Аав, ээжийнхээ өврөөс гараагүй Анарт гэр бүлийнхэнтэйгээ гадуур хооллох шиг тансаглал үгүй. Орой ажил тарах дөхмөгц эмээ, өвөөгөө шаналгасаар ээж, аавтайгаа утсаар ярьж, онцгой захиасаа захина. Тэр нь чипс, тахианы мах, пицца. Хүүгийн даалгаврыг тэд ёс юм шиг биелүүлж, “сайн” эцэг, эх гэдгээ баталсаар иржээ. Эрх хүүгийнхээ онцгой захиасыг мартсан үед тэднийд дэлхийн III дайн аятай явдал болдог гэх. Хүү уйлж чарлана, тоглоомоо шиднэ, тоохгүй болохоор гэдрэгээ тас савж унана. Эцэг, эх нь түүний эвийг олох гэж аргаа барна. Гэрт нь гурвалжин, дөрвөлжин хэрүүл болно. Эцэстээ хэн нэг нь зараалд явдаг.
Яг ийм үйл явдал энэ айлд байнга давтагддаг гэсэн. Хүнд өвчинд дарлуулж, удаан шаналсан ганц хүүгийнхээ өмнө бөмбөрөх шахам байдаг тэр хоёр одоо толгойгоо шаан харамсах болжээ. О.Цэнгэлмаа “Mom” хэмээх фэйсбүүкийн группэд энэ тухай бичиж, эрх хүүгээ этгээд зуршлаас нь хэрхэн ангижруулах талаар бусад ээжээс асуужээ. Ямар сайндаа ингэх вэ дээ.
Анартай ижил ааш аягтай, арга эвийг нь олоход бэрх хүүхдэдээ “базуулсан” эцэг, эх цөөнгүй аж. Тийм хүүхдүүдийн зарим нь махан хоолноос харшилтай. Чихэр, жимсэнд нугасгүй. Нөгөө хэсэг нь гэрийн хоолоо голж, шаржигнуур тахиа, бургер, кимбаб, пицца гэхчлэн элдэв “амттан” нэхдэг зуршилтай гэнэ. О.Цэнгэлмаагийн нийтлэлийн доор эцэг, эхчүүд энэ талаар баахан бичжээ. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний дэд ажилтан Х.Нарангэрэл “Энэ нь амьдралын буруу хэмнэл, зүй бус хооллолттой холбоотой” гэж тодотголоо. Борооны дараах мөөг шиг олширсон түргэн хоолны газар үүнд зонхилох нөлөө үзүүлж буйг хоолзүйч, хүнс судлаач, эрүүл мэндийн салбарынхан дуу нэгтэй хөндөх болсон. Х.Нарангэрэл ч үүнийг бататгав.
Түргэн хоолны газруудын байнгын үйлчлүүлэгчдийг насны ангиллаар авч үзвэл Анарын үеийнхэн хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Тэдний өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчид “гишгэжээ”. Удаах байрт насанд хүрэгчид оржээ. Дэлгэрүүлбэл, МХЕГ, НЭМҮТ хамтран өнгөрсөн онд хийсэн судалгаагаараа түргэн хоолны газраар хамгийн идэвхтэй үйлчлүүлэгч нь
12-16 насны сурагчид (53 хувь),
3-5 настай цэцэрлэгийн багачууд (27 хувь) болохыг тогтоосон байна.
НЭМҮТ-ийнхөн бие даан хийсэн “Ерөнхий боловсролын сурагчдын эрүүл мэндийн зан үйл” судалгаатай танилцлаа. Судалгаанд хамруулсан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 10.6 хувь нь илүүдэл жинтэй, 1.5 хувь нь таргалалттай байжээ. 26.4 хувь нь түргэн хоолны газраар байнга үйлчлүүлдэг гэжээ.
Санхүүгийн хувьд эцэг, эхээсээ 100 хувь хараат бага насны хүүхдүүд түргэн хоолны газрын гол хөрөнгө оруулагч, түнш, түүгээр зогсохгүй энэ “амжилтаараа” томчуудын өмнө орсон гэхээр итгэмээргүй санагдавч бодит байдал ийм аж. Эндээс орчин цагийн монголчуудын, тэр дундаа нийслэлчүүдийн нийтлэг хандлага, амьдралын хэмнэлийн зураглал тод гэгч нь харагдаж байна.
Түргэн хоолны газраар яагаад үйлчлүүлж болохгүй гэж. Үүнийг юуны учир буруу хооллолттой холбож тайлбарлаад байна вэ. Ийм асуулт уншигчдыг ээрч байж мэдэх юм. Тэгвэл энэ талаар цухас дэлгэрүүлье.
