглэх тохиолдол ихэссэн гэх баттай бус мэдээлэл гарсан.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас энэ талаар тодруулахад “Хариуцсан байцаагч нь эзгүй байгаа тул одоогоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Улаан буудай амархан өвчилдөг бүтээгдэхүүн төдийгүй өвчилсөн нь бараг мэдэгддэггүй хачин “эд” гэнэ. Иймээс өдөр бүр ус шиг “уудаг” улаан буудайн гурилыг зохистой хэрэглэх нь зүйтэй болов уу.