Ямар нэг зүйлд хөөгдөж туугдах мэт яаруу, давчуу, завгүй амьдралын хэмнэлтэй хүмүүс түргэн хоолыг ихэд сайшаадаг. Амттай, хурдан шуурхай, хаана л бол хаана идэх боломжтой, хэмнэлттэй гээд олон давуу талтай. Тийм ч учраас хүн ам, төвлөрөл ихтэй хотуудад түргэн хоолны газар хамгийн ашигтай ажилладаг байна. Их хотын амьдралын хэмнэл түргэн хоолны бизнесийг тэтгэж, өргөжүүлдэг гэж хэлж болно. Манайд ч сүүлийн жилүүдэд ийм төрлийн газар олширсон. Зэргэлдээ орших түргэн хоолны болон монгол үндэсний зоогийн газарт цайны цагаар ороход газар, тэнгэр шиг ялгаатай дүр зураг угтдаг. Нэгэнд нь хүмүүс бужигнаж, үйлчлүүлэгчид сул суудал хүлээн дугаарлан зогсох. Нөгөө нь сумын төвийн цайны газар шиг эл хуль. Эндээс л түргэн хоолны бизнес хэр ашигтай нь илэрхий.
Ийм газраар үйлчлүүлэх, эсэх нь мэдээж хувь хүний эрхийн асуудал. Гэхдээ нэг л зүйлийг санах хэрэгтэй. Энэ төрлийн бүтээгдэхүүнийг ихэвчлэн шарж хуурдаг, дээрээс нь хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, амтлагч, өндөр илчлэгтэй байдаг учир таргалах үндэс болдог. Харин таргалалт нь олон өвчний үүтгэл. Тиймээс түргэн хоолыг хэт ойр давтамжтай, байнга хэрэглэх нь биедээ хор нөөж байгаагаас ялгаагүй гэж үздэг. АНУ-д 2000-аад оны дунд үед түргэн хоолны газар эрс олширч, энэ төрлийн бүтээгдэхүүний хэрэглээ өссөн ч сүүлийн үед иргэд ийм хүнснээс татгалзах болжээ. Ингээд тэндхийн сүлжээ ресторанууд дэлхийн өөр хотуудад салбараа нээж, бизнесээ өргөжүүлэхээр эрмэлзэж эхэлснийг Анкориж хотод оршин суудаг Н.Баярхүү онцоллоо. Тэрбээр “Манайх Аляска муж улсын хамгийн том хот. Мужийн бусад хоттой харьцуулахад байгальдаа илүү ойр, иргэд нь харьцангуй эрүүл хэвшилтэй. Тийм болоод ч тэр үү, түргэн хоолны газар маш цөөн. Эрэлт нэг их байхгүй учраас тэр байх” хэмээн ярьсан.
Манай хойд хөрш дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээ KFC, “МcDonalds”-аас татгалзаж, улсаасаа шат дараатай хөөн гаргахаа албан ёсоор зарласан. Генетикийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы эсрэг багц хууль батлах болсонтой эл шийдвэрээ холбон тайлбарласан ч түргэн хоолны хэрэглээг бууруулах далд зорилготой гэж учир мэдэх хүмүүс тайлбарлаж байв. Мөн манай оронд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт болох үеэр 17 орны хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төлөөлөгч таргалалт, түүний үндэс суурь болсон түргэн хоолны газруудтай холбоотой асуудлыг онцлон хэлэлцсэн. “Монголд KFC, “Pizza hut”, “Burger king” зэрэг түргэн хоолны сүлжээ газар олноор бий болж, сурталчилгаагаа эрчимтэй цацаж буй нь өсвөр насныхан болон залуусын хоолны дуршилд ихээхэн сөргөөр нөлөөлж байна” гэж манай улсын төлөөлөгчид энэ үеэр онцолсон байдаг. Дэлхийн томоохон гүрнүүд ийм сүлжээ газруудыг улсаасаа шахан гаргаж эхэлсэн нь ч, Ази, Европын дээд хэмжээний уулзалтад оролцогчид энэ талаар онцлон хөндөх болсон нь ч түргэн хоолны газрууд хэр “чанартай” бүтээгдэхүүн нийлүүлдгийг илтгэнэ. Гэтэл манай улсын ирээдүй болсон хүүхэд, залуус энэ төрлийн бүтээгдэхүүнд шимтэж байгаа нь дэндүү аюултай.
Төрсөн өдөр, тэмдэглэлт баяр болмогц гэр бүл, найз нөхдөөрөө түргэн хоолны газарт орох нь моод болсон гэхэд хилсдэхгүй. Үүнийгээ тансаглал гэж эндүүрэх мугуйд аяг газар авав. Зарим айл үндэсний баяр ёслолоор хүртэл ийм бүтээгдэхүүнээр ширээгээ чимэх болсон. Зурагтаар ч энэ төрлийн бүтээгдэхүүний сурталчилгаа цаг тутам гарч, сүлжээ газруудынх нь захиалгын утас автоматаар цээжлэгдэхэд хүрлээ.
Жилээс жилд салбараа өргөжүүлсээр буй Улаанбаатарыг бүхэлд нь хэрсэн, Монголд томоохон групп франчайзинг эрхийг нь эзэмшдэг нэгэн хоолны газарт саяхан орлоо. Тус газар 22.00 цагийн үед бага насны хүүхдээ дагуулсан эцэг, эх, хэд хэдээрээ бөөгнөрөн суусан сурагчдаар дүүрсэн байлаа. Тэвчээр нь алдуурсан томчууд “Танайх авто захиалгагүй юм уу. Гаднаас нь авчихвал амар байна” хэмээн бухимдан албатай юм шиг дугаарлаж байгаа харагдав. 22.00 цагт зоогийн газарт, тэр дундаа түргэн хоолны газарт бага насны хүүхдээ бүлтийтэл хүлээлгэж зогсох нь яаж ч бодсон хэвийн үзэгдэл биш. Гэвч Улаанбаатар дахь аль ч түргэн хоолны газраас ийм дүр зураг олж харах нь эмгэнэлтэй.
Бага насны хүүхдүүдийн дунд ходоодны хорт хавдрын тохиолдол ихэслээ гэсэн мэдээлэл саяхан олон нийтийн сүлжээнд түгэв. Хүний их эмчээр 40 гаруй жил ажилласан С.Энхтайван “Хүүхдийн хортой өвчин сүүлийн 30 жилд эрс нэмэгдлээ. Ходоод гэдэсний цус алдалт, шархлаа, цусны өвчин, хордлогот тууралт, элэгний хатуурал, бөөрний дутагдал, тархины саажилт зэрэг онцгой хүнд өвчний тохиолдол ихэссэн. Энэ нь хүүхдийн буруу хооллолт, хэтэрхий тансаг хэрэглээ, хяналтгүй хооллолттой шууд хамаатай” хэмээн үзэл бодлоо илэрхийлжээ. Иргэд энэ мэдээллийг ихэд жийрхэн, цочирдон хүлээж авч буй нь анзаарагдав. Гэвч нидэр дээрээ тэднийгээ ийм байдалд хүргэсэн, хүргэх нөхцөл, боломж бүрдүүлж, найр тавьсан нь эцэг, эхчүүд өөрсдөө юм. Тиймээс яг одооноос гэр бүлийнхнийхээ, тэр дундаа бяцхан үрсийнхээ ходоод руу “орж” буй бүхэнд хатуу шалгуур тавьж хэвшье.
Ш.МӨНХЦЭЦЭГ: ХУВИАРАА ТҮРГЭН ХООЛНЫ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ОЛОН
(БНХАУ-ын Нанжин хотын Зүүн өмнөдийн их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн удирдлагын ангийн оюутан)
-Монголтой харьцуулбал Хятад улс хоолны түүх, нэр, төрөл баялаг. Би Өвөрмонгол, Нанжинд найм орчим жил амьдарсан. Гудамжных гэж нэрлэдэг янз бүрийн түргэн хоолны явуулын болон суурин цэг энд тэндгүй байдаг. Түргэн хоолны газрууд нь өглөө илүү ачаалалтай. Эрт амраад, өглөө эрт босдог хууль энд үйлчилдэг. Тиймээс монголчуудыг бодвол харьцангуй эрт хооллодог, эрүүл зуршилтай. Мөн ямар хоол тустай, аль нь эрүүл мэндэд хортойг маш сайн мэддэг. Энэ талын мэдлэг өндөр.
Хятадын Засгийн газар хүнсний аюулгүй байдалд сүүлийн үед нэлээд анхаарч эхэлсэн ч түргэн хоолны газруудыг хатуу хянаж дийлдэггүй. Сүлжээ газруудаас гадна хувиараа энэ төрлийн бизнес эрхлэгч маш олон. Ийм бизнесээр жуулчдыг татдаг учраас нэг их хориглож, цагддаггүй болов уу гэж харддаг юм. Би түргэн хоол бараг иддэггүй. Хааяа л будааны шөл уудаг.
Ц.ЦЭВЭЭНДУЛАМ: ЭНДХИЙН ИХЭНХ ГАЗАР 24 ЦАГ АЖИЛЛАДАГ
(Улсаны их сургуулийн оюутан)
Би БНСУ-ын Улсан хотод амьдардаг. Солонгосчууд эрүүл мэнд, гоо сайхандаа маш их анхаардаг. Түргэн хоол ямар нөлөөтэйг сайн мэднэ. Гэвч үйлчлүүлсээр л байдаг. Яг л манайхтай ижил.
Ийм үйлчилгээний газар хэд алхаад л тааралдана. Нэг сонирхолтой судалгаа гарсан байсан. Эндхийн эзэгтэй нарын олонх буюу 60-70 орчим хувь нь ажил эрхэлдэггүй, гэртээ суудаг. Тэгсэн атлаа гэр бүлээрээ гадуур хооллохыг, эсвэл түргэн хоол захиалах нь түгээмэл. Ийм үйчилгээний газруудын ихэнх нь 24 цагаар ажилладаг. Гэхдээ иргэд шөнө, оройн цагаар тэгтлээ дугаарлаж, дараалал үүсгэдэггүй. Түргэн хоолны газар байх нь тийм ч буруу зүйл биш. Гол нь иргэд эрүүл мэндийн боловсролтой, мэдээлэлтэй байх нь чухал.
Бэлтгэсэн: Ж.Сувд